Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Лондонгийн конвенцид нэгдэн орох нь зүйтэй гэж үзлээ

2014 оны 6 сарын 05

Өнөөдөр үдээс хойш хуралдсан Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас зөвшилцөхөөр ирүүлсэн хэлэлцээрийн төсөл, зарим конвенцид нэгдэн орох тухай асуудлыг тус тус хэлэлцэв. “Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх” төслийг Бельгийн вант Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

 

Түүнийг хэрэгжүүлснээр Ховд аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төв нь орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангагдаж, эмч мэргэжилтнийг сургах замаар баруун бүсийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах юм байна.

Хуралдааны эхэнд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Төсвийн Байнгын хороо болон Эдийн засгийн Байнгын хорооноос тус тус гаргасан санал дүгнэлтийг танилцуулсан бөгөөд тэдгээрт Бельгийн вант Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийг байгуулах талаар зөвшилцөх нь зүйтэй гэж үзсэн байна.

Байнгын хорооны гишүүд асуулт тавихдаа, энэ хэлэлцээр байгуулагдахгүй удаашрах ямар нөхцөл байдал үүссэн, одоо зээл авахад саад болох зүйл байгаа эсэх, төслийн Удирдах Хороо нь ямар зардалтай байх, баруун бүсийн төв нь Ховд байх нь ямар давуу тал байгаа зэрэг асуулт тавьж хариулт авав.

Байнгын хорооны гишүүд саналаа илэрхийлж, ялангуяа хэлэлцээрийг яаралтай байгуулж ажил хэрэг болгох, төслийг хэрэгжүүлэхдээ Дорнод дахь ижил төрлийн төвийн үйл ажиллагаанд гарсан алдааг давтаж гаргахгүй байхыг анхаарууллаа.

Байнгын хорооны хуралдаанаас дээрх хэлэлцээрийн төслийг зөвшөөрч, дэмжсэн санал дүгнэлт гаргав.Үүний дараа Байнгын хорооны гишүүдийн анхаарлын төвд “Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенцид нэгдэн орох тухай” асуудал байв.

Үүгээр далайчдын боловсрол, мэдлэг чадвар, туршлагад нь тохирсон ажил хөдөлмөр эрхлүүлэх, тэдний ажиллах, амьдрах орчны ая тухтай нөхцөлийг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас 1920 оноос хойш баталсан, одоо хүчин төгөлдөр бүхий олон улсын 37 гэрээ, конвенц дахь хэм хэмжээг нэгтгэн тодотгож, дахин боловсруулжээ.

Харин Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенц нь хөлөг онгоц түүний ачаа бусад эд хөрөнгийг аврах зорилгоор аврах ажиллагаа явуулахтай холбоотой гэрээ байгуулах бүрэн эрхийг хөлөг онгоцны ахмад эсвэл хөлөг онгоцны эзэн буюу эзэмшигчид нь олгох асуудлыг хянан үзэж, аврах ажиллагааны гэрээ байгуулах эрхийг тэдэнд олгохоор зохицуулжээ.

Эдгээр конвенцид манай улс нэгдэн орсноор санхүүгийн аливаа үүрэг хүлээхгүй бөгөөд Монгол Улсын далбаа мандуулан усан далайд хөвж буй хөлөг онгоцонд ажиллаж байгаа далайчдын хөдөлмөрийн нөхцөл сайжрахын зэрэгцээ хөлөг онгоцонд тохиолдож болзошгүй осол зөрчлийн үед болон тэдний зүгээс осолдсон бусад хөлөг онгоц, эд хөрөнгийг аврах ажиллагааг гүйцэтгэсэн тохиолдолд шагнал урамшуулал, төлбөр, нөхөх төлбөрийн асуудлаар аврах ажиллагааны гэрээ байгуулах асуудлыг далбааны эзэн улс- манай улсын зүгээс зохицуулах ач холбогдолтой юм байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотой асуулт тавьсан гишүүд, Монгол Улсын далбаатай хэдэн онгоц байдаг тэдгээрт хэдэн далайчин ажиллаж байгаа, конвенцийн дагуу хөдөлмөрийн нөхцөлтэй холбоотой үүргийн хэрэгжилтэд хяналт, шаардлага тавьж чадах эсэх, далбаа мандуулж явах зөвшөөрлөөс ямар орлого олж байгаа, конвенцид нэгдэн орсны ач холбогдол, түүнээс үүсэх хүндрэл, эрсдэл юу байх, Монгол Улсын Засгийн газар ямар хариуцлага хүлээх, конвенцид нэгдэн орсноор Монгол Улс татвар төлөх үгүй, өөрийн усан онгоцтой болох уу, аврах ажиллагаанд оролцсоноор гарах зардал, эрсдэл ямар байх, Далайн захиргаа ямар бүтэцтай байгаа, үндэсний хууль тогтоомж конвенцтой зөрчилдөж буй зүйл байгаа эсэх, Монгол Улсын далбаатай усан онгоц нь даатгалд хамрагдсан эсэх зэрэг асуудлыг чухалчлав.

Өнөөдөр Монгол Улсын далбаан дор нийт 420 усан онгоц хөвж байна. Өнгөрсөн онд далбаа ашигласнаар 279 сая төгрөгийн орлого оруулжээ. Монгол Улс дээрх конвенцид нэгдэн орсноор татвар төлөхгүй, хүндрэл үүсэхгүй, эрсдэл гарахгүй ажээ. Мөн далайн тээврийн хамтарсан компани байгуулах талаар хэлэлцээр хийгдэж байгаа тухай ажлын хэсгийнхэн танилцуулав.

Энэхүү Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцээд, Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенц, Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенцид нэгдэн орох нь зүйтэй гэж үзэж, тэдгээрт Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрсөн санал дүгнэлт гаргалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4030
0 эможи
keyboard_arrow_up