Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг холбогдох байнгын хороонд шилжүүлэв

2014 оны 6 сарын 05

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн эдгээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа танилцуулав.

 Жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дахин сэргээж, үйлчлэх хугацааг нь 2.5 жилээр буюу 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах зохицуулалт хийх үүднээс энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсныг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн. Харин тус байнгын хороо хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5 дахь заалтыг үндэслэн эдгээр хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх зарчмын зөрүүтэй санал гаргасан байна.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж тодруулсны дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэнгүй. Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

  Дараа нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг сонсов.

  Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хөрөнгө оруулагчийн оруулж ирж буй импортын бараанд ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагын үүднээс энэ хуулийн төслийг боловсруулсан байна.

  Харин байнгын хорооны хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд төслийн 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалтыг нэгтгэн “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2.1-11.2.3-т заасан салбарт 500 тэрбум төгрөг болон түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчийн тухайн төсөл, арга хэмжээний бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж ирж буй техник, тоног төхөөрөмжийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно” гэж өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй санал гаргажээ. Мөн уг хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар, А.Тлейхан, Н.Номтойбаяр, Л.Энх-Амгалан нар Сангийн сайд болон Байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулав. Сангийн сайд Ч.Улаан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хуулийн төсөлд тусгасан зохицуулалт нь татварын орлогод нөлөөлөхөөр байгаа учраас хуулийг дагаж мөрдөх хугацааг тодорхой зааж өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа. Мөн одоогоор Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан аж ахуйн нэгж байхгүй, харин гэрээ байгуулах талаар саналаа ирүүлсэн компаниуд бий гэдгийг хэлэв. Асуулт асууж тодруулсан гишүүдийн зарим нь хуулийн дагаж мөрдөх хугацааг заавал ирэх оны эхнээс биш, ердийн журмаар хэрэгжихээр зохицуулах нь зүйтэй юм гэсэн санаа хэлж байв. Үүгээр асуулт хариулт дуусч, Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томъёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэнгүй. Уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.

 Чуулганы нэгдсэн хуралдаан үдээс хойш 14.00 цагаас үргэлжилнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4056
0 эможи
keyboard_arrow_up