Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг дэмжлээ

2014 оны 6 сарын 13

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Баярцогт танилцууллаа.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд батлагдаж, гэр бүлийн хүчирхийллийг хүний эрхийн зөрчилд тооцож, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийг 2007 онд батлан хэрэгжүүлжээ. Засгийн газраас гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хамгаалах байр, зөвлөгөө өгөх утсаар үйлчлэх үйлчилгээг мэргэшсэн төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан ажиллуулжээ.

Дээрх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа боловч гэр бүлийн хүчирхийлэл буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд илүү өртөх зэргээр ноцтой хэлбэрт шилжих болсон байна. Үүний гол шалтгааныг хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн зохицуулалт оновчтой бус, ялангуяа байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгасан, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг орхигдуулсантай холбоотой гэж үзсэн байна.

Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

 

Төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн. Гишүүд хүчирхийлэлд өртсөн хүмүүст үйлчлэх түр хамгаалах байрны үйл ажиллагаа, түүнд байрлах хугацаа, хүүхэд, ахмад настны эсрэг гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэл, хохирогчдод үзүүлэх сэтгэл зүйн зөвөлгөө, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, үр хүүхдээ шийтгэдэг, уураа барьж чаддаггүй эцэг эхчүүдтэй ямар хариуцлага тооцох талаар асууж тодруулж байлаа. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин болон тус хуулийн ажлын хэсгийн гишүүдийн тайлбарласнаар, хүүхэд, ахмад настны эсрэг хүчирхийллийн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдлаар авч үзэхээр хуулийн төсөлд тусгасан байна.

Одоо үйл ажиллагаа явуулж байгаа хохирогчдыг түр хамгаалах байранд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг 7-30 хоног байрлуулдаг байна. Хуулийн төсөлд түр хамгаалах байранд хохирогчийг байрлуулах хугацааг заагаагүй бөгөөд цаашдаа тэднийг байрлуулах хугацааг сунгах боломжтой хэмээн ажлын хэсгээс тодруулж хэлсэн.

Эрүүл мэндийн даатгалын тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид эрүүл мэндийн болон сэтгэл зүйн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ хэмээн заасан байдаг ч хэрхэн үзүүлэх нь тодорхойгүй явсаар ирсэн аж. Шинэ хуулиар сэтгэл зүйн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх асуудлыг дээрх хуультай холбож өгч байгаа юм байна.

Хүүхдээ зун цагт хөдөө явуулж, мал хариулуулан, хөдөөд, малд дуртай болгож байгааг хүүхдийн хөдөлмөр гэж ойлгож болохгүй. Энэ бол монгол ахуй хэмээн Х.Тэмүүжин сайд хэлсэн. Харин хүүхдээ сургуулиас нь гаргаад мал хариулуулан, мөнгө олж, эрхийг нь зөрчиж байгаа үйлдлийг өөрөөр ойлгох учиртай гэж тэрбээр тодруулсан юм.

Хүүхэддээ гар хүрсэн, уураа барьж чаддаггүй эцэг, эхийг юун түрүүн шийтгэхээс өмнө уураа барих сургалтад хамруулах талаар ч хуулийн төсөлд тусгасан байна.Гишүүд ийнхүү хэлэлцсэний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4423
0 эможи
keyboard_arrow_up