Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

НББСШУБХ гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв

2014 оны 5 сарын 13

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Эмнэлгийн барилгын өнөөгийн байдалтай танилцах, үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах Ажлын хэсгийн танилцуулга, Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь танилцуулсан. Ажлын хэсэг тодорхой удирдамжийн дагуу Улсын 2,3 дугаар төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн төв, Халдварт өвчин судлалын төв, Хавдар судлалын үндэсний төв, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, эрүүл мэндийн байгууллагуудын эзэмшил газар, барилгатай холбоотой тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар эмнэлгийн удирдлагуудтай уулзаж, санал солилцсон байна.

Мөн Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлэг, Улсын клиникийн төв эмнэлгийн өргөтгөл, Геронтологийн үндэсний төвийн 60 ортой ахмадын эмнэлгийн барилга, Баянзүрх дүүргийн 3-р амаржих газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгын өргөтгөл зэрэг нийт 5 барилга байгууламжийн ажлын явц, үр дүнгийн талаар Үндэсний Аудитын газарт хүсэлт тавьж, дүгнэлт гаргуулжээ.

Нийслэлийн хүн амын тоо төрөлт, өвчлөл, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо сүүлийн жиүүүдэд тогтмол өсөж байгаа хэдий ч эмнэлгийн барилга, хүчин чадал, орны тоо дорвитой нэмэгдээгүй байна гэж Ажлын хэсэг үзээд ийм нийслэлд шинээр баригдаж буй зарим эмнэлгийн барилгын явц, хөрөнгө оруулалтын хэрэгжилт, эмнэлгүүдийн эзэмшил газартай холбоотой зөрчил, ашиглалтын байдал, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулсан байна. Түүнчлэн шалгалтын явцад эмнэлгүүдийн эзэмшил газар кадастрын зураглалд тусгагдсанаас илт багасаж, ихэнхийг нь хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжид алдсан тухай эмнэлгийн удирдлагууд танилцуулсан гэлээ. Иймээс эзэмшил газрыг хууль бусаар хувь хүн болон аж ахуйн нэгжид олгосон холбогдох албан тушаалтантай хариуцлага тооцох, газрын зөвшөөрлийг цуцлах, газар чөлөөлөх арга хэмжээ авахыг Засгийн газарт үүрэг болгох санал, дүгнэлтийг Ажлын хэсгээс гаргажээ.

Үүний дараа “Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дэмжигдсэн саналуудыг нэгтэн томьёолж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Мөн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэв. Танилцуулгыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр танилцууллаа.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 6 бодлого, 26 зорилт, 166 арга хэмжээний биелэлт 67.1 хувьтай байна. Үндсэн чиглэлийн 166 арга хэмжээний 121 нь улсын төсвийн санхүүжилтээр хэрэгжихээр тусгагдсан ч тэдгээрийн 25 буюу 20.6 хувьд улсын төсвөөс хөрөнгө батлагдаагүй, тав буюу 4.1 хув ийнх нь санхүүжилт төсвийн тодотголоор хасагдсан байна. Улсын төсвийн санхүүжилтээр хийгдэх нийт арга хэмжээний 24.7 хувь буюу 30 арга хэмжээ санхүүжилтгүйгээс шалтгаалан хэрэгжээгүй байна. ДНБ-ний бодит өсөлт 2013 оны урьдчилсан гүйцэтгэлээр 11.7 хувь гарсан нь төлөвлөж байсан хэмжээнээс 7.3 нэгжээр бага байгаа хэдий ч өсөлт 2 оронтой тоонд хадгалагдсан хэвээр байна. Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 2013 онд 3972 ам.долларт хүрч зорилтот түвшингээс доогуур гарахад ам.долларын хөншийн огцом өсөлт голлон нөлөөлсөн.

Хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдсэн инфляцийн түвшин 2013 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 12.5 хувь, Улаанбаатар хотын түвшинд 12.3 хувьтай гарлаа. 2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон төсөл, хөтөлбөрийн шугамаар хийгдсэн ажлын хүрээнд 12138 ажлын байр шинээр бий болсон бөгөөд үүний 11581 нь байнгын, 557 нь түр ажлын байр байсан. Шинэчлэн батлагдсан нэгдсэн эмнэлгийн стандартад гэмтлийн тасаг, нэгжийг ажиллуулахаар заасны дагуу 8 аймгийн нэгдсэн эмнэлэгт гэмтлийн тасгийг байгуулан ажиллуулж байна. Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд 2013 оны жилийн эцсийн байдлаар нийслэлийн 9 дүүргийн 526 иргэнд 857.0 сая, 21 аймгийн 1095 иргэнд 1.8 тэрбум төгрөгийг олгож, 2073 ажлын байр бий болгосон талаар танилцуулгад дурдагдлаа.

Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, жил бүр өмнөх оны Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг Байнгын хороо, чуулганаар хэлэлцдэг ч энэ нь ёс төдий явж байгаа. Иймд цаашид Үндсэн чиглэл байна гэж үзвэл шалгуур үзүүлэлтийг тодорхой болгох ёстой. Зарим тоон үзүүлэлт бодит байна. Харин хэмжиж болохгүй үзүүлэлтүүд учир дутагдалтай, ерөнхий дүгнэж байгааг цаашид анхаарах шаардлагатай гэлээ. Мөн О.Содбилэг гишүүн 2013 оны Үндсэн чиглэлийн биелэлт хангалтгүй, Улсын Их Хурлаас тогтоосон ажлыг Засгийн газар муу хийсэн байна гэсэн шүүмжлэлийг хэлэв.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс гарсан саналыг Байнгын хорооны Ажлын алба нэгтгэж Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2924
0 эможи
keyboard_arrow_up