Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын дарга шатрын спортын аварга тамирчдыг хүлээн авч уулзлаа

2019 оны 5 сарын 09

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын дарга, Монголын Шатрын холбооны Хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар өнөөдөр /2019.05.08/ сурагчдын болон ахмадын дэлхийн аварга, Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн, дэлхийд данстай тамирчдыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтын эхэнд Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал  Ц.Цогбаяр хүрэлцэн ирсэн тамирчдын амжилтын талаар танилцуулав.

Турк улсад 2019 оны дөрөвдүгээр сарын 17-26-ны өдрүүдэд болсон Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс сурагч Э.Энхрий, Х.Баясгалан, О.Өлзийхишигжаргал нар алтан медаль, Б.Ананд, Д.Мөнхзул, Н.Наран-Эрдэнэ нар мөнгөн медаль, Д.Сүхбат хүрэл медаль хүртжээ. 33 орны 392 тамирчин оролцсон тус тэмцээнд багийн дүнгээр Монгол Улсын сурагчид аваргалсан байна.

Грек улсад 2019 оны дөрөвдүгээр сарын 12-20 ны өдрүүдэд болсон Ахмадын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ангиллын тэргүүн байрыг 65+ насны эмэгтэй тамирчид, эрэгтэйчүүдийн ангиллын хоёрдугаар байрыг 50+ насны эрэгтэй тамирчид эзэлсэн байна. Эмэгтэйчүүдийн ангилалд эх орноо төлөөлж өрсөлдсөн спортын мастер С.Хандсүрэн, Д.Сэржмядаг, П.Бүжинлхам нар хүрэлцэн иржээ. Багийн ахлагч спортын мастер Б.Мягмарсүрэн хүндэтгэх шалтгааны улмаас ирж чадаагүйг дуулгав. Эдгээр ахмад тамирчид 2018 оны амжилтаа давтаж, хошой аварга болсон байна.

Түүнчлэн, 2019 оны дөрөвдүгээр сарын 1-10-ны өдрүүдэд Шри Ланк улсад болсон Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн Ц.Анударь, хүрэл медаль хүртсэн Л.Очирбат нар иржээ.

Монгол Улсын Их Хурлын дарга, Монголын Шатрын холбооны Хүндэт Ерөнхийлөгч Г.Занданшатар сурагчдын дэлхийн аварга болон Азийн өсвөрийн аваргын тэмцээнээс шалгарч, дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авсан өсвөрийн тамирчид, дэлхийн аварга болсон ахмад тамирчдад баяр хүргэлээ.

Тэрбээр, “Шатрыг их гүрний спорт, элитийн спорт гэж дэлхийд ярьдаг. Шатраар амжилт гаргаж байгаа ОХУ, БНХАУ, АНУ гэх зэрэг  их гүрнүүд байна. Оюуны цар хүрээ, чадвараараа Монгол Улс их гүрний дайтай гэдгийг харуулж, нэн ялангуяа өсвөрийн шатарчид маань дэлхийд цахиур хагалж байна. Сурагчдын дэлхийн аварга болсон гурван сурагчдаа монгол хүүхдүүдийн чадварыг дэлхийд таниулсанд баяр хүргэе. Сүүлийн жилүүдэд манай охид, ахмад эмэгтэй шатарчид, эмэгтэй, эрэгтэй шигшээгийнхэн бүгд мундаг амжилт гаргаж байна.

Оюуны энэ спортыг улам хөгжүүлэх зорилгоор Шатрын ордонтой болохоор ярьж байгаа. Барилга барих газрын асуудал шийдэгдсэн. Монголоос дэлхийн шатрын аварга төрөх өлзийтэй ерөөлийг дэвшүүлье” гэлээ.

Энэ үеэр ахмад тамирчин, Монголын анхны эмэгтэй олон улсын мастер С.Хандсүрэн, амжилт гаргаж байгаа өсвөрийн тамирчдаа тууштай дэмжиж, сар бүр мөнгөн урамшуулал олгож байвал ирээдүйн дэлхийн аварга Монголоос төрөхөд том дэмжлэг болно хэмээн саналаа хэлэв.

Эцэст нь, Монгол Улсын Их Хурлын дарга, Монголын Шатрын холбооны Хүндэт Ерөнхийлөгч Г.Занданшатар “Нэг монгол-Нэг нүүдэл” шатрын тэмцээнийг Төрийн ордонд зохион байгуулж, сурагчдыг УИХ-ын гишүүдтэй тоглуулах боломж байгааг Монголын шатрын холбооныхонд дуулган, тамирчдад дурсгалын зүйл гардуулснаар уулзалт өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603264
0 эможи

keyboard_arrow_up