Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хууль зүйн сайдын багцын нийт зарлага 2.492.1 сая төгрөгөөр буурчээ

2014 оны 5 сарын 14

Хууль зүйн байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн тодотголд Хууль зүйн сайдын багцын нийт зарлага 2.492.1 сая төгрөгөөр буурч, 347.628.9 сая төгрөгөөр тусчээ. Улсын төсвийн бараа, үйлчилгээний зарим зардлыг бууруулах үүднээс сайдын төсвийн багцын нийт урсгал зардлыг 10.156.0 сая төгрөгөөр буюу 2.8 хувиар бууруулж тусгасан байна. Сайдын багцын хөрөнгө оруулалтад ЦЕГ-ын хөрөнгө оруулалт 640 сая төгрөгөөр, ШШГЕГ-ын хөрөнгө оруулалт 3.500.0 сая төгрөгөөр, Хууль сахиулахын их сургуулийн хөрөнгө оруулалт 3.523.9 сая төгрөгөөр тус тус нэмэгдэж тусгагджээ.

Төсвийн тодотголыг хэлэлцэж буйтай холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Д.Багцогт, Ховд аймгийн Булган суманд цагдаагийн хэсэг байгуулагдсантай холбогдуулан Дорнод, Архангай зэрэг аймгуудаас шинэ боловсон хүчин томилогдсон. Гэтэл эдгээр хүмүүст ажиллах, амьдрах байр байгаагүй. Гаалийн харьяанд байсан байрыг шилжүүлэн авсан ч урсгал засвар хийх шаардлагатай байгаа. Үүнд шаардагдах 320 сая төгрөгийг төсөлд нэмж тусгаж өгөөч гэсэн санал гаргасан бол УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Улсын дээд шүүхийн төсвийг 919 сая, Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсвийг 2.2 тэрбум төгрөгөөр тус тус бууруулжээ. Энэ нь Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг зөрчиж байна гээд дээрх зардлыг бууруулахгүй байх санал гаргалаа.

Хууль зүйн салбарын төсөвт хүнд нөхцөл байдал үүсээд байна хэмээн салбарын сайд ч мөн учирлаж байлаа. Хууль сахиулахын их сургуулийн 3000 оюутны сургалтын байр бариулах ажил хэдийнэ эхлээд амжилттай явж байгаа хэдий ч уг барилгыг барихад шаардагдах 25.9 тэрбум төгрөгөөс 3.5 тэрбумын хөрөнгө оруулалтыг тодотголд тусгасан нь барилгын ажилд хаана ч хүрэлцэхгүй болоод байна хэмээн сайд Х.Тэмүүжин хэлж байлаа.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нар, Энэ удаагийн тодотголын хүрээнд 139 тэрбум төгрөгийг Сангийн сайдын багцаас гарган салбарын төсөл арга хэмжээ нь аудитын дүгнэлтээр зөвшөөрөгдсөн сайдын багц уруу шилжүүлж байгаа болохоор аль нэг арга хэмжээг санхүүжүүлэхээр болбол төсөлд тусгагдсан өөр нэг обьектыг хасахаас өөр аргагүй болно хэмээн тайлбарлаж байлаа.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Д.Лүндээжанцан нар энэ төслийг Засгийн газарт буцаагаад дараагийн тодотголыг хийх үеэр асуудлуудыг иж бүрнээр нь хэлэлцье гэсэн саналтай гаргасан ч олонхын дэмжлэг аваагүй. Сангийн сайд Ч.Улаан, хэрэв энэ төслийг Засгийн газарт буцаавал 139 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт зогсоно гэсэн тайлбарыг өгсөн юм.

Харин УИХ-ын гишүүн Д.Батцогтын гаргасан Ховд аймгийн Булган сумын цагдаагийн хэлтсийн байрны засварт зориулах 320 сая төгрөгийг төсөлд тусгах санал олонхын дэмжлэг авч, Улсын дээд шүүхийн төсвийг 919 сая, Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсвийг 2.2 тэрбум төгрөгөөр тус тус бууруулсныг хуучин хэвээр үлдээх гэсэн Р.Бурмаа гишүүний санал дэмжлэг авсангүй. Гишүүд ийнхүү хэлэлцээд Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Үүний дараа Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан санал авах, чиглэл өгөх, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилуулж, тайлбар гаргуулах тухай асуудлыг хэлэлцсэн юм. “Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг, заалтаас харахад ХДХВ, ДОХ-өөр өвчилсөн хүний мэдээллийг хувь хүний нууцын төрлөөс хассан байна. Ингэснээр Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна” хэмээн Баянгол дүүргийн иргэн Б.Мэргэн Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл ирүүлсэн аж. Энэ мэдээллийг Үндсэн хуулийн цэц шалгаад, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэхээр болсон юм байна. Байнгын хорооны гишүүд энэ асуудлыг хэлэлцээд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг томилох нь зүйтэй гэж үзлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2930
0 эможи
keyboard_arrow_up