Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг дэмжсэнгүй

2014 оны 6 сарын 05

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 9 цаг 50 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, арван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр болов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийн тухай асуудлыг үргэжлүүлэн хэлэлцэв. Уг асуудлыг чуулганы өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед гишүүдийн асуултад хариулт өгөх Засгийн газрын гишүүд болон холбогдох албаны хүмүүс ирээгүй учраас хэлэлцүүлгийг хойшлуулсан юм.

 Ингээд Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон салбарын сайд нараас асуулт асууж тодруулав.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан нийт 6 бодлого, 26 зорилт, 166 арга хэмжээний биелэлт оны эцсийн байдлаар 67.1 хувьтай гарсан. Үндсэн чиглэлийн нийт арга хэмжээний 121 нь улсын төсвийн санхүүжилтээр хэрэгжихээр тусгагдсан ч тэдгээрийн 25 буюу 20.6 хувьд улсын төсвөөс хөрөнгө батлагдаагүй, 5 буюу 4.1 хувийнх нь санхүүжилт төсвийн тодотголоор хасагдсан. Үүнээс шалтгаалан улсын төсвийн санхүүжилтээр хийгдэх нийт арга хэмжээний 24.7 хувь буюу 30 арга хэмжээ санхүүжилтгүйгээс хэрэгжээгүй буюу дутуу хэрэгжсэн. Иймээс Засгийн газраас цаашид төсвийн ерөнхийлөн захирагч нар жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан өөрийн хариуцан хэрэгжүүлэх арга хэмжээг байгууллагын төлөвлөгөөнд нарийвчлан тусгаж, хэрэгжилтийг оны эхнээс жигд ханган ажиллах; он дамжин хэрэгжих зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг үе шаттайгаар төлөвлөж, тухайн онд хэрэгжих боломжтой байдлаар төлөвлөн, хүрэх түвшинг бодитой тооцон тусгаж байх; Үндсэн чиглэлд тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүжилтийг улсын төсөвт бүрэн тусгаж байх; Үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа өмнөх жилийн үндсэн чиглэлийн биелэлт болон он дамжин хэрэгжих зорилт, арга хэмжээг сайтар харгалзан тухайн жилийн үндсэн чиглэлийн төсөлд тодотгон нэмж тусгаж байх зэрэг арга хэмжээг авч ажиллаж байгаа гэлээ. Мөн эдийн засгийн өсөлт 2011 онд 17.5, 2012 онд 12.4 хувь байсан бол 2013 онд 11.7 хувьтай гарсан. Өмнөх жилүүдийн эдийн засгийн өсөлт нь Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтыг дагаж гарсан үзүүлэлт. Үнийн өсөлт өндөр байгаа ч өмнөх жилээс буурсан. Тухайлахад инфляци 2012 онд 14 хувьтай байсан бол 2013 онд 12.5 хувь болгож 1.5 хувиар бууруулсан гэдгийг хэллээ. Түүнчлэн салбарын сайд нар гишүүдийн асуултад тодорхой хариулт өгсөн юм.

  Харин Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад Улсын Их Хурлын 2011 оны 34 дүгээр тогтоолын дагуу Үндэсний аудитын газар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийж, тайлангаа Улсын Их Хуралд хүргүүлсэн. Аудитын тайлангаар Засгийн газраас 2013 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нийт 166 арга хэмжээнээс 55 нь хэрэгжсэн, 101 нь дутуу хэрэгжсэн, 10 арга хэмжээ нь хэрэгжээгүй байна. Үндсэн чиглэлийн зорилт, арга хэмжээний төлөвлөлт оновчтой болоогүй, өмнөх жилээс тодорхой ахиц гараагүй, үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх талаар авсан арга хэмжээ бодитой үр дүнд хүрээгүй, үндсэн чиглэлийн биелэлт, түүний тайлагнал болон үнэлгээгээр оролцогч талуудын хамтын ажиллагаа сул, уялдаа холбоогүй байгаагаас зарим зорилт, арга хэмжээ бүрэн хэрэгжээгүй байна гэсэн дүгнэлт гаргасан гэдгийг хэлэв.

 Үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Д.Арвин, Г.Батхүү, М.Энхболд, Г.Баярсайхан, Д.Оюунхорол, Ц.Нямдорж, Д.Хаянхярваа, О.Баасанхүү нарын 10 гаруй гишүүн үг хэлж байр сууриа илэрхийллээ.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд ирүүлсэн бөгөөд тус байнгын хороо Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулж Улсын Их Хурлаас гаргах тогтоолын төслийг боловсруулжээ. Уг тогтоолын төсөлд төрийн санхүү, зээл, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн Үндсэн чиглэлийг тодорхойлох, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тэдгээрийн гүйцэтгэлийг үнэлж дүгнэхтэй холбогдсон хууль эрх зүйн зохицуулалт, төлөвлөлт, санхүүжилт, зохион байгуулалтын одоогийн практик үйл ажиллагааг шинэчлэн өөрчлөх бодлого, цогц арга хэмжээний санал боловсруулж, холбогдох хууль тогтоомжийн төслийн хамт 2014 оны 6 дугаар сарын эхний арав хоногт багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх, Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланд дурдсан 2013 оны үндсэн чиглэлийн дутуу хэрэгжсэн болон хэрэгжээгүй зорилт, арга хэмжээнд дүн, шинжилгээ хийж эдийн засаг, нийгмийн ач холбогдол, хэрэгцээ, шаардлагаар нь эрэмбэлэн шаардлагатай төсөл, арга хэмжээг 2014 оны төсвийн тодотголд тусгах арга хэмжээ авах, 2013 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтэд хийсэн Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч холбогдох Байнгын хороонд танилцуулах асуудлаар Засгийн газарт үүрэг чиглэл өгөхөөр тусгасан байна.

Ингээд байнгын хорооны саналаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг Улсын Их Хурлаар хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 61 гишүүний 31 нь буюу 50.8 хувь нь дэмжсэнгүй. Үүгээр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж дууслаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4055
0 эможи
keyboard_arrow_up