Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэв

2014 оны 6 сарын 17

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн  нэгдсэн хуралдаанд 40 гишүүн хүрэлцэн ирснээр 10 цаг 30 минутад эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ оны 1 дүгээр сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, С.Дэмбэрэл, Д.Зоригт нар Төсвийн байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх замаар тодорхой салбарт үйл ажиллагаа эрхлэгч, татвар төлөгчдийг татварын бодлогоор дэмжих зорилгоор уул уурхай, ашигт малтмал, нефтийн бүтээгдэхүүний импорт, газрын тосны экспорт, үүрэн холбооны операторын үйлчилгээ, архи, спирт, тамхи зэргээс бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжид төсөвт төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгохоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

 Энэ хуулийн дагуу албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо үйл ажиллагааны чиглэл болон тусгай зөвшөөрөл тус бүрээр тусгаарлан тооцох бөгөөд хуулийн 8.1.1-д заасан орлогын дүн нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, Монгол Улсад байнга байрладаг албан татвар төлөгчийн төлсөн албан татварын 90 хувийг хуульд заасан шаардлагыг зэрэг хангасан тохиолдолд буцаан олгохоор төсөлд тусгажээ. Уг асуудлыг зохицуулсан хуулийн зүйл заалт нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүчинтэй байхаар тусгажээ.

Харин Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх босгын хэмжээг өнөөгийн эдийн засгийн өсөлттэй уялдуулан өөрчлөх үүднээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Манай улс 1998 оноос Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг мөрдөж ирснээс хойш нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх борлуулалтын орлогын хэмжээг 10 сая төгрөгөөр тогтоож өнөөг хүртэл 16 жил өөрчлөлт оруулалгүй хэрэгжүүлж ирсэн. Харин энэхүү 10 сая төгрөгийн суурийг эдийн засгийн нөхцөл байдал, тухайлбал бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулан өөрчлөх шаардлагатай байгаа аж. Сангийн яамнаас гаргасан тооцоогоор 2013 оны жилийн эцсийн байдлаар нийт НӨАТ төлөгчдөөс 10 сая хүртэл борлуулалтын орлоготой татвар төлөгч 21 хувийг эзэлж байхад 50 сая хүртэл борлуулалтын орлоготой татвар төлөгч 45 хувийг эзэлдэг байна.

  Иймээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6.4.1 дэх заалтын “80 хувьд” гэснийг “20 хувьд” гэж, 4.1.10, 5.2, 6.11, 7.2, 13.7 дахь хэсгийн “10.0 сая” гэснийг “50.0 сая” гэж тус тус өөрчлөх, уг хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төсөлд тусгажээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулснаар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 50 орчим хувь нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргах, бүртгэл хөтлөх, падаан цуглуулах үйл ажиллагаанаас чөлөөлөгдөх юм байна.

  Төсвийн байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг энэ оны 1 дүгээр сарын 28-ний өдрийн хуралдаанаараа хийж, зарчмын болон найруулгын шинжтэй зарим санал гаргасныг санал хурааж шийдвэрлэх явцад гишүүд саналын үндэслэлээ тайлбарлалаа. Байнгын хорооноос дэмжлэг аваагүй гишүүн С.Бямбацогт, Д.Дэмбэрэл, Ж.Эрдэнэбат нарын гаргасан хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын “буцаан олгоно” гэснийг “хөнгөлнө” гэж өөрчлөх буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувь хэмжээг 1 хувь болгох буюу 90 хувиар хөнгөлөх саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66 хувь нь дэмжсэн юм. Ингэснээр байнгын хорооноос гаргасан найруулгын шинжтэй саналын томъёоллоор санал хураалгах боломжгүй болж буйг Улсын Их Хурлын дарга хэлж, хуулийн төслийн хэлэлцүүлгийг дуусгалаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4545
0 эможи
keyboard_arrow_up