Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь цахим ярилцлага хийлээ

2014 оны 6 сарын 19

Улсын Их Хурлын гишүүдийн уламжлалт цахим ярилцлага өнөөдөр Төрийн ордны “Г” танхимд боллоо. УИХ-ын Тамгын газраас зохион байгуулж буй тав дахь удаагийн цахим ярилцлагад Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, УИХ-ын Тамгын газрын Нарийн бичгийн дарга Б.Цэвээнпүрэв, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд, Дорноговь аймгийн засаг даргын орлогч Б.Төмөрхуяг, аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар болон иргэдийн төлөөлөл оролцов.

Улсын Их Хурлын Тамгын газрын Нарийн бичгийн дарга Б.Цэвээнпүрэв ярилцлагыг нээж хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын Тамгын газраас 2009 оны 06 дугаар сараас эхлэн анх УИХ-ын гишүүдийн цахим ярилцлагыг зохион байгуулж ирсэн. Энэхүү ажлыг 2014 оны 04 дүгээр сараас дахин сэргээж эхэллээ. Цахим ярилцлагыг зохион байгуулснаар УИХ-ын гишүүд хөдөө орон нутгийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг цаг алдалгүйгээр цахимаар ярилцахаас гадна хуулийн төсөл болон УИХ-аар батлагдан гарсан хуулийн талаар иргэдтэй нээлттэй санал солилцох боломжийг бүрдүүлж байна гэв.

Мөн тэрээр өмнөх ярилцлагуудад Баян-Өлгий, Төв, Баянхонгор, Ховд аймгийн удирдлагууд оролцож байсныг дурдаад УИХ-ын Тамгын газраас цаашид энэхүү ярилцлагыг орчин үеийн техник технологийн ололтуудыг ашиглан зохион байгуулахаар төлөвлөж байгааг онцлов.

Энэ удаагийн цахим ярилцлага “Нутгийн удирдлагын тогтолцоо” сэдвийн хүрээнд боллоо.

Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдаад 20 гаруй жил өнгөрсөн ч нутгийн удирдлагын бие даасан байдал хэрэгжилгүй учир дутагдалтай байна. Цаашид нутгийн удирдлагын тогтолцоог шинэчлэх шаардлага тулгарч байгаагаас гадна сумын болон аймгийн Засаг дарга нарыг иргэдийн саналаар сонгодог болох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Том Төрөөс Ухаалаг Төр лүү” шилжихэд улс төрийн албан тушаалтан, орон нутгийн удирдлагуудын эрх хэмжээний асуудалд зайлшгүй анхаарал хандуулах хэрэгтэй. Ухаалаг төр лүү шилжихэд нэгдүгээрт нутгийн удирдлагын тогтолцоонд анхаарах, дараа нь төрийн тогтолцоо, улс төрийн намын тогтолцоо гэсэн үе шатлалаар явах нь зүйтэй хэмээгээд гажигтай байгаа тогтолцоог юун түрүүн засаж залруулах шаардлагатай гэсэн юм. Мөн тэрээр АНУ-ын орон нутгийн бие даасан тусгай хуулиар жишээ татаж бусад улс орны туршлагаас судлах талаар санал солилцлоо.

Дорноговь аймгийн засаг даргын орлогч Б.Төмөрхуяг, цахим ярилцлагын үеэр нутгийн удирдлагын бие даасан байдлыг бэхжүүлэх , нутгийн удирдлагын тогтолцоонд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд тодорхой шийдэл дутагдаад байгааг хэлсэн юм.

Мөн тэрээр орон нутагт улс төржих явдал хэтэрч буйг онцлоод төрийн албан хаагч аль нэг улс төрийн намын харъяалалгүй байх ёстой ч бодит байдал дээр биелэлээ олохгүй байна. Улс төрийн намын гишүүнчлэлийн байдалд хязгаар тавих, орон нутгийн удирдлагуудыг намаас биш иргэд дундаас сонгож нэр дэвшүүлдэг болох саналтай байгаагаа хэлсэн юм.

Цахим ярилцлагын үеэр Дорноговь аймгийн нутгийн удирдлагын байгууллагын удирдах албан тушаалтнууд улс төрийн сонгуулийн үйл ажиллагааг цөөлөх талаар санал гаргасан. Орон нутгийн удирдлагуудыг иргэд дундаас сонгох, сонгуулийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах зэрэг “Нутгийн удирдлагын тогтолцоо”-ны хүрээнд цахим ярилцлага өрнөв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4676
0 эможи
keyboard_arrow_up