Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

2014 оны 6 сарын 05

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өчигдөр үдээс хойш болж, эхлээд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Эдгээр хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, өнгөрсөн сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулав.

 Монгол Улсын үндэсний болон дипломат ёслол, нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэх зэрэг ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нарыг ёслолын арга хэмжээнд оролцуулах, гадаадын зочид төлөөлөгчидтэй уулзуулах зэрэг ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг Төрийн ёслолын журмаар зохицуулдаг. Төрийн ёслолын ажиллагаа нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал болон нийт өргөн олныг хамарсан, Монголын ард түмний уламжлал, ёс заншил, үндэсний онцлогийг харуулсан бахархал, хүндэтгэлийн арга хэмжээ учраас төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч цаашид Төрийн ёслолын журмыг баталж байх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй урьдчилан зөвшилцсөн гэдгийг хэллээ.

 Хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд бусад хуультай уялдуулах зорилгоор Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хамтад нь боловсруулжээ.

Харин хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлсэн гишүүд нэгэнт тогтсон уламжлалаа хадгалаад явахад болохгүй зүйлгүй, эдийн засгийг эрчимжүүлэх тухай асуудал яригдаж буй чухал үед Засгийн газар ийм аар саар зүйл оруулж ирэх шаардлагагүй гэсэн байр суурьтай байсан тул Байнгын хорооны даргын саналаар төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулахаар болов.

Дараа нь Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх, төрийн албыг шуурхай, ил тод болгох чиглэлээр хийсэн ажлын талаар Засгийн газрын тохируулагч агентлаг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамбаагийн мэдээллийг сонсов.

Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх үүднээс тус газраас “Мэдээллийн ил тод байдлыг хангах нийтлэг журам”-ын төсөл боловсруулж Засгийн газрын 2013 оны 411 дүгээр тогтоолоор батлуулан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллаж байгаа. Журмыг нэг мөр хэрэгжүүлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлээр Удирдлагын академитай хамтран энэ оны гуравдугаар улиралд төрийн байгууллагуудын дунд сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

 Тус газар мэдээллийн технологийг төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд өргөн хүрээтэй ашиглаж төрийн үйлчилгээний ил тод, шуурхай байдлыг хангахад гол зорилтоо чиглүүлэн ажилласнаар бүх сумд интернэтийн өндөр хурдны сүлжээнд холбогдох боломж бүрдсэн, ухаалаг шуудангийн дэд бүтэц хэрэгжиж эхэлсэн, төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх үүднээс төрийн мэдээллийн өгөгдлийн 29 сангаас 22-ыг нь үндэсний Дата төвд нэгтгээд байгаа, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, түргэн шуурхай авах боломжтой ТҮЦ машиныг 21 аймаг болон нийслэлийн 28 цэгт суурилуулсан, одоо нийслэлд 68 машин нэмж суурилуулах гэж байгаа зэргийг Ц.Жадамбаа дарга мэдээлэлдээ дурдав. Мөн энэ оныг эрх зүйн шинэтгэлийн он болгох зорилт дэвшүүлж, энэ хүрээнд Цахим засаглалын тухай, Өгөгдөл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай зэрэг хуулийн төслүүдийг боловсруулж батлуулах нь тус салбарын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгоход нэн чухал байгааг хэллээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, С.Дэмбэрэл, Ж.Батзандан, Р.Бурмаа нар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газрын дарга болон тус газрын холбогдох ажилтнуудаас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа, С.Дэмбэрэл, Су.Батболд, А.Бакей нар саналаа хэлэв. Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх, төрийн албыг шуурхай, ил тод болгох чиглэлээр хийсэн ажлын талаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газрын даргын мэдээллийг сонссонтой холбогдуулан гишүүдээс гаргасан саналуудыг тусгаж Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр тус газарт тодорхой үүрэг өгөхөөр тогтов.

 Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын 2013 оны үйл ажиллагааны болон Улсын Их Хурлын 2013 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг сонслоо. Энэ талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар танилцуулав. Байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын Тамгын газрын нарийн бичгийн дарга нар, хэлтэс нэгжийн удирдлагууд, Байнгын хороодын ахлах зөвлөхүүд оролцлоо.

Улсын Их Хурлын Тамгын газар 2013 онд зохион байгуулалтынхаа бүтцэд дүн шинжилгээ хийж нэгжүүдийн үйл ажиллагааны чиг үүрэг, ажлын уялдаа холбоог сайжруулах, албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг боловсронгуй болгох гол зорилго тавин ажиллаж, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Тамгын газрын дүрэм болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлж ажиллалаа. Энэ зорилтын хүрээнд тайлангийн хугацаанд нийт 25 арга хэмжээ, 97 ажил төлөвлөж зуун хувь хэрэгжүүллээ гэдгийг Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар онцлов. Тэрээр цааш нь Тамгын газраас Улсын Их Хурлын хууль тогтоох болон хянан шалгах үйл ажиллагаанд үзүүлсэн мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мөн хуралдааны хэвийн үйл ажиллагааг хангах, гишүүдийг судалгаа шинжилгээ, мэдээлэл, лавлагаагаар хангах болон Улсын Их Хурлыг сурталчлах, олон нийттэй харилцах, Улсын Их Хурлын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, санхүү үйлчилгээ, технологийн шинэчлэлийн талаар үзүүлсэн туслалцааны талаар байнгын хорооны гишүүдэд дэлгэрэнгүй танилцуулсан юм.

 Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, С.Дэмбэрэл, Н.Батцэрэг, Ж.Батзандан, М.Энхболд, Д.Эрдэнэбат нар асуулт асууж тодруулан саналаа хэллээ. Үг хэлсэн гишүүд Улсын Их Хурлын Тамгын газар хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байна гэж үзэж буйгаа илэрхийлээд цаашид судалгаа шинжилгээ, хууль зүйн үйлчилгээний чанар, чадавхид анхаарах, чуулган, байнгын хороодын хуралдааныг олон нийтэд хүргэх зохистой арга, хэлбэрийг олох, мэдээллийн технологийн хэрэглээг өргөн хүрээтэй болгох, Төрийн ордны барилгын ажлыг яаралтай эхлүүлэх, чуулганы хуралдааны дэгийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр судалгаа хийж холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа оруулж ирэх, түүнчлэн Тамгын газар дотоод үйл ажиллагааны дүрмээ сайжруулах зэрэг саналууд хэлж байв. Ингээд гишүүдийн саналыг тусгаж Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Тамгын газарт үүрэг өгөхөөр болов.

Дараа нь Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4029
0 эможи
keyboard_arrow_up