Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.Гарамгайбаатар:МАН-ын бүлэг Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлаар өнөөг хүртэл шийдэлд хүрээгүй байна

2014 оны 6 сарын 10

Улсын Их Хурлын Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар /2014.06.10/ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байсан. Гэсэн хэдий ч Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт бүлэг дээрээ ярилцаж шийдвэр гаргахаар хойшлуулаад байсан ч бүлгийн шийдвэрээ өнөөдрийг хүртэл гаргаж чадаагүйн улмаас дахин хойшлуулах асуудлыг тавиад байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар албан ёсоор мэдэгдлээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хурал тодорхой төлөвлөсөн ажлын улмаас хуралдаж чадаагүй. Иймд өнөөдөр хуралдах бүлгийн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх гэж буйтай холбогдуулан бүлгийн нэгдсэн байр суурь, бүлгийн гишүүдийн санал бодлыг солилцох үүднээс энэ асуудлыг тодорхой хугацаагаар түр хойшлуулах горимын санал гаргасан боловч уг санал гишүүдийн дэмжлэг авсангүй. Ингээд хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Засгийн газраас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад Ш.Түвдэндоржийг нэр дэвшүүлсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, Я.Содбаатар. Ц.Дашдорж нар асуулт асууж, санал хэлсэн юм.

Тухайлбал, Н.Номтойбаяр гишүүн асуултдаа, Засгийн газрын гишүүнийг томилох талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн үр дүнгийн талаар тайлбар хийхийг Ч.Сайханбилэг даргаас хүсээд, бид сонин хэвлэлийн хэмжээнд мэдээлэлтэй байгаа гэлээ. Мөн давхар дээл тайлах асуудалд Монголын төрд олон жил ажилласан, үлгэр дууриал болж явдаг туршлагатай хүний хувьд энэ асуудалд нэр дэвшигч ямар байр суурьтай байгаа талаар тодруулсан юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг хариултдаа, “Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхийлөгчид 5 дугаар сарын 29-ны өдөр албан тоот явуулж саналаа хүргүүлсэн. Ерөнхийлөгчөөс ирүүлсэн хариу албан бичигт “Засгийн газрын гишүүнд Улсын Их Хурлын гишүүний өндөр албан тушаалд ажиллаж байгаа хүний нэрийг давхардуулан дэвшүүлэхгүй байх нь зүйтэй” гэсэн саналыг илэрхийлсэн байгаа. Процессын хувьд ийм. Харин хуулиар Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь заалтад “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн түүнд өөрчлөлт оруулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд уг асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд Ерөнхий сайд өөрөө өргөн мэдүүлнэ гэсэн заалт бий. Хүмүүсийн энгийн сэтгэхгүйд зөвшилцөнө гэдгийг зөвшөөрнө гэдэг утгатай дүйцүүлж ойлгох гээд байдаг. Харин энэ тохиолдолд хууль дээр ч тэр, хуулийг тайлбарласан тогтоол дээр ч тэр зөвшилцөнө гэдэг нь бичгээр харилцан саналаа солилцоно гэсэн хуулийн дагуу явж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг АН-ын бүлэг, бүлгээс нэр дэвшиж энэ намаас сонгогдсон бүх Засгийн газрын гишүүд дэмжиж байгаа. Тиймээс дан, давхар дээлийг тайлах тайлахгүй асуудал дээр ямар нэг хоёрдсон ойлголт байхгүй. Энэ асуудлыг зарчмын хувьд дэмжиж байгаа. Харин хуулийн хэрэгжих хугацаа 2016 оноос гэдэг цаг хугацаан дээр явж байгаа учраас өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд асуудлыг оруулж ирж байгаа юм гэсэн тайлбар өгөв.

Засгийн газрын гишүүнд нэр дэвшигч Ш.Түвдэндорж хариултдаа, “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж болно гэсэн Үндсэн хуульд заасан хуулийн эрх зүйн орчин өнөөдөр хүчин төгөлдөр хэвээрээ байна. Хэрвээ Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүний үүрэгт ажлыг хавсарч гүйцэтгэж болохгүй гэсэн шийдвэр гарвал түүнийг дагахад бэлэн байна” гэсэн хариултыг өглөө.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Дашдорж, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг ярьж байгаа. Иймээс нэр дэвшигчтэй энэ асуудлыг холбож үзэх шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Тэрээр, Ш.Түвдэндоржийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад томилохыг дэмжиж буйгаа хэлээд, мал аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэлийн салбарыг дэмжих бодлогыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг санууллаа.

Ингээд Засгийн газрын гишүүнийг томилохыг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон 22 гишүүний 19 нь дэмжив. Ингэснээр Байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл дэмжигдэж чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4234
0 эможи
keyboard_arrow_up