Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан боллоо

2014 оны 6 сарын 18

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг /2013 оны байдлаар/ хэлэлцэх байсан ч уг асуудлыг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэйгээр байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг зарим яам, агентлаг тайлан мэдээллээ бүрэн гүйцэд ирүүлээгүйгээс болоод Засгийн газрын 2012-2013 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байгаа тул асуудлыг түр хойшлуулах санал гаргалаа.

Харин Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээс өмнө Засгийн газрын 2012-2013 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой. Энэ үндсэн дээр үйл ажиллагааны хөтөлбөрөөс хэрэгжээгүй үлдсэн асуудлыг ирэх оны үндсэн чиглэлд суулгаж, нэгэнт амласнаа хэрэгжүүлэхийг Засгийн газраас шахах нь зүйтэй, тиймээс энэ асуудлыг хойшлуулахгүйгээр хэлэлцье гэлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Су.Батболд нар ч ийм саналтай байгаагаа илэрхийлсэн юм. Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг энэ асуудлыг өнөөдөртөө ярих боломжгүй ч ойрын үед хэлэлцэх ёстой. Зөвхөн байнгын хороо гэлтгүй намын бүлгүүд дээр ч ярих нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв. Ингээд ажлын хэсгийн ахлагчийн саналаар энэ асуудлыг түр хойшлуулж ирэх долоо хоногт хэлэлцэхийг байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжив.

  Мөн энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр төлөвлөсөн байв. Харин уг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг эхлээд үндсэн байнгын хороо нь хэлэлцэх нь зүйтэй гэж тус байнгын хороо үзээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийн шатанд нь байнгын хороогоор хэлэлцэж санал, дүгнэлтээ хүргүүлэхээр тогтов.

Ингээд байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Ж.Батзандан, Н.Батцэрэг нарын 9 гишүүний өргөн барьсан Хяналтын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Төсөл санаачлагчдын нэг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан илтгэлдээ, уг хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж Улсын Их Хуралд хоёр удаа оруулж хэлэлцүүлсэн ч олонхын дэмжлэг авч чадаагүй тул нэр бүхий гишүүд хуулийн төсөлд зарчмын шинжтэй зарим тодорхой асуудлыг тусган өөрчлөн найруулж өргөн барьсан. Хуулийн төсөл нь 52 зүйл бүхий 8 бүлэгтэй. Хуулийн төсөлд хяналтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий аливаа этгээд /салбарын болон яамны харьяаллыг үл харгалзан/ аж ахуйн үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ энэ хуульд заасан хяналт шалгалтын үндсэн зарчмыг баримтлах бөгөөд тусгайлсан харилцааг тухайн салбарын хуулиар зохицуулахаар тусгалаа. Ингэснээр төрөөс хэрэгжүүлж буй аливаа хяналтыг ерөнхий нэг стандартын дагуу, эрсдэлд суурилсан зөвлөн туслах зарчмаар хэрэгжүүлэх, төрөөс хэрэгжүүлж буй хяналтуудын уялдаа холбоог хангах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой.

  Мөн төрөөс хэрэгжүүлэх хяналтын чиглэлүүдийг нэрлэн тусгаж, салбарын хуулийн дагуу шинээр хяналтын чиглэл бий болгодог байдлыг зогсоохын зэрэгцээ төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодыг хяналтын үйл ажиллагаанд оролцуулахаар төсөлд тусгаж өгсөн. Түүнчлэн улсын байцаагчийн сахилга, ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх, тодорхой болгох, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шалгуулагч этгээдийн эрхийг хамгаалах хүрээнд улсын байцаагчийн ёс зүйтэй холбоотой заалтуудыг нарийвчлан тусгалаа. Иргэн, хуулийн этгээд нь өөрийн ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах чиглэлээр дотоод хяналтын журам тогтоож ажиллах, эрсдлийн үнэлгээ хийх, байнгын хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгах, мэдээллийн сан бүрдүүлэхээр зааж өгсөн. Энэ хуулиар хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдалтай холбогдсон хяналтуудыг нэгдсэн хяналтын байгууллага хэрэгжүүлэх, бусад хяналтыг холбогдох яам, агентлаг хэрэгжүүлэхээр зохицуулсан. Хуулийн төслийг боловсруулах хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа бүх хуулийг шинжлэн үзэж, эдгээрээс 83 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзээд холбогдох хуулийн төслүүдийг боловсруулсан гэдгийг хэллээ. Хяналтын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг батлан хэрэгжүүлэхэд улсын төсвөөс нэмэлт хөрөнгө шаардагдахгүй юм байна.

  Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд, Су.Батболд нарын асуултад хуулийн төсөл санаачлагчдыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, С.Дэмбэрэл нар хариулт өгөв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, Ж.Батзандан, Г.Уянга нар үг хэлж, хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Хяналтын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.

 

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Тус байнгын хорооны энэ сарын 4-ний өдрийн хуралдаанаар эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх явцад төсөл санаачлагчаас зарим зүйлийг тодруулах шаардлагатай гэж үзээд хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг түр хойшлуулсан юм.

Монгол Улсын үндэсний болон дипломат ёслол, нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэх зэрэг ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нарыг ёслолын арга хэмжээнд оролцуулах, гадаадын зочид төлөөлөгчидтэй уулзуулах зэрэг ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг Төрийн ёслолын журмаар зохицуулдаг. Төрийн ёслолын ажиллагаа нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал болон нийт өргөн олныг хамарсан, Монголын ард түмний уламжлал, ёс заншил, үндэсний онцлогийг харуулсан бахархал, хүндэтгэлийн арга хэмжээ учраас төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч цаашид Төрийн ёслолын журмыг баталж байх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй урьдчилан зөвшилцсөн байна.

Хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд бусад хуультай уялдуулах зорилгоор Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хамтад нь боловсруулжээ.

  Хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг төрийн ёслол нь зөвхөн гүйцэтгэх засаглалд хамаатай асуудал биш. Энэ чиг үүргийг Ерөнхийлөгчид шилжүүлснээр төрийн эрх мэдлийн хуваарилалтад буруудах зүйл байхгүй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Л.Цог төрийн тэргүүнд ийм аар саар зүйлийг тохоод байх хэрэггүй учраас энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж буйгаа хэлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл одоо байгаа нь болохоо больчихоод яаралтай өөрчлөхөд тулчихсан асуудал биш учраас намрын чуулган хүртэл хойшлуулах нь зүйтэй, Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд одоогийн байгаа байдлыг өөрчилснөөр төрийн ёслолын ажиллагаанд ямар нэг алдаа гарвал засаж залруулахад түвэгтэй болно, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан наадам тулчихсан ийм үед төрийн ёслолын журмыг өөрчлөх нь буруу, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар эрх хэмжээнийхээ хүрээнд шийдээд явах нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй тул төсөл санаачлагч нь татаж авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсангүй.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4619
0 эможи
keyboard_arrow_up