Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо ажлаа тайлагнав

2014 оны 2 сарын 12

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос 2013 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар тус байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар өнөөдөр  өмнө хэвлэлийн бага хийлгэж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат оролцсон юм.

Улсын Их Хурлын 2013 оны намрын чуулганы хугацаанд тус байнгын хороо 17 удаа хуралдаж, давхардсан тоогоор 32 асуудал хэлэлцлээ. Энэ хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд шинээр нэг хууль батлагдаж, нийт 20 хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Тухайлахад, намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хороо Хилийн боомтын тухай хууль, уг хуулийг дагалдаж өргөн баригдсан хуулийн төслүүдийг Хууль зүйн байнгын хороотой хамтран хэлэлцэж нэгдсэн чуулганаар батлуулсан нь хилийн боомтын үйл ажиллагааг орчин үеийн нөхцөл шаардлагад нийцүүлэн олон улсын жишигт хүргэж хөгжүүлэх эрх зүйн боломжийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар онцлон дурдав. Тус байнгын хороо намрын чуулганы хугацаанд Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулиудад өөрчлөлт оруулж, Монгол Улсын Засгийн газар, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан Улаанбаатар хотын Дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлуулжээ. Түүнчлэн Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн 8 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, хариуг хүргүүлжээ. Тухайлахад, Тамхины хяналтын суурь конвенцийн “Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай Протокол”, Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцийн эх бичвэрт гарын үсэг зурах тухай, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төсөл: Нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн гэрээ, “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай болон Ялтан шилжүүлэх тухай хэлэлцээрийн төслүүд, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Инженер, технологийн дээд боловсрол олгох төслийн зээлийн хэлэлцээрийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Намрын чуулганы хугацаанд тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд гадаадын 9 улстай дипломат харилцаа тогтоох, БНСУ, БНТУ-аас Монгол Улсад тус тус суугаа Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай, Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Нууц Протоколыг ил болгох тухай зэрэг асуудлаар Улсын Их Хурлын 15 тогтоол батлагджээ.

Байнгын хороо энэ хугацаанд Хилийн боомтын тухай хуулийн төсөл болон Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төсөл дээр ажиллах, Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуулийн төслийн хэрэгжилт, Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний жанжин штабт зарим хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгүүд байгуулж ажилласан байна.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, М.Батчимэг нар “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлэг, Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг Женев дэх Зэвсэгт хүчний ардчилсан хяналтын төвтэй хамтран “Аюулгүй байдлын салбарын хяналт ба аюулгүй байдлын салбарын засаглал:Парламентын байнгын хороодын үүрэг, хариуцлага” сургалтыг тус тус зохион байгуулжээ.

 

Намрын чуулганы хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын чиглэлээр холбогдох лавлагаа, мэдээлэл боловсруулж, 62 өргөдөл гомдол, 208 албан бичиг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэснийг байнгын хорооны дарга мэдээлэлдээ дурдав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
332
0 эможи
keyboard_arrow_up