Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг дэмжлээ

2014 оны 6 сарын 03

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцууллаа.

Монгол Улс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2004 онд баталснаас хойш Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр, Улсын Дээд шүүхээс тус хуулийн зарим зүйл заалтыг нэг мөр ойлгож, хэрэглэх тухай тайлбар, ХЗДХЯ, ЭМЯ, НХХЯ-аас хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим заавар, журмуудыг батлан хэрэгжүүлж байна.

Мөн төрөөс хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалан байрлуулах, гэр бүлд утсаар зөвлөгөө өгөх үйлчилгээг гэрээгээр мэргэшсэн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан үйлчилгээ үзүүлж эхэлсэн зэрэг бодлого, үйл ажиллагааны хүрээнд нааштай алхмууд хийгджээ.

Гэвч хүчирхийлэл буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болжээ. Тухайлбал, зөвхөн сүүлийн 3 жил 8 сарын хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 1505 бүртгэгдсэн бөгөөд 49 хүн амь насаа алдаж, 1180 хүн гэмтсэн байна.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй болон захиргааны зөрчилд тооцогдон арга хэмжээ авагдсан хүчирхийллийн тоо үүнээс даруй 5 дахин их байгааг энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг ТББ-уудын судалгаа харуулж байгаа аж. Хууль хэрэгжиж эхэлснээс хойших 8 жил гаран хугацаанд хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах 41 шийдвэрийг шүүх гаргасан ч тэдгээр шийдвэрийн нэг нь ч хэрэгжээгүй байна.

Хэрэгжилтийн үр дүнгүй байдал нь хуулийн зохицуулалт оновчтой бус, ялангуяа байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгаж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах процедурыг орхигдуулсантай холбоотой аж.

2004 онд хуулийг батлахдаа дагалдах хуулиудад зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулаагүйгээс хууль хоорондын хийдэл, зөрчилдөөнт байдал үүссэнээс гадна хохирогчийн аюулгүй байдалтай холбоотой хамгаалалт огт зохицуулалтгүй үлдэхэд хүрчээ.

Засгийн газар, яам, агентлагаас гаргасан эрх зүйн актаар хуулийн дээрх хийдлийг нөхөх оролдлого хийж байгаа ч хамрах хүрээ, хууль зүйн хүчин чадлын хувьд салбар хоорондын зохицуулалтыг хангаж чадахгүй байгаа юм байна.

Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн шинэтгэх нь чухал байна хэмээн сайд танилцуулгадаа дурдсан.

Хуулийн төслийг шинэчлэн найруулахдаа үйлчлэх хүрээг өргөтгөж, хамгаалалтын гадна үлдэж байсан хохирогчдыг энэ хуулийн зохицуулалтад хамааруулах боломжийг бүрдүүлжээ. Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчаас хамааралтай эмзэг байдлыг харгалзан хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах зохицуулалтуудыг нэг бүлэг болгон шинээр оруулжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах байгууллагуудын үйл ажиллагаа салангид, зарим яамны чиг үүрэг орхигдсон байгааг өөрчилж, байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, салбар дундын зохицуулалт, тэргүүлэн гүйцэтгэгч хэн байхыг тодорхой болгох юм байна.

Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийг зөрчил хэмээн үзэж, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх асуудлыг хохирогчийн үүрэг болгож, эрсдэлд оруулахаас гадна хүчирхийлэл дахин давтагдахад хүргэж байгааг өөрчилж, гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцож, хариуцлага гарцаагүй байх нөхцөлийг бүрдүүлэхээр төсөлд тусгажээ.

Хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний зохицуулалтыг цогц байдлаар томьёолж, үйлчилгээг мэргэшсэн төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, тэдэнд үзүүлэх дэмжлэгийн хэлбэрүүдийг шинээр оруулахаар мөн тусгасан байна.

УИХ-ын гишүүд хүчирхийлэлд өртсөн гэр бүлд утсаар зөвлөгөө өгөх, нэг цэгийн үйлчилгээний төв хэчнээн байдгийг лавлан асууж байлаа. Түүнчлэн одоо хүчин төгөлдөр буй хууль хэрэгжиж эхэлснээс хойших 8 жил гаран хугацаанд хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах 41 шийдвэрийг шүүх гаргасан ч тэдгээр шийдвэрийн нэг нь ч хэрэгжээгүйн учир шалтгааныг тодруулсан. Хохирогчдыг түр хамгаалах байр хэчнээн байгаа, цаашид хэдийг байгуулах, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн үнэлгээг хэн хийх вэ, тэр чиглэлээр бэлтгэгдсэн ажилтан хангалттай байгаа эсэхийг асуусан.

Хууль зүйн сайд болон ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар Нийслэлийн цагдаагийн газрын дэргэд байрлах түр хамгаалах байр гуравдугаар сараас хойш 32 иргэнд үйлчилсэн байна. Шуурхай 1222 дугаартай утсыг ажиллуулан иргэдээс мэдээлэл авахаас гадна 102 утсаар ирсэн хүчирхийллийн шинжтэй гэмт хэргийн дуудлагын дагуу хохирогчдыг байршуулж, сэтгэлзүйн болон нийгмийн үйлчилгээ үзүүлсэн байна. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн дэргэдэх хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг төвөөс гадна Дорнод, Дундговь, Орхон аймагт мөн байгуулжээ. Эмнэлэгт суурилсан нэг цэгийн үйлчилгээ Гэмтлийн эмнэлгээс гадна, хоёр дүүргийн эмнэлэгт байгуулсан бөгөөд энэ цэгт хохирогчи 1-3 хоног байрлан эмнэлгийн үйлчилгээнээс гадна мөрдөн байцаагчтайгаа уулзан асуудлаа ярилцах боломжтой ажээ. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод үнэлгээ хийх ажлыг нийгмийн ажилтнууд гүйцэтгэх бөгөөд нийслэлийн хороо бүрд ажиллаж буй 200 гаруй нийгмийн ажилтныг гэр бүлийн хүчирхийллийн талаар цуврал сургалтад хамруулжээ. Тун удахгүй орон нутагт сургалт явуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Эрхэм гишүүд хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах гэсэн зохицуулалтын талаар нухацтай ярилцах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлж байлаа. Монголчууд хүүхдээ хүмүүжүүлэх уламжлалт арга ухаантай бөгөөд энэ нь АНУ, Европын уламжлал, соёлоос тэс өөр гэдгийг ч онцолж байсан. 14 настай охиноо 18 цагаас хойш гэрээсээ гарч болохгүй гэсний төлөө, 7 настай хүүхдээFacebook, Twitter ашиглахыг хориглосны төлөө хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн асуудалд орох вий гэсэн болгоомжлол гишүүдэд байсан.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, хүүхэддээ ийм шаардлага тавилаа гээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн асуудал болохгүй гээд, гэрт нь амьдарч буй оюутан охиныг хүчирхийлэх, хамаатныхаа хүүхдийг олон жил амбаарт хорьж тарчлаасан гэх мэт гэр бүлийн хүрээнд хүүхдийн эсрэг хүчирхийллийн хэрэг гарсаар байгаа учир ийм зохицуулалтыг оруулсан хэмээн тайлбарласан юм.

Гишүүдийн олонх энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд хэлэлцэхдээ дэлхий нийтийн сайн практикийг өөрийн соёл, уламжлалтайгаа хослуулбал илүү үр дүнтэй болно гэсэн саналтай байлаа.

Үүний дараа УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр нарын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдсэн. Хуралдаан оролцсон гишүүдийн олонх уг төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3953
0 эможи
keyboard_arrow_up