Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл”-ийн талаар мэдээлэл хийлээ

2014 оны 5 сарын 09

УИХ-ын өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай  УИХ-ын тогтоолын төсөл”-ийг 70,2 хувийн саналаар баталсан. Энэхүү тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооны дарга Х.Гарамгайбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нар өнөөдөр сэтгүүлчдэд  мэдээлэл хийлээ.

Уг тогтоол нь дөрвөн үндсэн чиглэлээр арга хэмжээ авахаар батлагдсан бөгөөд үүнд нь гадаад вальютын урсгалыг сайжруулах, бизнес хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөгжлийн бодлого, зээл санхүүжилтын, төрийн өмчийн удирдлагын тогтолцоог шинэчлэх багтаж буй аж. Энэ дөрвөн чиглэлээр 26 арга хэмжээ авахаас 18 нь ойрын хугацаанд, өнөөгийн санхүүгийн хүндрэлээс гарахад зориулагдсан, 18 нь тогтолцоог шинэчлэх зорилготой юм байна.

УИХ-ын гишүүн Д.Зоригт энэ талаар “нэгдүгээрт төсвийн тодотголоо хийнэ. Урсгал зардлыг 20 хувиар бууруулахаар төлөвлөсөн төсөл өргөн баригдсан. Мөн энэ хүрээнд валютын төгрөгтэй харьцах ханшийг 1388 төгрөг байхаар тооцсоныг өөрчлөнө. Хайгуулын үйл ажиллагааг хоёр гурван жил хийлгээгүй. Одоо хайгуулын үйл ажиллагааг сэргээнэ. Одоогоор 300 гаруй лицензийг сэргээснээр 100 гаруй аж ахуй нэгжийн үйл ажиллагаа сэргэж, үүний хүрээнд жилд 300-400 сая ам.долларын валютын урсгал нэмэгдэнэ. Тавантолгойгоос 3-5 жилийн дотор 3,5 тэрбум долларын хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлнэ. Царигийн асуудлыг ойрын хугацаанд эцэслэн шийднэ. Төмөр замаа дагаж нүүрсний тээвэрлэлтээс их хэмжээний мөнгө хэмнэх боломжтой. Аялал жуулчлалаас жилд 300 сая ам.долларыг олдог байсныг тодорхой бодлого хэрэгжсэнээр 1 тэрбумд хүргэнэ. Татварын бодлогыг шинэчлэх хүрээнд хуулийн төслийг удахгүй өргөн барина. Нэг шатлалтай болгож 10 хувь болгох, ЖДҮ-лэгчдэд төлсөн татварын 90 хувийг буцааж олгох. НӨАТ-ын босгыг 10 саяаас 50 сая болгох зэрэг бодлогыг оруулж ирэхээр Засгийн газар, Сангийн яам ажиллаж байна. Хүнд суртал, дарамтыг арилгах бодлогийн хүрээнд 900 гаруй зөвшөөрлийн тоог 400 болгох төслийг ч Засгийн газрын хэрэг эрхлэх газар оруулж ирэхэд бэлэн болсон. Давхардсан хяналт шалгалт бизнесийнхэнд дарамт болж буйг, хэрэгцээгүй зөвшөөрлийг үгүй болгоход энэ төсөл үр дүнгээ үзүүлнэ. Тайланг улиралд биш жилд нэг удаа л гаргадаг болгох, Эдийн засгийн өршөөлийн хуулийг батлавал далд эдийн засгийг ил болгох чухал нөлөөтэй” гэж тодотгов.

ЭЗБХ-ны дарга Б.Гарамгайбаатар мөн  эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх боломжийн талаар танилцуулж “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Өрийн удирдлагын тухай хуулийг боловсруулж, Төсвийн тогтвортой байдлын тухай болон Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Засгийн газрын Олон Улсын банк, санхүүгийн байгууллага, хандивлагч орнуудаас авах хөнгөлөлттэй зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, түүнчлэн гадаад зах зээлээс бага хүүтэй, урт хугацаатай санхүүжилт болгох боломж бүрдэнэ. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой зарим аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн зах зээлээр дамжуулан хувьчлах, эрчим хүчний үнийг чөлөөлж, энэ салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулна” гэв. Мөн тэрээр хөрөнгө оруулалтын 80 гаруй хувийг дангаараа эзэлдэг Ашигт малтмалын тухайн хууль батлагдвал хайгуулын үйл ажиллагаа сэргэж, жилд олдог 300-400 сая төгрөгийн орлого  1 тэрбум төгрөгт хүрнэ гэлээ. Түүнчлэн хүчингүй, маргаантай 300 гаруй лицензийн асуудлыг хөндсөн юм. Ингэснээр орлогын гол  эх үүсвэр болсон нүүрсний экспорт 30 сая тоннд хүргэх боломж бүрдэнэ гэж тооцоолж байгаа ажээ. Төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулснаар 1 их наяд төгрөг хэмнэгдэнэ гэдгийг  Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал онцолсон. Түүнчлэн эдийн засгийг идэвхжүүлэх богино, дунд, урт хугацааны бодлого боловсруулж энэ ажлын үр дүнд валютын урсгал сайжирна  гэж тооцоолж байгааг дуулгав.  Мөн өрийн удирдлагын тухай хуультай болох ,олон салаа төсвийг халж зөвхөн нэг л төсөвтэй байх нь зүйтэй. Үүнээс гадна жижиг аж ахуй нэгжүүдийг татварын хөнгөлөлтөөр дэмжиж ажиллана. Ингэхдээ аж ахуйн  нэгжүүдийн төлсөн татварын 90 хувийг буцаан олголт хийнэ гэсэн юм.

Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад холбогдох байгууллагууд, хувийн хэвшил хамтран ажиллах бөгөөд валютын ханшийн хэт өсөлтөөс сэргийлэх хүрээнд төсөв мөнгөний бодлогыг уялдуулж, төсвийн зардлыг хэмнэлттэй, үр ашигтай болгох гэнэ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2777
0 эможи
keyboard_arrow_up