Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ДНБ-ий өсөлтийг 2 оронтой тоонд байлгах бодлогыг 2015 онд хэрэгжүүлнэ

2014 оны 6 сарын 17

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн  нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү нар танилцуулсан юм.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр танилцуулгадаа, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, инфляцийг бууруулах, төсвийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах бодлогыг хөрөнгө оруулалт, татварын бодлогоор дэмжих, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах, эдийн засгийг дэмжсэн санхүү, зээлийн бодлого хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг гэдгийг онцлов. Мөн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь нийт 5 бүлэг, 27 зорилтын 91 бодлогын арга хэмжээтэй, эдгээрийн хүрээнд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, үр дүн, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, бусад хөтөлбөр, бодлогын баримт бичгийн уялдаа болон зорилт, арга хэмжээг хариуцах яам, байгууллагыг тусгасан гэдгээ хэлэв.

 Макро эдийн засгийн бодлогын хүрээнд эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, ДНБ-ий өсөлтийг 2 оронтой тоонд, инфляцийн түвшинг 1 оронтой тоонд байлгах бодлогыг 2015 онд хэрэгжүүлнэ. Мөн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг 6.6 хувь хүртэл бууруулахаар төлөвлөөд байгаа. Төсвийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах бодлогыг хөрөнгө оруулалт, татварын бодлогоор дэмжиж, нэгдсэн төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 31.4 хувьд, нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн эзлэх хувийг -2 хувиас багагүй байлгахаар төлөвлөсөн. Мөн зээлийн хүүг бууруулах бодлогыг Монголбанктай хамтран хэрэгжүүлэхээр тусгасан гэдгийг сайд хэллээ. Түүнчлэн эдийн засгийн салбаруудын өсөлтийг дэмжих салбаруудын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр хөдөө аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй, үйлдвэрлэл, эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай, аялал жуулчлал, үйлчилгээний салбаруудыг дэмжих тодорхой бодлого хэрэгжүүлж ажиллах бөгөөд эдгээр салбаруудын өсөлтийн үр дүнгээр ДНБ-ий өсөлтийг хангах бодлого баримтална. Түүнчлэн оюуны өмчийг хамгаалах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг дурдлаа.

Харин “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар үндсэн чиглэлийн төслийн эдийн засгийн үндэслэл, тооцоо, тоо баримтууд хоорондоо зөрүүтэй байгааг нарийвчлан авч үзэх, эдийн засгийн хямралаас гарах арга хэмжээ үр дүнгүй байгаа суурь шалтгааныг зөв олж тогтоох, валютын урсгалаа яаж нээх, эдийн засагт өндөр үр өгөөж өгч чадахуйц гадаад, дотоодын хөренгө оруулалтаа хэрхэн нэмэгдүүлэх, тухайлбал, 5 дугаар цахилгаан станц, төмөр зам, Тавантолгой, Оюутолгойн орд газрын болон Сайншанд төслийн хэрэгжилт хангалтгүй байгаад дүгнэлт хийж цаашид түргэтгэх тодорхой бодлого, арга хэмжээг үндсэн чиглэлийн төсөлд тусгах шаардлагатай гэсэн санал гаргажээ. Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

 “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 32 нь буюу 57.1 хувь нь дэмжсэн тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4549
0 эможи
keyboard_arrow_up