Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2014 оны 4 сарын 30

Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж, Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хорооны үдээс өмнөх хуралдаанаар тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэйгээр байгуулсан ажлын хэсгийн зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулсан юм. Харин үдээс хойших хуралдаанаар тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, С.Бямбацогт, А.Тлейхан, Л.Энх-Амгалан, Ц.Оюунбаатар, С.Дэмбэрэл нарын гаргасан хажуугийн саналуудаар санал хураалт явуулав. Үүгээр “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

 Байнгын хороо дараа нь нь “Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байв. Харин Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ энэ долоо хоногийн Даваа гарагт тус бүлгийн хурлаар эл тогтоолын төсөлтэй холбогдуулан Зам, тээврийн сайд А.Гансүхээс мэдээлэл авах хүсэлт тавьсан ч сайдын ажлын байдлаас болоод мэдээлэл авч чадаагүй учраас бүлгийн гишүүд тогтоолын төслийн талаар тодорхой мэдээлэлтэй болох шаардлагатай байгаа тул асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах санал гаргасан юм. Ингээд гишүүний гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй тул энэ асуудлаар “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авч буйг тэрээр мэдэгдлээ.

  Мөн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн үйл ажиллагааг хянан шалгах ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг байнгын хорооны дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2317
0 эможи
keyboard_arrow_up