Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа

2014 оны 6 сарын 10

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай”УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Үндсэн чиглэлийн төслийн талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр танилцууллаа.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь макро эдийн засгийн бодлого, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого, засаглал, эрх зүйн орчин, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 91 бодлогын арга хэмжээтэй бөгөөд эдгээрийн хүрээнд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, үр дүн, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, бусад хөтөлбөр, бодлогын баримт бичгийн уялдаа болон зорилт, арга хэмжээг хариуцах яам, байгууллагыг мөн тусгажээ.

Макро эдийн засгийн бодлогын хүрээнд эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, ДНБ-ий өсөлтийг хоёр оронтой тоонд, инфляцийн түвшинг нэг оронтой тоонд байлгах бодлогыг 2015 онд хэрэгжүүлэхээр тусгажээ. Мөн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг 6.6 хувь хүртэл бууруулахаар төлөвлөсөн байна. Төсвийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах бодлогыг хөрөнгө оруулалт, татварын бодлогоор дэмжиж, нэгдсэн төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 31.4 хувьд, нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн эзлэх хувийг -2 хувиас багагүй байлгахаар төлөвлөжээ. Мөн зээлийн хүүг бууруулах бодлогыг Монголбанктай хамтран хэрэгжүүлэхээр тусгасан аж.

Эдийн засгийн салбаруудын өсөлтийг дэмжих чиглэлээр хөдөө аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй, үйлдвэрлэл, эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлал, үйлчилгээний салбаруудыг дэмжих тодорхой бодлого хэрэгжүүлэн, эдгээр салбаруудын өсөлтийн үр дүнгээр ДНБ-ий өсөлтийг хангах бодлого баримтлахаар төлөвлөжээ.

Үндсэн чиглэлийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.

 

Үүний дараа Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 10-т заасан “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн хэмээн ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат танилцуулсан. Ажлын хэсгийн дээрх саналын томьёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд мөн төслийн нэрийг “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” гэж өөрчлөх санал ч мөн дэмжлэг авсан юм. Байнгын хороо ийн хэлэлцээд санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Тус Байнгын хороогоор хэлэлцэх дараагийн асуудал нь Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал байсан ч УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын гаргасан энэхүү асуудлыг хойшлуулах горимын санал олонхын дэмжлэг авсан учир хэлэлцэхийг хойшлууллаа.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах шаардлага нь үндэслэл муутай, хэт туйлшруулсан хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн. Тиймээс огцруулахаар тавьж буй үндэслэлүүдийг холбогдох газруудаас тодруулах шаардлагатай байна гэж тэрбээр хэлсэн. Түүний гаргасан гормын санал дэмжлэг авснаар асуудлыг хэлэлцэхийг хойшлуулан Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4235
0 эможи
keyboard_arrow_up