Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

О.Баасанхүү: Тамхи татдаг тусгай цэг байгуулах санхүүгийн тооцоо судалгаа гаргах хэрэгтэй

2014 оны 6 сарын 18

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат 2014.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, тамхи татах тусгай цэг байгуулах тухай/-ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат танилцуулсан. Тамхины хяналтын тухай хууль батлагдан гарснаар хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дам тамхидалтаас үүсэх сөрөг нөлөөг багасгах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилтыг агуулсан эерэг үр дагаварууд бий болсон ч зарим заалт нь амьдралд нийцэхгүй байгааг төсөл санаачлагч онцолсон.

Иймээс энэхүү хуулийн эрх зүйн орчинг илүү тодорхой болгох, амьдралд хэрэгжихээр зохицуулах шаардлагад үндэслэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэлээ. Хуулийн төсөлд утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах, утаат тамхи татах зориулалтаар тусгайлан бэлтгэж өгсөн талбайг гадаа, агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тусгаарласан тасалгааг дотор байхаар зааж дээрх цэгүүдэд тэмдэг байрлуулахаар тусгасан байна. Мөн утаат тамхи татахыг хориглосон газарт эмнэлэг, сувилал гэж нэмэх, нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар, аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчинд утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байгуулж болохоор тусгажээ.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд нэлээдгүй маргаан мэтгэлцээн өрнүүлсэн юм. Л.Эрдэнэчимэг гишүүн, Хүнсний аюулгүй байдлын тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль хамт батлагдсан ч өнөөдрийг хүртэл хүнсний аюулгүй байдал ямар байгаа талаар огт хөндөхгүй байгаа мөртөө иргэдийн эрүүл мэндийг хамгаалсан, бодитой үр дүнгээ өгч байгаа Тамхины хяналтын тухай хуулийг өөрчлөх талаар яриад байгаад шүүмжлэлтэй хандсан. Тэрээр, энэ хууль батлагдсанаас хойш иргэд дотоод орчинд тамхи татахаа больсон. Гэтэл үүнийг буцаагаад зөвшөөрөх гэж байна. Тамхи татдаг хэсэг бүлэг хүмүүсийн төлөө энэ хуулийг өөрчлөх шаардлагагүй. Төрийн ордны гадаад орчинд 50 метрийн зайнд тамхи татах цэг байгуулсан. Иймд ордонд ажилладаг хүн тамхиа тэнд очоод татах бүрэн боломжтой. Гудамж, автобусны буудлын ойр орчимд тавигдсан хогийн савны дэргэд тамхины иш, хогоо хаях тусгай зориулалтын төмөр сав байрлуулахаар нийслэлтэй ярилцаж шийдвэрлээд байгаа гэсэн юм. 

Мөн О.Баасанхүү гишүүн тамхи татдаг тусгай цэг байгуулах санхүүгийн тооцоо судалгаа гаргах хэрэгтэй. Хуулийн төсөл түүхий байгаа тул сайжруулж дахин оруулж ирэх шаардлагатай гээд, иймээс энэ удаад хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулах саналтай байгаагаа хэлж байлаа. Д.Сумьяабазар гишүүн, Тамхины хяналтын тухай хуулийг иргэдийн дийлэнх нь сайшаан дэмжиж байгааг хэлээд, хуулийн хяналтын механизмыг сайжруулах нь чухал гэсэн юм. Түүнчлэн Их Хурлын гишүүд, сайд, дарга нар өөрсдөөсөө эхэлж хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэйг санууллаа. Д.Эрдэнэбат гишүүн, хуулинд өөрчлөлт оруулахын тулд судалгаа хийсэн талаар танилцуулсан. Тамхины хог хаягдал ихэссэн болон гудамж, талбайд тамхи татахтай холбоотой асуудлаар нийслэл болон Засгийн газрын 1111 төвд иргэд санал, гомдлоо ирүүлдэг байна. Иргэдийн зүгээс тамхийг дамлан ширхэгээр худалдаалах явдал ихэсч байгааг шүүмжилж, тамхи татах зөвшөөрлийн цэг байгуулах нь зүйтэй гэсэн саналуудыг олноор ирүүлжээ. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих асуудал хомс. Жишээ нь СБД-ийн нэг хороонд гэхэд л 6,1 сая төгрөгийн торгууль ногдуулсан байх жишээтэй. Энэ нь зөвхөн торгуулийн шинжтэй хууль болсныг харуулж байна. Иймээс тамхи татах цэгийг зөв байршуулах хэрэгтэй гэсэн саналыг оруулж ирж байгаагаа Д.Эрдэнэбат гишүүн онцолж байлаа. Мөн тэрээр тамхи татах цэг байгуулна гэхээр байшин барих асуудал гэж ойлгож болохгүй. Ганц хоёр шилэн хорго, хогийн сав байрлуулахад л болно. Энэ асуудлыг шийдэхэд нийслэл хот тохижилтын зардлаас гаргаад явах боломжтой. Дотоод орчинд тамхи татахыг хориглосноор байшин барилгын ойр орчим, гудамж, талбай, автобусны буудал, явган хүний зам тамхины ишээр дүүрч бохирдол ихээр бий болж байна. Хүний хэрэглээ зуршлыг хуулиар хориглож болохгүй гэсэн юм.

Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 10 гишүүний тав нь дэмжсэнээр хуулийн төсөл Байнгын хорооны дэмжлэг авч чадсангүй.

Үүний дараа Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.13-ны өдөр өргөн мэдүүлсэн/ -ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүү Ч.Сайханбилэг танилцуулав. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зөвшөөрөл, лицензийн тоог эрс цөөлж, зөвшөөрөл, лиценз авдаг олон шат дамжлагыг энгийн хэлбэрт оруулах, бизнест ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн өнөөгийн эрх зүйн орчин, тусгай зөвшөөрөл олгож буй эрх бүхий байгууллагууын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, шаардлагагүй зөвшөөрлүүдийг хүчингүй болгох өргөн далайцтай хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын байгуулсан Ажлын хэсгийн түвшинд зохион байгуулж, Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслүүдийг шинээр боловсруулжээ.

Тус хуулиар үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол учруулж болзошгүй, орчиндоо аюултай аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, хязгаарлагдмал нөөц бүхий нийтийн өмч, эрхийг эзэмших ашиглахад зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, цуцлах, зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой нийтлэг харилцааг энэ хуулиар зохицуулах юм байна.

Зөвшөөрлийг хянах, олгох үйл ажиллагааны арга, дэглэмжийг тогтоох зорилгоор “онцгой”, “тусгай”, “энгийн” гэсэн 3 бүлэгт ангилахаар тусгасан байна. Мөн зөвшөөрөл олгох үйл ажиллагааны нийтлэг журмыг нарийвчлан тодорхойлжээ. Тухайлбал, онцгой зөвшөөрлийг 7 хоногийн дотор шууд олгохоор тусгасан байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Ё.Отгонбаяр, Л.Энх-Амгалан, Д.Сумьяабазар, Л.Эрдэнэчимэг нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн зүгээс хууль хоорондын уялдаа холбоог шалгаж нягтлах, тусгай зөвшөөрлийг цөөлөхдөө мэргэжлийн байгууллагуудын оролцоог бий болгох, ерөнхий боловсролын сургуулиудад тусгай зөвшөөрөл олгох томьёоллыг дахин нягтлах, төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас болж иргэн, аж ахуйн нэгж хохирсон хохирлыг хэрхэн шийдэх асуудлыг нарийвчлан тусгаж өгөх хэрэгтэйг анхааруулж байсан юм. Мөн энэ хуультай холбогдуулан Хяналтын тухай хуулийг яаралтай батлах хэрэгтэйг сануулж, эрх шилжүүлэх зарчмын талаар хуулийн төсөлд бүрхэг туссан талаар шүүмжлэлтэй хандаж байв.

Хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж Байнгын хорооны санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
4635
1 эможи
keyboard_arrow_up