Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Монгол хэлний тухай хуулийн төслийг УИХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэнэ

2014 оны 6 сарын 11

Өнөөдөр үдээс хойш хуралдсан Төрийн байгуулалтын болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороодын хамтарсан хуралдаан Монгол хэлний тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудалд анхаарлаа хандуулав.

Манай улсад сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд монгол хэл бичгийн хэрэглээтэй холбоотой төрийн бодлого, зохицуулалт алдагдсаны улмаас иргэдийн, түүний дотор төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсдын монгол хэлний мэдлэгийн түвшин ихээхэн доройтсон, монгол хэлний зөв бичгийн дүрэм, толь бичгийн нэгдмэл байдал алдагдсан, бүх шатны боловсролын байгууллага дахь монгол хэлний сургалтын чанар муудсан, гадаад нэр томьёог монголчлох, үгийн санд шинэ үгийг бүртгэх ажил зогсонги байдалд орсон, гудамж, зам, талбай, албан байгууллагын нэр, хаягийг гадаад хэлээр бичих болсон, боловсролын зарим байгууллагад монгол хүүхдэд монгол хэлний хичээлийг заахгүй байгаа зэрэг монгол хэлний хэрэглээ, хөгжил, хамгаалалтай холбоотой олон сөрөг асуудал хуримтлагджээ.

Улсын Их Хурлаас 2003 онд баталсан, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн албан ёсны хэлний тухай хуульд хэлийг нийгмийн харилцааны үндсэн хэрэглүүр болох талаас нь төдийлөн зохицуулаагүй, монгол хэлний хэрэглээг зөвхөн төрийн албан хэрэг хөтлөлтийн хэмжээнд авч үзэж хязгаарласан, Төрийн хэлний зөвлөлийн чиг үүрэгт зөвхөн нэр томьёотой холбоотой асуудлыг эрхлэхээр заасан, Монгол Улсын хэмжээнд монгол хэлийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх, хэм хэмжээ тогтоох, түүнийг батламжилж мөрдүүлэх зэрэг төрийн чиг үүрэг, хуулийг хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын үүрэг, оролцоог тусгаагүй зэрэг олон дутагдал байгаа нь дээр дурдсан бэрхшээлтэй асуудлууд үүсч хуримтлагдах нэг шалтгаан болжээ.

Энэ байдлыг харгалзан үзэж, Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Н.Батцэрэг, А.Бакей, Г.Батхүү, Л.Гантөмөр, Н.Энхболд нар монгол хэлээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, улам боловсронгуй болгохтой холбоотой харилцааг зохицуулах зорилгоор Төрийн албан ёсны хэлний тухай хуулийн шинэчилсэн найруулга болох “Монгол хэлний тухай хууль”-ийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслөөр Монгол хэлний тухай хуулийн үндсэн зарчмууд, монгол хэлний хэрэглээний хүрээ, төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэдийн хүлээх үүргийг тус тус тодорхойлсны зэрэгцээ кирилл болон үндэсний монгол бичиг үсгийн хэрэглээтэй холбоотой харилцааг зохицуулжээ.

Мөн зөв бичих дүрэм боловсруулах, батламжлах нэгдмэл тогтолцоо, Хэлний бодлогын үндэсний зөвлөл болон тусгай эрх бүхий судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх үүргийг мөн тодорхойлсон байна.

Байнгын хороодын хамтарсан хуралдаан дээр хууль санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэгийн илтгэлтэй холбогдуулан Байнгын хороодын гишүүдийн тавьсан асуултын агуулга нь монгол бичгийн хэрэглээтэй холбоотой ямар шийдвэр байдаг, хууль батлагдсанаар гарах зардлыг тооцсон эсэх, үндэстний цөөнхийн хэл соёлын асуудал төсөлд хэрхэн тусгагдсан, хуулийг хэрэгжүүлэх үе шатыг яаж тооцсон, үндэсний монгол бичигт шилжтэл одоо мөрдөж буй дүрмээ өөрчлөхгүй байх боломж бий эсэх, хэлний дүрмээ яаж зохицуулах, хуулийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих, хууль батлагдсанаар түүний үр дүн хэдийнээс гарах, Хэлний бодлогын Зөвлөлийн эрхлэх асуудал, түүний харьяалал ямар байх, хэдэн наснаас нь монгол хүүхдэд гадаад хэл заах, энэ талын судалгаа байгаа үгүйтэй холбоотой зэрэгт голчлон чиглэж байв.

Байнгын хороодын гишүүд саналаа илэрхийлэхдээ, энэ хуулийн төсөл нь маш чухал, цаг үеэ олсон төдийгүй эх хэлээ унаган төрхөөр нь хадгалах, хамгаалахыг зорьж буй энэ хуулийн төслийг дэмжиж буйгаа тэмдэглэв.

Мөн тэд Монгол судлалыг гадаадад хөгжүүлэх асуудал хуулийн төсөлд тусгах, хуулийн хэрэгжилт болон үндэсний монгол бичгийн хэрэглээг үе шаттай, болгооомжтой, нарийн зохицуулалттай хэрэгжүүлэх, үндэсний монгол бичигт аажмаар шилжих, үндэстний цөөнх- казах хэлний асуудлыг хуулийн төсөлд маш тодорхой тусгах зэргийг анхаарахыг хүслээ.

Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол хэлний тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхийг дэмжив.

Үүгээр Төрийн байгуулалтын болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаан ажлаа өндөрлөв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4277
0 эможи
keyboard_arrow_up