Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Швейцарийн Хөгжлийн агентлагийн Зүүн Ази хариуцсан газрын даргыг хүлээн авч уулзлаа

2014 оны 5 сарын 23

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей  Швейцарийн Хөгжлийн агентлагийн Зүүн Ази хариуцсан газрын дарга Денис Лүтиг өнөөдөр /2014.05.22/   хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтанд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Швейцарийн Хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын  дэд захирал Дийпак Элмер болон албаны бусад хүмүүс оролцов.

Швейцарын Хөгжлийн агентлагийн Зүүн Ази хариуцсан газрын дарга Денис Лүти манай улсад 14 хоногийн хугацаатай ажиллаж хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн  хэрэгжилттэй танилцах юм.

Уулзалтын эхэнд хатагтай Денис Лүти хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ үед  Хөгжлийн хамтын ажиллагаа эхлүүлсний 10 жилийн ой мөн  давхцаж байгааг онцолж найрамдалт харилцаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Мөн тэрээр Швейцарын Хөгжлийн агентлаг болон НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар  тодруулж, санал солилцлоо.

Швейцарь улс ардчилсан засаглалыг хөгжүүлсэн загвар орон гэж нэрлэгддэг хэдий ч энэ зарчмаа дээдлэн хадгалах, улам бэхжүүлэхийн төлөө цаг ямагт хичээж ажилладаг хэмээн хатагтай Денис Лүти онцлон тэмдэглэж, хамтын ажиллагаагаа цаашид ямар чиглэлээр үргэлжлүүлэх саналтай байгаа талаар  тодрууллаа.

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, “Нутгийн удирдах байгууллагын чадавхийг хөгжүүлэх”,“Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” зэрэг төслүүд  амжилттай хэрэгжиж буйг онцлоод, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд олон талт арга хэмжээ зохион явуулж байгааг дуулгав. Мөн  цаашид ардчилсан засаглалаа бэхжүүлэхэд Швейцарийн Хөгжлийн агентлаг чухал нөлөөлөл үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Швейцарын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар танилцуулж  ирэх долоо хоногт болох Нийслэл болоод аймаг орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон уулзалтанд хүрэлцэн ирэхийг урилаа.Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар уулзалтын төгсгөлд ардчилсан засаглалын загвар улс болсон Швейцарын туршлагаас судлах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм. 20 гаруй жилийн түүхэнд ардчиллыг хөгжүүлэхэд анхаарсан Монгол Улс Зүүн Азийн  улс орнуудад үлгэр жишээ загвар улс болохыг зорьж байна хэмээсэн юм.

Хариуд нь Төв болон Зүүн Азийн улс орнуудын хувьд Монгол Улс ардчиллыг бэхжүүлсэн загвар улс  болоход холгүй ирээдүй байгааг хатагтай Денис Лүти цохон тэмдэглэж энэ тал дээр Швейцарын Хөгжлийн агентлагийн үүрэг, дэмжлэг туслалцаа, чухал нөлөө үзүүлнэ гэдгийг илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3372
0 эможи
keyboard_arrow_up