Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Чөлөөт бүс нь улсын төсвөөр тэтгүүлдэг биш өөрөө өөрийгөө санхүүжүүлэх ёстой

2014 оны 6 сарын 18

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөрийн үдээс хойш хуралдаж, хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Засгийн газраас энэ сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэж санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх

 

байсан ч хууль санаачлагчийн хүсэлтийн дагуу уг асуудлыг хэлэлцэхийг түр хойшууллаа.

Ингээд “Алтанбулаг” худалдааны болон “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсүүдийн өнөөгийн байдал, цаашдын үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонсохоор болж, энэ талаар Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат танилцуулга хийлээ. Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай үзэл баримтлалыг Улсын Их Хурлын 1995 оны 87 дугаар тогтоолоор баталж, чөлөөт бүс байгуулах үндэслэл шаардлага, онцлог зарчим, угтвар нөхцөл, баримтлах шалгуур үзүүлэлтийг тодорхойлж өгснөөр чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчин бүрдсэн. Улмаар 2002 онд Чөлөөт бүсийн тухай хууль, 2002 онд “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай, 2003 онд “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай, “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулиуд батлагдсан. Ийнхүү эдийн засгийн чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчин бүрдээд 10 гаруй жил өнгөрч, энэ хугацаанд улсын төсвөөс нэлээд хөрөнгө зарцуулсан ч олигтой үр дүнд хүрч чадахгүй байна. Иймээс чөлөөт бүс нь улсын төсвөөр тэтгүүлдэг биш өөрөө өөрийгөө санхүүжүүлээд зогсохгүй улсын төсөвт хөрөнгө мөнгө төвлөрүүлдэг газар болгож өөрчлөх зарчмын үндсэн дээр эрх зүйн орчинг нь улс орны хөгжлийн өнөөгийн шаардлага, хэтийн чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгох, гааль, хилийн шалган, хөдөлмөр эрхлэлтийн тусгай дэглэмийг хуулиар зохицуулж өгөх, чөлөөт бүсийн захирагчдын эрх мэдлийн хязгаарлагдмал байдлыг өөрчлөх үүднээс Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн бариад байгааг тэрээр хэллээ.

Дараа нь чөлөөт бүсийн захирагчид бүсийнхээ үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар Байнгын хорооны гишүүдэд товч мэдээлэл өгөв. “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийг стратегийн хөрөнгө оруулагчийн хөрөнгөөр байгуулж хөгжүүлэх бодлогыг Засгийн газраас баримталж байсан учир 2007 он хүртэл улсын төсвөөс хөрөнгө оруулалт хийгдээгүй. Энэ талаар Засгийн газрын тогтоолууд удаа дараа гарч стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулж менежментийн гэрээ байгуулж байсан боловч тодорхой үр дүнд хүрээгүйг тус бүсийн захирагч Д.Батсайхан хэллээ. Харин 2010 оноос БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 58.8 сая ам.долларын хөрөнгөөр “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл” хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төслийн хүрээнд Замын-Үүд сум болон “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн дулаан, цахилгаан, усан хангамж, ариутгах татуурга, авто зам, харилцаа холбооны байгууламжуудыг шинээр барих буюу шинэчилж байгаа аж. Одоогоор чөлөөт бүсийн дэд бүтцийн ажлууд 73 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм байна. Чөлөөт бүсийн мастер төлөвлөгөөг 2008 онд боловсруулан Засгийн газраар батлуулжээ. Бүсийн нутаг дэвсгэрийн 94 га-д нь аялал жуулчлал, ногоон байгууламж, 144 га талбайд үйлдвэр, агуулахууд төвлөрөхөөр зураг төсөлд тусгагджээ. Засгийн газрын 2004 оны 45 дугаар тогтоолоор Бүсийн захирагчийн ажлын албаны орон тооны хязгаарыг 31 байхаар тогтоосон бөгөөд одоогоор 28 орон тоотой ажиллаж байгаа аж.

 Харин “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд 2006 оноос эхлэн аж ахуйн нэгж байгууллагуудтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж эхэлсэн. Одоогоор тус бүсэд 82 аж ахуйн нэгж хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас 3 аж ахуйн нэгж нь үйл ажиллагаагаа эхэлж, 2.1 тэрбум төгрөгийн бодит хөрөнгө оруулалт хийгдээд байгаа гэдгийг бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн хэллээ. Өнгөрсөн хугацаанд тус бүсэд улсын төсвөөс нийтдээ 23 тэрбум 84 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, энэ хөрөнгөөр бүсийн үерийн хамгаалалтын далан, суваг, Алтанбулаг-Сүхбаатарын 25 км бохир усны шугам хоолойн цахилгаан хангамж, 800 шоометр усан сан, гааль, худалдааны зам талбайн ажил зэргийг гүйцэтгэжээ.

 Тус бүс энэ оны 6 дугаар сарын 22-ноос байнгын үйл ажиллагаанд шилжихээр бэлтгэл ажлаа базааж байгаа аж. Энэ хүрээнд Эдийн засгийн хөгжлийн яам болон “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчид хамтран энэ сарын 22-30-ны өдрүүдэд тус бүсэд олон улсын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах юм байна.

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд болон чөлөөт бүсийн захирагчдын мэдээлэлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүн Сү.Батболд, Л.Цог, Ж.Энхбаяр, М.Батчимэг, Н.Энхболд нар асуулт асууж тодруулав. Мөн гишүүн Л.Цог, Ж.Батзандан, Ж.Энхбаяр нар саналаа хэллээ. Хуралдааны төгсгөлд Байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар хэлэхдээ, энэ асуудлыг тус Байнгын хороо тохиолдлоор авч хэлэлцэж байгаа хэрэг биш. Чөлөөт бүсийн эрх зүйн орчныг бүрдүүлж, төрөөс хөрөнгө санхүүгийн зохих дэмжлэг үзүүлж ирсэн ч олигтой үр дүнд хүрэхгүй байгаагийн гол шалтгаан нь менежментдээ байна. Иймээс Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг оруулж ирэхээс өмнө чөлөөт бүсийн өнөөгийн нөхцөл байдлын талаар гишүүд тодорхой мэдээлэлтэй болох, салбарын яам, Засгийн газарт зохих чиглэл өгөх хэрэгтэй байгаа юм. Улсын төсвөөс хөрөнгө мөнгө нэхэхгүйгээр гадны хөрөнгө оруулагчдыг татах замаар чөлөөт бүсийг хөгжүүлж төсөвт хөрөнгө төвлөрүүлдэг байх, хөрөнгө оруулалтыг концессоор хийх боломж бүрдүүлэхэд энэ салбарын эрх зүйн шинэчлэл чиглэх ёстой гэдгийг хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4590
0 эможи
keyboard_arrow_up