Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Эрх баригчид Үндсэн хуульд “гар хүрэх”-ээр шийдсэн бололтой

2019 оны 6 сарын 10

Arslan.mn

Эрх баригч намынхан өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан нь улс төрийн хүрээнд анхаарал татаж эхэллээ. 

МАН мөрийн хөтөлбөртөө энэ асуудлыг тусгасан, эцэг хуулиа өөрчлөх цаг үе болсон гэдгийг нийгмийн тодорхой давхарга хүлээн зөвшөөрдөг ч гэлээ энэ парламентад Үндсэн хууль өөрчлөх ёс зүй бий гэдэг нь эргэлзээтэй байна.

Тухайлбал, ЖДҮ-гийн асуудал, хүчингийн хэрэг, 60 тэрбумын наймаа, бүлэглэл хоорондын талцал хуваагдал гээд 2016 оны парламент хамаг муу бүхний үлгэр дууриал болж ирсэн.  Түүнчлэн,  Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс хоёр ч удаа УИХ-ыг тарахыг шаардсан албан бичгийг хүргүүлсэн.  Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн сарын 23-нд ийм утга бүхий  шаардлагыг  УИХ-ын даргад хүргүүлээд байна. Ерөнхийлөгчийн ирүүлсэн бичигт “Өнгөрсөн оны аравдугаар сарын 29-нд УИХ өөрөө тарахыг миний бие санал болгосон. Үүнээс хойш хагас жил орчим хугацаа өнгөрсөн ч УИХ-ын ажил дорвитой сайжирсангүй. Сонгогчдын итгэлийг хөсөрдүүлсэн, хууль зөрчсөн үйлдэл гаргаж ирсэн. ЖДҮХС-гийн зээлийг төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд авч, жирийн иргэдийн боломжийг булаалаа.  Төрийн өндөр албан тушаалыг үнэлэх замаар мөнгө босгох санал гаргаж байсан. УИХ-ын гишүүд хүчингийн хэрэгт нэр холбогдсон олон асуудал гарсан. УИХ-ын баталсан Татварын багц хууль иргэн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн эрхийг зөрчсөн олон заалт байсан. 

Өнөөгийн Монгол Улсад УИХ нь ард олныг сайн сайханд дагуулах чадваргүй байна. Тиймээс улс төрийн эр зориг гарган УИХ өөрөө тарах шийдвэр гаргахыг уриалж байна” гэсэн байдаг.  Ийм  олон асуудалтай, анхаарлын тэмдэгтэй парламент  Үндсэн хуулийг өөрчлөхөөр нэгэнт шийдчихэв бололтой.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг өргөн барьж, баасан гаригт  УИХ-ын Дэгийн тухай хуулийг өөрчлөн батлав.  Энэ нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үеэр УИХ ямар дэгээр хуралдах вэ гэдгээ тодорхой болгосон гэсэн үг.   Түүнчлэн энэ долоо хоногоос эхлэн парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, түүний дараа гишүүд төслөө нэг сарын хугацаанд тойрогтоо танилцуулан, иргэдийн санал санаачлагыг тусгаж, ирэх долдугаар сард шинэ Үндсэн хуулийг батлах товтой байна.  МАХН-ын боловсруулсан Дээд үндсэн хуулийн төсөлд байгалийн баялаг ард түмний өмч гэж заасан бол  МАН-ын боловсруулсан хуулийн төсөлд байгалийн баялаг төрийн мэдэлд байна гэдгийг тусгасан байна.  Түүнчлэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдад эрх мэдлийг өгч,  харин  Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарласан заалтууд нэлээд орсон байдаг.  Тухайлбал Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн зургаан жилийн хугацаанд эх орондоо байнга оршин суусан,  Монгол Улсын иргэнийг  зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэжээ. Тэгэхээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол нэг л удаа зургаан жилээр бүрэн эрхээ хэрэгжүүлнэ гэсэн үг юм.  Түүнчлэн Ерөнхийлөгчийн шүүгчийг томилох, түдгэлзүүлэх эрх мэдлийг хязгаарласан байна.  Харин УИХ, сайд нарыг томилдог томилгооны эрхээсээ татгалзаж, Ерөнхий сайдад шилжүүлж болно.  Ингэснээр Засгийн газар бие даан танхимаар ажиллах боломжийг бүрдүүлнэ гэж үзжээ.

Мөн өнгөрсөн долоо хоногт  МАН Сонгуулийн хуулийг өөрчлөх хуулийн төслөө танилцуулсан. Тэд Монгол Улс нэг тойрог гэсэн системээр ирэх 2020 оны сонгуулийг явуулах нь зүйтэй гэж үзжээ. МАН-ын  энэхүү мэдэгдэл улс төрийн хүрээнд гэнэтийн үйл явдал байв. Гэсэн ч сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тэр дундаа Монгол Улс нэг тойрог гэх системээр явна гэх хэлэлцүүлэг өмнө нь  болоогүй.  Түүнчлэн одоо яригдаж байгаа хуулийн төсөлдөө  ч  нэг тойрог гэх  заалтыг тусгаж амжаагүй байна.  МАН-ын боловсруулсан Сонгуулийн хуулийн төслийн 4.4-т Сонгууль нь олонхийн /мажоритар/ тогтолцоотой байна. 11.2-т Сонгуулийн нутаг дэвсгэр нь тойрогт хуваагдана гэжээ. Тэгэхээр МАН-ын  хуулийн төсөлд ороогүй, хэлэлцүүлээгүй асуудлаа яагаад олон нийтэд гэнэт мэдээлэх болов. Үүний цаана улс төрийн тоглолт ч явж мэднэ гэх асуудал улс төрийн хүрээнд яригдаж байна.

Ер нь эрх баригчдын анхаарал одоогоор Үндсэн хуулийг өөрчлөх асуудал дээр төвлөрчихөөд байгаа. Ийм үед гэнэт Сонгуулийн хуулийг өөрчлөх, тэгээд бүр Монгол Улс нэг тойрог болно гэж олны анхаарлыг татаж эхэлсэн нь зүгээр нэг бамбай төдий асуудал байж болох юм. 

Өөрөөр хэлбэл, МАН сонгуулийн хуулиар молигдож байгаад Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх үү гэдэг хардлага байна.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан  Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. МАН-ын бүлэг, Хууль зүйн байнгын хорооны хурлаар уг асуудлыг хэлэлцээд, хүлээж авах боломжгүй гэж үзээд  байсан билээ.  Гэсэн ч чуулганаар хэлэлцээд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаар болов.

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604550
0 эможи

keyboard_arrow_up