Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ажлын хэсэг ШШГЕГ-ын харъяа хорих 461 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцлаа

2014 оны 6 сарын 17

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос томилогдсон сэжигтнийг баривчлах, сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих, хорьж мөрдөх хугацааг сунгах, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж,

 

үр дүнг нь байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2014.06.16/ ШШГЕГ болон тус байгууллагын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцав.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нар эхлээд ШШГЕГ-ын удирдлагуудтай уулзаж хорих ангиудын өнөөгийн байдал, хүний эрхийн зөрчлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, яллагдагчдын хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, эмчилгээ үйлчилгээ ямар түвшинд байгааг тодрууллаа.

ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга П.Хосбаяр цагдан хорих байруудын нөхцөл байдлын талаар хийсэн танилцуулгадаа улсын хэмжээнд ШШГЕГ-ын харъяа 26 цагдан хорих байр үйл ажиллагаа явуулж байгааг дурдав. Эдгээрээс 11 цагдан хорих байр нь шаардлага хангахгүй зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд цаашид шинэ барилга байгууламж барих санхүүгийн асуудал тулгараад байгааг онцолсон.

Орон нутгийн цагдан хорих байрууд ихэвчлэн цагдаагийн байгууллагын зоорийн давхарт байрладаг байна. Завхан, Баянхонгор, Өвөрхангай зэрэг аймгуудын цагдан хорих байруудыг цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргажээ.

Стандарт шаардлагад нийцэхгүй хэзээ мөдгүй нурж мэдэх аюултай орчин нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна хорих байруудын ачаалал эрс нэмэгдэх болсныг энэ үеэр дуулгасан. Тухайлбал Дорнод аймгийн цагдан хорих байр 42 хүний багтаамжтай ч ачаалал хоёр дахин өсчээ.

Мөн улсын хэмжээнд 1303 хүн хоригдож байгаагаас 49,9 хувь нь архаг суурь өвчтэй бөгөөд 387 хоригдол  байнгын эмчийн хяналтанд байдаг талаар танилцуулав.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү  эрүүл мэндийн тусламж үйлчилгээг одоо байгаа нөхцлөөс сайжруулах, хэрвээ хүсвэл хоригдож буй сэжигтэн эрүүл мэндийн ноцтой шалтгаантай бол зөвхөн цагдан хорих ангийн эмч нар гэлгүй дуртай эмнэлэгтээ эмчлүүлэх эрхтэй байх эрх зүйн орчин дутагдаж байгааг онцоллоо.

Байнгын хорооны гишүүд цагдан хорих байрны гэрэлтүүлэг, агааржуулалтын асуудлаас эхлээд стандартад нийцдэггүй олон зүйлийг засаж залруулах, байр байгууламж шинээр ашиглалтанд оруулах гээд олон зүйлийг шийдвэрлэх хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргасан.

Дараа нь байнгын хорооны гишүүд ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Олон улсын стандартад зааснаар нэг хоригдолд 2,5 мкв хэмжээ оногдох ёстой ч манай хорих ангиуд энэ шаардлагад нийцэж үйл ажиллагаа явуулж чадахгүй байгааг хорих 461 дүгээр ангийн дарга, хурандаа З.Очгэрэл хэлсэн юм.

Байнгын хорооны гишүүд хорих ангид амь насаа алдаж буй сэжигтэн, хоригдогчдын талаар анхаарал хандуулж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар тодруулсан.

Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга, хурандаа З.Очгэрэл, тус хорих анги 40 ортой бөгөөд ачаалал жил ирэх тусам нэмэгдэж байна. Нийт хоригдогчдын 40 гаруй хувь нь нойр булчирхай, зүр судас, сүрьеэ гэх мэт архаг өвчтэй. Өнөөдрийн байдлаар хорих ангийн хүрээнд эмчлэх боломжгүй яаралтай гадагш өөр эмнэлэгт  эмчлэх  шаардлагатай хорт хавдар, зүрх судасны өвчтэй таван хүн байна гэв.

Ажлын хэсгийн гишүүд хорих 461 дүгээр ангийн талаархи сүүлийн таван жилийн тоон мэдээллийг авч судлахаар боллоо. Мөн  хүний эрхийг хангах үүднээс хорих ангиуд нэгдсэн журмаар баримталдаг дотоод дүрэм, журамдаа өөрчлөлт оруулах, цагдан хорих төвүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, сүүлийн үеийн эмнэлгийн багаж тоног төхөөрөмжөөр хангах, ялангуяа орон нутаг дахь цагдан хорих байруудын үйл ажиллагааг сайжруулах талаар анхаарах хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргасан юм.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ төгсгөлд нь урт хугацаагаар хоригдож буй сэжигтэн, яллагдагчидтай уулзаж цаашид хүний эрхийн зөрчлийг бууруулахад ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар санал бодлыг нь сонсов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4522
0 эможи
keyboard_arrow_up