Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Хэн, Юу хэлэв?

2014 оны 6 сарын 05

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийн талаарх хэлэлцүүлэг болж байна. Энэ асуудалтай холбоотой УИХ-ын гишүүн ямар санал, байр суурьтай байсныг хүргэж байна.

 

Асуулт: УИХ-ын гишүүн  Д.Дэмбэрэл: Яг ямар ажлууд хийгдсэн вэ?

Улс  орны эдийн засгийн нүүр царай гол үзүүлэлт болох  2013 онд  ДНБ өсөлт 19 хувь гэж байсан одоо 17.7,  нэг хүнд ногдох ДНБ хэмжээ  4930 төгрөг байснаас  3972 болж , гадаад худалдааны алдагдал 18 хувиар  хасах үзүүлэлттэй байна. Энэ гурван асуудалд бүх хүчээ дайчлаад ч  хүрсэнгүй юу? Яг ямар ажлууд хийгдсэн вэ?

Дараагийн асуудал ажилгүйдэл 6.1 хувийн түвшинд байх ёстой байснаас 7.6 болж 1.5 нэмэгдсэн байна. Байдал ийм болсны цаана ямар бэрхшээл байна вэ?  Инфляцын үнийн өсөлт 8 хувь гэж төлөвлөсөн одоо 12.5 болсон байгаа.  Монгол банк хэр хэмжээний долларын интерванц хийсэн бэ?. Яагаад буурахгүй байна вэ?

Хариулт: Ерөнхий сайд Н.Алтанхуяг: 6.4 хувьтай байсан эдийн засаг 17.7 хувьтай болсон гэдэг нь ид шид

Н.Батбаяр сайд макро эдийн засгийн үзүүлэлт гэсэн цаас тараасан байх ёстой. Энэ хэн нэгэн хүний санаа биш 1990 оноос хойшхи эдийн засгийн үндсэн статистикийн дүн байгаа юм. Таны хэлж байгаа үнэн. 2011 онд ийм байсан. Харин одоо эдийн засгийн өсөлт 17.5 хувьтай байгаа. Ерөнхийдөө 6-7 тэрбум доллар ороход маш мэдрэмжтэй байгаа учраас өөрчлөлт орох нь ойлгомжтой.  2010 онд 6.4 хувьтай байсан эдийн засаг 17.7 хувьтай болсон гэдэг нь ид шид л байхгүй юу даа. Энэ ид шидийг Оюутолгой бий болгосон юм. Тэрнээс өмнө манай эдийн засаг хасах үзүүлэлтэй гарч байсан.

Инфляцын түвшин  2013 онд 12.5 хувьтай гэж гаргасан 2012 онд 14 хувьтай байсан. Инфляц эдийн засаг өсөлт хоорондоо холбоотой байдаг юм байна. Эдийн засаг өсөнгүүт инфляц дагаж өсдөг байна.

Хариулт: Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав: 2016 онд 150 мянган ажлын байрыг бий болгоно

Өнгөрсөн жилд  Хөдөлмөрийн  яамнаас ажлын байрыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нэлээд ажлуудыг хийсэн гэж дүгнэж байгаад баяртай байна.  Энэ ажлын үр дүнд 59000 ажлын байр бий болсон. Тэгвэл ажилгүйдлийн түвшин 7.9 байснаас 7.6 хувьтай болж байгаа. 2016 онд төсөөллөө том тавиад явж байгаа. Ирэх жил энэ түвшинээр байвал 2016 онд 150 мянган ажлын байрыг бий болгоно.

 

Хариулт: Сангийн сайд Ч.Улаан:

Эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг бодитой статистикийн мэдээгээр тооцож байгаа.  Төсвийн гүйцэтгэлийн хувьд албан ёсны тайлан гаргаж Үндэсний Аудитын газраас аудит хийлгэж 6 сард УИХ-д өргөн барина. Өнөөдөр хүртэл гаргасан үзүүлэлтүүд бол оны гүйцэтгэлээр гарсан байгаа үзүүлэлт юм.

 

 

 

Асуулт: УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Нэг нэгнийгээ хуурч явмааргүй байна

Байнгын хороон дээр энэ асуудлыг хэлэлцэхэд төлөвлөгөө, үнэлгээ гэдэг нь худлаа байна гэж бий хэлсэн байгаа. Төлөвлөлт гэдэг нь өөрөө утгагүй байна. Энэ асуудалд хэр анхаарал тавьж ажилласан вэ?  Анхнаасаа төлөвлөлт нь буруу яваад сүүлдээ тоон тооцоо буруу гараад байна. Үнэлгээ нь бас ойлгомжгүй байна. Байнгын хорооноос энэ асуудлын хувьд нарийн ярьсан болов уу? Тэрнээс нэг нэгнийгээ хуурч явмааргүй байна.

 

 

 

Асуулт:  УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Ерөнхий сайдын надад өгч байгаа хариулт хангалтгүй байна

Монгол улсын эдийн засаг нийгмийн 2013 оны биелэлтийн талаар ЭЗБХ-оос гарсан санал дүгнэлтийг харлаа. Ядуурлын түвшин нэмэгдэж нийгмийн байдлын хуваарилалт шударга бус жирийн ард иргэдэд хүртээмжгүй байгаад анхаарах гэсэн байна. Өөрөөр хэлбэл маш хариуцлагагүй ажилласан гэдэг нь дүгнэлтээс харагдаж байна. Цаашид энэ хариуцлагын хүрээнд яах ёстой юм вэ?

 Н.Алтанхуяг сайдаас АН-ын дарга гэдэг үүднээс асууж байна. Сайдуудад хариуцлага тооцох асуудал явагдаж байна харин  байнгын хорооны даргын хариуцлагын асуудлыг яах ёстой юм бэ?  Ямар ч улс төрийн хариуцлага хүлээх боломжгүй хүнийг байнгын хорооны даргаар тавьсан байгаа. Үндэсний Аудитын газраас ч хариуцлагын асуудлыг тусгасан байна. Хариуцлагын тогтолцоонд анхаараач ээ.

Харин ерөнхий сайдын надад өгч байгаа хариулт хангалтгүй байна. Төсвийн хяналт тавихад хаанаас ч хүрэхгүй байгаа. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг та хараарай. Хуулийнхаа 21.3-д Төсвийн байнгын хорооны дарга мөн хяналт тавих үүрэгтэй гэж заасан байгаа.

Хариулт: Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

Хариуцлагын асуудал дээр санал нэг байна. Төсвийн байнгын хорооны дарга бишээ. Төсвийн хяналтын дэд дарга Д.Эрдэнэбат гишүүн тэр асуудалд анхаарал хандуулах ёстой юм.  Парламентын дэгээр явна. Иймд  төсвийн хяналтын дэд хороо ажлаа сайн хийх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.Арвин:  Эдийн засгийн уналт бол ашигтай юм

Биднээс шалтгаалахгүй, шалтгаалж байгаа  олон асуудалд  албан тушаалтнууд хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Эдийн засгийн уналт бол өмнө Монгол улсад байж байгаагүй биднээс шалтгаалахгүй үүсэж байгаа асуудал учир надад ашигтай юм шиг санагдлаа. Энэ нь олон жил ашиггүй төлөвлөж хийж байсан ажлын үр дүн юм. Харин үүнийг эргэж харж эдийн засгийн уналтыг цаашид зөв төлөвлөх хэрэгтэй болж байна. Харин тэрийг далимдуулж улс төр хийх хэрэггүй.

Тавантолгойн хувьцааны хувьд үлдсэн иргэд хувьцаагаа хэзээ авах вэ? БЗД СХД-ийн өрхийн эмнэлэг, төрийн эмнэлгийн асуудал хүндрэл үүсэж байна. Эмнэлэг барих асуудал ямар хэмжээнд явж байна вэ? Хогны үйлдвэр баригдахгүй байгаа шалтгаан юу вэ? Бүх мөрийн хөтөлбөрүүдэд тусгагдсан байгаа. Хэзээ барих вэ?

Уул уурхайн сайд Д.Ганхуяг:

Эрдэнэс Тавантолгойгоос  ихэнхи иргэд  72 ширхэг хувьцаа эзэмшдэг. Зарим иргэд 2012 онд 1 сая төгрөгийн эрх авсан байгаа. Харин компани үнэлгээг бол дэд бүтэц, бүтээгдэхүүний гэрээ, нэр хүндтэй хөрөнгө оруулагч зэрэг хүчин зүйлс нэмэгдүүлдэг юм. Энэ Тавантолгой ордын санхүүжилтээр төмөр зам барих асуудлыг шийдвэрлэсэн байгаа. Энэ долоо хоногт УИХ-д тогтоолын төсөл өргөн баригдана.

 

 

Эрүүл мэндийн сайд Н.Удвал: Одоо хоёр дүүргийн эмнэлэг баригдаж байгаа

Эрүүл мэндийн салбар  тулгамдаж байгаа асуудал мөн юм. Одоо хоёр дүүргийн эмнэлэг баригдаж байгаа. СХД-ийн эмнэлгийн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр  зураг төслөө гаргасан. Одоо тендер зарлаад баригдах, боловсон хүчнээ бэлдэх асуудал үлдээд байна.  БЗД-т ЭМШУИС болон Жайка-ын дэмжлэгээр эмнэлэг баригдана. 6-р сарын 7-нд Эрүүл мэнд эдийн засгийн форум болох гэж байна. Энэ дээр ЧД-ийн эмнэлгийг концессоор баригдах асуудлыг хөрөнгө оруулагчдад танилцуулах юм.

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун: Мөн хог хаягдлын тухай хуулийн төслийг бэлдэж байгаа

Хогны үйлдвэр барих төсөв нь 2012 оны төсөвт суусан байдаг боловч 2013 онд хянаж үзэхэд суусан мөнгөний зарцуулалт хангалтгүй байсан. Олигтой ажил хийгээгүй учир ажил яваагүй байна. Концессын жагсаалтад хоёр асуудал суусан байгаа.  Хог боловсруулах хогны үйлдвэр бариулах, Химийн  хорт болон аюултай хог хаягдлыг боловсруулах үйлдвэр  санаачилгаар авч явах хувийн хэвшлийг  дэмжихээр болсон. Мөн хог хаягдлын тухай хуулийн төслийг бэлдэж байгаа. Удахгүй өргөн барина.

 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Гадаадын хөрөнгө оруулалтын байдлыг хангалттай бууруулсны төлөө юу, эдийн засгийг сүйрүүлсний төлөө энэ шагналыг авч байгаа юм уу?

2013 оны үндсэн чиглэлийн  биелэлт хангалтгүй байгаа. ДНБ өсөлтийг 2013 онд 19 хувьд хүргэнэ гэж амлалт өгсөн шүү дээ. Харин одоо 13.7 хувьд хүрсэн байх жишээтэй. Ажилгүйдэл 6.1 хувь гэсэн 7.6 хувьтай байна. Инфляцыг 8 хувиас ихгүй байлгана гэсэн чинь 12.5 хувьтай байна. Гадаад худалдааны алдагдал 18 хувьтай байна. Ер нь үндсэн чиглэлийн биелэлт хангалтгүй байгаа. Энэ асуудалд хариуцлага хүлээх  асуудал юу болж байгаа вэ? Та энэ талаар гурван яам, гурван агентлагийг нэрлээч.

Саяхан хэвлэл мэдээллийн хэрэгслээс шилдэг агентлагийг зарласан байна. Тэрний дотор гадаадын хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан агентлаг явж байна. Яагаад шилдэг болж байгаа юм бэ? Гадаадын хөрөнгө оруулалтын байдлыг хангалттай бууруулсны төлөө юу, эдийн засгийг сүйрүүлсний төлөө энэ шагналыг авч байгаа юм уу? Цөмийн энергийн газар малыг хордуулсан, хордуулаагүй гэсэн маргааныг дарж чадахгүй байгаагийн төлөө авч байгаа юм уу? Ажил нь сүүлийн хоёр жил зогссон шүү дээ.

Мөн Эдийн засгийн хөгжлийн сайд өөрөө хариуцлага хүлээгээд өргөдлөө өгчих хэрэгтэй шүү дээ. Харин уул уурхайн салбар хангалттай  дампуурлаа зарласан байгаа юм. Уул уурхайн сайд маань ямар хариуцлага хүлээж байгаа юм бэ?

Хариулт Ерөнхий сайд Н.Алтанхуяг:Дахиад төрийн нарийн бичиг нарын шилдгийг шалгаруулж магадгүй шүү

Дарга нар нэг шилдэг гэдэг жаазтай юм бариад зогсож байсан. Үүнийг хэн шалгаруулсан бэ? Өнөө орой агентлагийн дарга нартай уулзах цагаар тодруулна. Засгийн газраас шалгаруулсан юм байхгүй. Энэ асуудалд арга хэмжээ авдаг хүмүүсээс авна. Шилдэг гэж хэлэхээр нь л очоод жааз бариад зогсож байх явдлаа болих хэрэгтэй.

Гурван яамны нарийн бичгийн дарга нарт халах хүртэл арга хэмжээ авсан байгаа. Хариуцлага тооцох дээр санал нэг байгаа шүү дээ. Агентлагийн дарга нарт мөн хариуцлага тооцно. Дахиад төрийн нарийн бичиг нарын шилдгийг шалгаруулж магадгүй шүү. Тэгвэл битгий очоорой гэж хэлмээр байна. Одоо засгийн газраа бус асуудлаар очоод жааз бариад шилдэг болох асуудлаа зогсооно. Энэ асуудлыг ингэж тохирлоо шүү.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4051
0 эможи
keyboard_arrow_up