Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Өргөдлийн байнгын хороо дөрвөн асуудлыг шийдвэрлэв

2014 оны 5 сарын 01

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өчигдөр үдээс өмнө хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцлээ.

 Хуралдааны эхэнд тус байнгын хорооны дарга Р.Бурмаа хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж,  дараа нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын дүн, хүн амын бүтцийн насжилтийн нөлөөлөл, санхүүгийн ачааллын тооцоо, ирээдүйн төсөөллийн талаар мэдээлэл хийв.

 Монгол Улсад нэмэлт, хувийн тэтгэврийн тогтолцоог хэрэгжүүлэх хэрэгцээ, сонирхол өндөр байгаа ч нөгөө талаас энэхүү тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх чадавхи дутмаг байна. Иймд хувийн тэтгэврийн тогтолцоог хэрхэн хамгийн боломжит байдлаар хэрэгжүүлэх талаар хэлэлцэх шаардлагатай байна. Гэвч энэ асуудлыг хэрэгжүүлэхэд урт хугацаа шаардлагатай бөгөөд бодлогын зорилтыг тодорхойлох, хууль эрх зүйн орчин, хяналт, зохицуулалтын байгууллагын чадавхийг бий болгох, бэхжүүлэх, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх арга хэмжээг цогцоор хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг тэрээр хэллээ.  

  Дараа нь тус байнгын хороонд 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр нэр бүхий иргэнээс ирүүлсэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Мэргэшсэн нягтлан бодогчид сар тутам мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгоно. Мэргэжлийн зэргийн нэмэгдлийг Засгийн газар тогтооно.” гэж заасан нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүнийг эрхэлсэн ажил, албан тушаал, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болох тухай хуулийн заалтуудыг зөрчсөн байна гэх өргөдлийг хэлэлцэв.

Иргэний өргөдлийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Н.Батцэрэг нар Өргөдлийн байнгын хорооны 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 03 тоот тогтоолоор баталсан журамд заасны дагуу судлан санал, дүгнэлт боловсруулснаа гишүүдэд танилцууллаа.

 Байнгын хорооны гишүүд санал дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Санхүү эдийн засгийн сайдын 2002 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 258 тоот тушаалаар баталсан “Нэмэгдэл олгох тухай” журмын 2.1 дэх хэсэгт “Мэргэшсэн нягтлан бодогчийн мэргэшлийн зэргийн нэмэгдлийг доорх төрийн болон аж ахуйн байгууллагад ажиллаж буй мэргэшсэн нягтлан бодогч нарт олгоно...” гэж заасан нь ажил олгогчийн зүгээс тавигдах бодит шаардлагыг харгалзахгүй байна. Иймд дээрх журамд заасан нэмэгдлийг олгохдоо тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг харгалзах, мэргэжлээрээ ажиллаж буй гэдэгт ямар ажлын байрууд хамаарахыг тодорхой болгох чиглэлээр өөрчлөлт оруулахыг Засгийн газарт чиглэл болгох нь зүйтэй гэж үзлээ.

 Хуралдааны төгсгөлд “Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсны зэрэгцээ иргэдээс энэ  оны 4 дүгээр сард УИХ-д ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг сонслоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2357
0 эможи
keyboard_arrow_up