Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Д.Дамба-Очир УИХ-ыг муухай харагдуулж чадлаа

2019 оны 5 сарын 09

Arslan.mn

Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэхээс өмнө Оюутолгой компанид өгөөгүй гэж мэлзэж байсан Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очирын үнэн төд удалгүй мэдэгдэв. 

Эдийн засгийн байнгын хорооны Мягмар гарагийн хуралдаанаар Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх байсан ч тус Байнгын хорооны даргын балгаар ирэх долоо хоног болгож хойшлуулсан. Өөрөөр хэлбэл, гишүүд ажлын хэсгийн дүгнэлттэй танилцаж амжаагүйгээс гадна түшээдээс урьтаж Оюутолгой компанийнхан ажлын хэсгийн дүгнэлтийг судалж, хариулт мэдээлэл бэлтгэн тараасан нь хэлэлцүүлгийг хойшлуулах шалтгаан болсон юм. Үүний зэрэгцээ УИХ-аар хэлэлцэхээс өмнө хөрөнгө оруулалтын компанид мэдээлэл хүргүүлсэн буруутанг хайтал нэг өдрийн өмнө “Албан ёсоор хүргүүлээгүй” гэж мэдээлж байсан Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир байсан нь албаныхны мэдээллээр тодорхой болсон.

Тодруулбал, Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх н.Мөнхбаяр “Оюутолгойтой холбоотой гурван материал гишүүдэд тараасан. Хоёрыг нууцын журмаар, нэгийг нь энгийн журмаар тараасан. Ажлын хэсгийн тайлангийн хураангуй хэлбэрийг энгийн журмаар гишүүдэд тараасан. Энгийн журмаар тараасан тайланг өнгөрсөн Баасан гарагт Байнгын хорооны даргын зүгээс Оюутолгой компанид албан бичгээр өгч, тайлбар, санал хүссэн. Үүний дагуу Оюутолгой компаниас тайлбар ирүүлсэн. Нууцын журмаар хоёр материал тараасны нэг нь Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтын тайлан.Нөгөө нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Байнгын хороонд ирүүлсэн танилцуулга. Ажлын хэсгийн дэлгэрэнгүй дүгнэлтийг тараагаагүй байгаа” гэснээр Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир Оюутолгой компанийнханд дүгнэлтийг хүргүүлсэн нь тодорхой болсон гэхэд болно.

Оюутолгой компанийн зүгээс ч энэ сарын 3-н буюу өнгөрсөн Баасан гарагт УИХ-аас нууцын зэрэглэлгүйгээр ажлын хэсгийн дүгнэлтийг хүргүүлж, тайлбар авахыг хүссэн тул өнгөрсөн Даваа гарагт тайлбараа хүргүүлсэн талаар мэдэгдэл гаргасан юм.

Хэдийгээр нууцаас гадуурх мэдээлэл гэж байгаа ч УИХ-аар хэлэлцсэний дараа, Оюутолгой компанийнхнаас хариу тайлбар авах ёстой атал төрийн түшээ тэр дундаа Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд энэ нь зохимжгүй үйлдэл байв. Магадгүй Оюутолгой компанийнхнаас хариу тайлбар авах нь зөв байж болох ч түүний энэ үйлдэл өөрийг нь болоод УИХ-ыг нийгэмд муухай харагдууллаа. Тэгээд бүр албан бичиг явуулсан эсэхээ “мэдэхгүй” мэдэн будилсан нь бүр ч зохисгүй харагдав. Үүгээрээ Оюутолгой цаашлаад “Рио Тинто”-г ч нийгэмд буруугаар ойлгууллаа.

Улс орны гол салбарыг хариуцсан Байнгын хорооны даргаар ажиллахдаа ингэж байгаа нь цаашлаад төрийг зөв түшилцэх эсэхэд нь эргэлзэхэд хүргэлээ. Тиймдээ ч зарим гишүүн Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцүүлгээс урьтаж хүргүүлэн нөлөөлүүлэх гэсэн оролдлого хийсэн хүнийг хуулийн байгууллагаар шалгуулах ёстойг хэлж байна. Тодруулбал, ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва “Асуудлыг хэлэлцэхээс өмнө буюу Байнгын хороонд байгаа, УИХ-ын гишүүдэд тараасан мэдээллийг өөр нэгэн байгууллагад өгсөн нь маш зохисгүй үйлдэл. Үүнийг хуулийн байгууллагаар шалгах ёстой. Яагаад гэвэл хэлэлцэх явцад дүгнэлтийг авч, анализ хийх нь тухайн компанийн асуудал. Харин Байнгын хорооны хурал болохоос өмнө Оюутолгой компанийнхан мэдээлэл авч, судалсан нь хэлэлцэх гэж байгаа асуудлыг урьдчилсан байдлаар өгч, нөлөөлүүлэх гэсэн ноцтой асуудал. Үүнийг хаанаас, хэн, хэрхэн тараасан, албан ёсоор уу, албан бусаар уу, ингэж мэдээлэл өгч болох уу, үгүй юү гэдгийг хуулийн байгууллага шийдэх байх. Миний хувь хүний бодол бол нэгэнт хэлэлцэж эхлээгүй байгаа асуудлыг гаргахгүй гэж өдийг хүртэл явсан. Сэтгүүлч нарт ч өгөөгүй. Харин би төрийн гурван өндөрлөг болоод Эдийн засгийн байнгын хорооны даргад ажлын хэсгийн дүгнэлтээ өгсөн. Байнгын хорооны гишүүдэд хураангуй байдлаар дүгнэлтийг өгсөн байгаа. Гэтэл урьдчилсан байдлаар материалыг өгч, шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдож байгаад их харамсаж байна” гэсэн юм.

Нөгөөтэйгүүр анх Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг ахалж байсан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир тус ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ хэлэлцэхээс өмнө Оюутолгой компанийнханд өгсөн нь ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гэх мэдээлэл гарч эхэллээ. Тодруулбал, түүний эзэмшлийн “Очир төв” компани Оюутолгойгоос зарласан тендерт хоёр ч удаа шалгарч, авто зам тавьж байсан гэнэ. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир Оюутолгой компанид албан бичиг хүргүүлсэн нь бүр л асуудал дагуулна. Харин түүний нуусан үнэн зарим гишүүний хэлсэн шиг УИХ-ын шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх байсан эсэх нь удахгүй илрэх биз ээ.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
603256
1 эможи

Зочин
2019-05-09 22:50
Оюу толгойн тагнуул нь Дамба-Очир байсан юм бишүү .,баригдлаа хуулийн хариуцлага хүлээх үлдлээ.
Иргэн
2019-05-09 12:36
Одоо бүүр сайхан?! УИХ-ын гишүүд нь гадныханд нууцаа тараагаад явж байдаг болж?! Одоо бид хэнд ч итгээд хэрэггүй болждээ?! Өрөвдөлтэй, бас эмгэнэлтэй?!
Иргэн
2019-05-09 12:36
Одоо бүүр сайхан?! УИХ-ын гишүүд нь гадныханд нууцаа тараагаад явж байдаг болж?! Одоо бид хэнд ч итгээд хэрэггүй болждээ?! Өрөвдөлтэй, бас эмгэнэлтэй?!
Иргэн
2019-05-09 12:35
Одоо бүүр сайхан?! УИХ-ын гишүүд нь гадныханд нууцаа тараагаад явж байдаг болж?! Одоо бид хэнд ч итгээд хэрэггүй болждээ?! Өрөвдөлтэй, бас эмгэнэлтэй?!
Зочин
2019-05-09 10:33
“Очир төв” компани Оюутолгойгоос зарласан тендерт хоёр ч удаа шалгарч, гүйцэтгэгчээр ажиллаж байсан нь үнэн шүү дээ. Одоо ч ажиллаж байгаа бил үү дээ. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй Их хурлын гишүүдээ яах ёстой вэ
keyboard_arrow_up