Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа

2014 оны 6 сарын 18

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилсан институци, хүний эрхийн байгууллагын  Ажиглагчдын багийн дарга Одри Гловер болон тус байгууллагын зөвлөх, Монгол Улсыг хариуцсан ажилтан Александр Шлик нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.

 

Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилсан институци, хүний эрхийн байгууллага нь өнгөрсөн 2013 оны 6 дугаар сард болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд хоёр сарын турш  ажиглалт хийсэн бөгөөд нэгтгэсэн эцсийн тайланг өгөхөөр хүрэлцэн иржээ.

Хатагтай Одри Гловер уулзалтын эхэнд элгэмсэг дотноор хүлээн авч уулзаж буйд талархаад Ардчилсан институци, хүний эрхийн байгууллагаас гаргасан  тайлангийн дүн эерэг үзүүлэлттэй гарсан талаар дуулгав.

Тэрээр Монгол Улс Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн улс болоод удаагүй байх үед  сонгуулийн үйл ажиллагаатай танилцах завшаан олдсонд  баяртай байдаг хэмээн онцлон тэмдэглээд цаашид сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой засаж залруулах олон зүйл байгааг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, сонгуулийн үйл ажиллагаатай танилцаж ажиглалт хийсэн явдалд талархаж байна. Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагаас өгсөн санал зөвлөмжийг Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгаж ажиллах болно. Монгол Улсын бүх шатны сонгуулийн үйл ажиллагаанд өөрчлөлт авчрах чухал хувь нэмэр оруулж, хууль эрх зүйн орчныг сайжруулахад нөлөөлөхүйц дэмжлэг үзүүлсэнд талархаж байна гэв.

Түүнчлэн санал зөвлөмжтэй санал нэгдэж буйгаа илэрхийлээд Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн  талаар танилцуулж харилцан санал солилцсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах хорооны даргаар ажилласан хатагтай Одри Гловер Монгол Улс цаашид сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгааны санхүүжилтэд анхаарах, нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаанд зарцуулсан хөрөнгө, санхүүжилтийг тайлагнадаг байх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдэд сонгуулийн үйл явц одоо байгаагаас илүү нээлттэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх бүрэн боломжоор хангах, Сонгуулийн тухай хуулийн  шинэчилсэн найруулгыг дараагийн сонгууль болохоос амжиж нэг жилийн өмнө батлах зэрэг хэд хэдэн санал зөвлөмжүүд хэлсэн.

Мөн Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилсан институци, хүний эрхийн байгууллагын зөвлөх, Монгол Улсыг хариуцсан ажилтан Александр Шлик бие даасан нэр дэвшигчдийг хүлээн зөвшөөрч дэмжих, өргөдөл, гомдлыг шийдвэрлэхдээ түргэн шуурхай байх, сонгуулийн санал хураах хэсгийн хороодод ажиллаж буй төрийн албан хаагчдад шалгуур тавих зэрэг зөвлөмжүүд нэмж хэлэв.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей үнэтэй санал зөвлөмж хэлсэнд талархаад өргөдөл, гомдол шийдвэрлэх бие даасан комисс байгуулах талаар хуулинд оруулах төлөвлөгөөтэй байгааг дуулгасан. Мөн  цаашид улс төрийн намуудын төлөвшилд түлхүү анхаарах энэ талаар бусад улс орны тэргүүн  туршлагыг  судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4604
0 эможи
keyboard_arrow_up