Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Галт зэвсгийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлууллаа

2014 оны 6 сарын 12

Хууль зүйн байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Галт зэвсгийн тухай одоо мөрдөж байгаа хуульд сумны эргэлттэй холбоотой зохицуулалт байхгүй, галт зэвсгийн хэв загварыг өөрчлөх, үйлдвэрийн бус аргаар хийж бэлтгэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын хэм хэмжээ байхгүй аж. Шинэ хуулиар хариуцлагын хэмжээг нэмэгдүүлэх, иргэд аж ахуйн нэгжийн өмчилж болох галт зэвсгийн техникийн үзүүлэлт тодорхойлолтыг байлдааны зориулалттай галт зэвсгээс ялгаатай тогтоох, Хууль зүйн сайд тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааг бүрэн хариуцаж, хяналт тавьдаг байх, буудлага спортын чиглэлээр сургалт, тэмцээнд оролцоход галт зэвсэг, сумны эрэлт хэрэгцээ их байгаа хэдий ч улсын хилээр оруулах асуудал хүндрэлтэй байгаа зэрэг асуудлыг зохицуулан хуульчлах шаардлагатай байгаа ажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар иргэдийн болон бусад аж ахуйн нэгжийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тоо хэрэглээг хяналтад авч, гүйлгээг нь зохистой хэмжээнд хянах бүрэн боломжтой болох юм байна. Мөн нэмэлт хөрөнгө, зардал шаардагдахгүй бөгөөд галт зэвсэг, сумны борлуулалт, хэрэглээг зохицуулах түүнд тавих хяналт сайжирна гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж.

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар галт зэвсэг худалдан авч байгаа хүнд галт зэвсэг ашиглах хадгалах талаар сургалтад хамрагдсан байх шаардлага тавих уу. Хүмүүсийн гар дээр олон тооны буу зэвсэг байгаа гэдэг. Тэдгээрийг хэрхэн бүртгэлжүүлэх вэ гэж лавлаж байлаа.

Ажлын хэсгийн гишүүдийн тайлбарласнаар, галт зэвсэг худалдан авах хүмүүсийг хадгалалт, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан байх шаардлага тавьж байгаа юм байна. Тэрхүү сургалтыг явуулах журмыг ЦЕГ-ын дарга батлах ажээ. Түүнчлэн хуулийн төсөлд галт зэвсгийн бүртгэлийн мэдээллийн сантай байхаар тусгасан бөгөөд түүний дагуу галт зэвсгийг бүртгэлд хамруулах юм байна.

УИХ-ын гишүүн З.Энхболд, БХЯ олон мянган бууг иргэдэд зарсан байдаг. Тэдгээрийг буцаан худалдан авах асуудал тусгагдсан байсан гээд тэр асуудаляагаад өөрчлөгдсөнийг тодруулж байлаа. Ажлын хэсгээс, иргэдийн гар дээр байгаа бууг худалдан авна гэхээр зардал өндөр гарахаар байгаа болохоор тэдгээр бууг иргэдийн гар дээр спорт, сургалт, үзмэр, цуглуулгын зориулалтаар ашиглах боломжтойгоор үлдээхээр төсөлд тусгахаар санал оруулж ирсэн хэмээн тайлбарлалаа.

Харин УИХ-ын гишүүн З.Энхболд, нэгэнт тэдгээр хүмүүс бууг ан хийх зориулалтаар худалдан авсан. Гэтэл шинэ хуулиар тэдгээр нь зөвхөн спорт, сургалтын чиглэлээр ашиглах, эсвэл цуглуулгын нэг болж хувирах нь. Ингэж бусдын өмчид халдаж болж байгаа юм уу хэмээн лавласан.

Ажлын хэсгийн гишүүд, шинэ хуулийн төсөлд хагас автомат, автомат буугаар ан хийхийг хориглохоор тусгасан гээд нэгэнт хуулиар ингээд хориглочихвол ийм буутай хүмүүс буугаа хадгалаад байх бус тусгай зориулалтын газар ашиглах эрх нь нээлттэй үлдэж байгаа хэмээн хариулсан юм.

Гишүүд галт зэвсэг ашиглах, эзэмшихтэй холбоотой асуудлаар нэлээд хэлэлцсэн бөгөөд хуулийн төслийг ажлын хэсэг дахин нухацтай хэлэлцэх шаардлагатай байна гэж үзсэн учир хэлэлцэхийг түр хойшлууллаа.

Үүний дараа Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан ч УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, хууль сахиулах алба гэж юуг хэлэх, хууль сахиулагчийг чухам ямар хүрээнд явч үзэх, хууль батлагдсантай холбогдуулан төрийн захиргааны, төрийн тусгай хэчнээн албан хаагч төрийн үйлчилгээний албан хаагч болж өөрчлөгдөх вэ гэх мэтчилэн тооцож судлах нэлээд асуудал байгаа учир ажлын хэсэг дахин хуралдаж зарим тоо судалгааг нягтлах хэрэгтэй байна гэсэн горимын санал гаргасан нь олонхын дэмжлэг авч уг асуудлыг хэлэлцэхийг долоо хоногоор хойшлууллаа.

Мөн өдрийн хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт/2013 оны байдлаар/-ийн талаар хэлэлцлээ. Гишүүд малын хулгайтай тэмцэх, шинэ төрлийн гэмт хэрэг болох хүн худалдаалах, цахим гэмт хэрэг, хар тамхины худалдаатай тэмцэх ажилд ямар ахиц гарсныг тодруулж байлаа.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, хар тамхины худалдаа, цахим болон хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд чадавхиа сайжруулах шаардлагатай байлаа хэмээгээд өнгөрсөн онд ажилтнуудаа мэргэшүүлэн бэлтгэх, техник, технологио сайжруулах, гадаад харилцаагаа өргөжүүлэх тал дээр анхааран ажиллалаа хэмээсэн. 2013 онд туршлага судлах хүрээнд чиглэлийн байцаагчдыг Хонконг, Тайвань, АНУ-д сургаж, олон улсын байгууллагын мэргэжилтнүүдийг хоёр удаа урьж сургалт явуулснаас гадна Холбооны мөрдөх товчоотой хамтран хар тамхи, цахим болон хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтарсан сургалт зохион байгуулжээ. Гишүүд гэрч, хохирогчийг хамгаалах гэх зэрэг олон ажилд дэвшил гарсан хэмээн үнэлж байлаа. Гэхдээ тоонд бус чанарт анхаарч, сүүлийн үед нийгмийг цочроож байгаа гэмт хэргийн гаралт нэмэгдээд байгаад анхаарч ажиллахыг санууллаа. Гишүүд ийнхүү хэлэлцээд санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4330
0 эможи
keyboard_arrow_up