Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Нэн ховор төрлийн өндөр үнэтэй эмэнд нарийн зохицуулалт дутагдаж байна

2014 оны 5 сарын 27

Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос томилогдсон Төрөөс эмийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд өнөөдөр Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмийн сан, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн эм зүйн алба болон зарим хувийн эмийн сангуудын үйл ажиллагаатай танилцав.

 

Ажлын хэсгийн гишүүд эхлээд Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмийн сангийн үйл ажиллагаатай танилцсан юм. УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Сарангэрэл уулзалтын эхэнд Төрөөс эмийн талаар баримтлах бодлого 10 гаруй жилийн турш шинэчлэгдээгүйг хэлээд, эмийн хангамжийг сайжруулах, чанар аюулгүй байдал, үнийн хөөрөгдөл  зэрэг зохицуулах чухал асуудалд эм зүйчдийн үүрэг оролцоо ихээхэн чухал гэдгийг онцлов. Мөн УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Ё.Отгонбаяр хэлэхдээ эмийн үнийг өрсөлдөөний аргаар зохицуулах боломжтойг онцлоод эм импортлогчдын тоог цөөрүүлснээр өрсөлдөөн бий болж, үүнийг дагаад эмийн үнэ буурна гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Тус төвийн эм зүйч Р.Содномжаргал Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмийн сан олон жил ашиглагдсан, хэт хуучирсан тоног төхөөрөмж ашиглаж байгаа нь эм найруулгын чанарт нөлөөлж байгааг энэ үеэр УИХ-ын гишүүдэд дуулгаж байлаа.

Дараа нь ажлын хэсгийн гишүүд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн эм зүйн албаны үйл ажиллагаатай танилцав. Энэхүү алба  нь 14 эм зүйч,  430 ортойгоор үйл ажиллагаа явуулдаг байна. Мөн цус харвалт, зүрхний шигдээстэй өвчтөнд үйлчлэх хоёр тасаг шинээр нэмж ашиглалтанд оруулжээ. П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн эм зүйн  албанд жилд төсөвлөгддөгдөг мөнгөний 10 гаруй хувийг дээрхи хоёр тусгай тасгийн эмийн эмчилгээнд зарцуулдаг гэдгийг эм зүйн албаны дарга Ж.Батцэцэг гишүүдэд танилцуулсан.  

Үүний дараа ажлын хэсгийн гишүүд Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд байрлах “Астра Фарм” болон 30-р хороонд байрлах “Торгон –Уул” эмийн сангийн үйлчилгээтэй танилцав. “Торгон –Уул” эмийн сан нь 360 гаруй нэр төрлийн эмийн худалдаа үйлчилгээг иргэдэд үзүүлдэг бөгөөд Нийгмийн даатгалын хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх эрхээ түргэн хугацаанд авах шаардлагатай байгааг эмийн сангийн менежер Д.Мөнхжаргал хэлж байсан.

Төрөөс эмийн талаар  баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд эмийн чанар, стандартад  Төрөөс хяналт тавих шаардлагатайг онцлоод, ялангуяа ховор, нэн ховор төрлийн өндөр үнэтэй эмэнд нарийн зохицуулалт дутагдаж байгаатай санал нэгдэв. Дээрх ажлын хэсгээс гарсан санал, дүгнэлтийг байнгын хорооны гишүүдэд танилцуулах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3525
0 эможи
keyboard_arrow_up