Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

АХБ-ны дэд ерөнхийлөгч Ахмед М.Саийдыг УИХ-ын дарга хүлээн авч уулзав

2019 оны 6 сарын 11

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар Азийн Хөгжлийн Банк /АХБ/-ны дэд ерөнхийлөгч ноён Ахмед М.Саийд тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд, АХБ-ны дэд ерөнхийлөгч ноён Ахмед М.Саийд Монгол Улсад анх удаа зочилж буйгаа дуулган, эрхэмсэг ноён УИХ-ын даргыг цаг зав гарган уулзаж буйд баяртай байна хэмээв.

УИХ-ын дарга Г.Занданшатар, энэхүү завшааныг ашиглан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарыг хөгжүүлэхэд сүүлийн 20 жилд АХБ-ны гүйцэтгэсэн үүргийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна гэв. Тэрбээр, АХБ нь Монгол Улсын Засгийн газартай хамтран 1.9 тэрбум ам.долларын 310 төслийг хэрэгжүүлээд байна. Энэ нь Монгол Улсын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж, нийгэм, эдийн засгийн салбарт томоохон шинэчлэлийг бий болгосон. Бид АХБ-тай цаашид бүхий л салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаа төдийгүй Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсанаар эдийн засгийн өсөлт хурдсаж, хөрөнгө оруулалт нэмэгдэн, төсвийн сахилга бат сайжирч байгааг тэмдэглэн талархал илэрхийлэв. Түүнчлэн, манай улс уул уурхайн салбарыг түшиглэсэн эдийн засагтай хэдий ч энэ нь дэлхийн зах зээлийн үнийн өөрчлөлтөөс хамааралтай. Иймд манай УИХ, Засгийн газартайгаа хамтран эдийн засгаа аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт тулгуурлан солонгоруулах зорилготой байна. Мөн манай орны эдийн засаг сэргэж, 2019 оны эхний улиралд ДНБ-ий өсөлт 8.6% -д хүрээд байна гэлээ. 

АХБ-ны дэд ерөнхийлөгч ноён Ахмед М.Саийд хэлэхдээ, АХБ, Монгол Улстай нягт холбоотой ажиллаж байгаа нь урт удаан хамтын ажиллагааны үр дүн. Эдийн засаг сэргэж байгаа нь танай УИХ-аас баримталж буй бодлого, эрх зүйн зохицуулалтын салшгүй хэсэг юм. Түүнчлэн Монгол Улсад айлчилж буй зорилгын нэг бол олон улсын санхүүгийн байгууллагуудаас гаргасан хүсэлтийн дагуу Монголын банк, санхүүгийн салбарын ажилтай танилцах юм гэлээ.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьсан болохыг дурдаж, хуульд орж буй өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө. Уулзалтад Азийн Хөгжлийн Банкны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломен, Азийн Хөгжлийн Банкны дэд суурин төлөөлөгч Деклан Мааги нар байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604599
0 эможи

keyboard_arrow_up