Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Өлзийт сумын иргэд дэмжиж байна гэв

2019 оны 8 сарын 01

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Баянхонгор аймагт ажиллаж байна.

Улсын Их Хурлаас 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 72 дугаар тогтоол баталж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар 2019 оны 07 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Төрийн ордонд таван удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, улс төрийн нам, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн саналыг сонссон.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтэд танилцуулж, саналыг нь сонсож үйл явц үргэлжилж байгаа бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн зарим сум буюу УИХ-ын сонгуулийн 7 дугаар тойргийн иргэд, сонгогчидтойгоо уулзаж байна.

Тэрбээр өчигдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд ажиллаж, “Зуслангийн өдөрлөг” арга хэмжээнд оролцов.

УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулгадаа, “1992 оны Үндсэн хууль шилжилтийн үүргээ сайн гүйцэтгэсэн. Нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлийг дагаад нэмэлт, өөрчлөлт хийх цаг нь болсон байна. Энэ өөрчлөлтийг хийх санаа нэг өдөр бий болоогүй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд боловсруулсан төслийг хэлэлцэж эхлээд байна. Олон үе шаттай хэлэлцүүлгүүдийг хийж, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, иргэдээс саналыг нь авч байгаа. Улс төрийн 18 намын удирдлагуудтай уулзсан. Бүгд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Бид нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “дордуулсан” гэх долоон өөрчлөлтийг засах гэж байна. Ардчилал гэдэг бол “ардын засаг” учраас хүн бүр сахилга, хариуцлагыг ухамсарлах ёстой цаг ирээд байна. Хэн нэгнээс бэлэн зүйл хүлээх биш бид өөрсдөө юу хийж чадах билээ гэдгээ бодож, өөрчлөлт шинэчлэлийн төлөө хүчээ нэгтгэж, зүтгэх хэрэгтэй. Улсын хөгжил сумаас түүчээлнэ. Сум орон нутгийн удирдлагууд сэтгэлтэй, зүтгэлтэй ажиллахын зэрэгцээ иргэд өөрсдийн ахуй амьдралыг сайжруулахын тулд оролцоотой байж, санал санаачилга бүрээ илэрхийлж байх нь чухал. Тиймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээрээ дэмжинэ гэдэгт итгэж байна” хэмээн онцлов.

 Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд сумын Засаг даргыг ард иргэд сонгодог болж буй нь олон улсын чиг хандлагатай нийцэж буйг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлэгт оролцогчдын асуултад хариулт өгөхдөө тодорхой тайлбарлав. Ийн сонгогдсоноор сумын Засаг дарга төв Засгийн газраа сонсохгүй, тусгаарлаад байх эрсдэл үүсэх вий гэдэг болгоомжлол ч яригддаг. Тэгвэл ийм тохиолдолд буюу хууль зөрчвөл “Засаг даргыг хуульд заасан үндэслэл, журмаар” огцруулах зохицуулалт төсөлд мөн бий гэдгийг тэрбээр тайлбарлав.

Сумын Засаг дарга нарын хувьд ИТХ-ын төлөөлөгчдийн барьцаанд байх нь нэн төвөгтэй учраас нэг бол дээрээс томилдог, эс бол ард түмнээс сонгодог болгож өгөөч гэдэг хүсэлтийг байнга хэлдэг. Үүнийг томруулаад харвал зовлон нь аймагт ч бас бий. Улсын түвшинд харвал Засгийн газар ч төстэй байдалд бий. Манай тогтолцооны гол гажуудлыг засаж, хэсэг бүлэг хүмүүсийн шахалтаас ангид шат шатны гүйцэтгэх эрх мэдлийг тогтвортойгоор ард олны төлөө ажиллах боломжийг бүрдүүлэхээр Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгаад байгааг Улсын Их Хурлын дарга тэмдэглэв.

 СУМАА ШИНЭЧЛЭХ АЯН ЭХЛҮҮЛЭХИЙГ УРИАЛАВ

Хөдөөд хот шиг амьдарч болохын жишээг харуулж, Монгол Улсын хэмжээнд жишиг болон хөгжиж яваа сум бол Дундговь аймгийн Гурвансайхан сум. Сумын шинэчлэлийг эхлүүлснээс хойш өнгөрсөн 5 жилийн хугацаанд тус суманд хийгдэх шинэчлэл, бүтээн байгуулалтын ажил үргэлжилсээр байгааг тус сумын Нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэн танилцуулав.

2014 оны 2 дугаар сарын 15-ны өдөр анхны уулзалтаа хийхэд гурван хүн, 2 долоо хоногийн дараа хийсэн уулзалтад 6  хүн ирж байсан тухай тус сумын Нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэн сумын шинэчлэлийн ажлаа эхэлсэн тухайгаа дурсан ярьсан байдаг.

Цаашдаа иргэд ирж оролцох нь нэмэгдэж, санал бодлоо солилцон хамтран хөрөнгө босгож, иргэд өөрсдөө хандив, мөнгө өгч, сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар  ОНХС-ийн хөрөнгөө оруулж, хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах зэргээр сум, Нутгийн зөвлөл, иргэд бүгд идэвхийлэн оролцсоноор өнөөдрийн үр дүнд хүрчээ.

Эхний ээлжинд сумын төвийн айл өрхүүд гудамж дагуу жигдрэн блокон суурьтай сараалжин хашаагаар ижилсэж, цэвэр бохир усны шугам, халаалт дулааны нэгдсэн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжаа барьж, 3 км засмал зам тавьж, гэрэлтүүлэг хийжээ.

Азийн хөгжлийн банкны 2,5 тэрбум төгрөг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газраас 250 мянган ам.доллар, Туркийн сангаас 250 сая төгрөг, тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайгаас 250 сая төгрөг, дээр нь Орон нутгийн хөгжлийн сангийн 400 сая, иргэдийн хандивын 300 сая төгрөгөөр эхний хөрөнгө босчээ.

 Сумын төвийн өнгө үзэмжийг сайжруулж, иргэдийнхээ цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд мод тарьж, ногоон байгууламж бий болгох шаардлагатай байсан тул Дэлгэрцогт сумын нутгаас үржил шимт хөрс татан, сумынхаа төвийн хатуу хөрсийг сольж, зүлэгжүүлж, мод бут тарьж эхэлсэн байна.

Сумандаа сайхан амьдарч болдог жишгийг Дундговь аймгийн Гурвансайхан сумын иргэд харуулж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар сайшааж байлаа. Сумын шинэчлэл цаашдаа үргэлжилж, сумын төвдөө нэгдсэн халаалтад холбогдож, Соёл, спорт, Суугаант цогцолбор, 12 жилийн сургууль, 12 айлын орон сууц, шинэ цэцэрлэг барьж, 2018 онд халаалтын шугамыг гудамж бүрийн эхэнд ойртуулан холбожээ. Ингэснээр 8 айл дулааны нэгдсэн сүлжээнд холбогдоод байгаа бөгөөд цаашдаа бүх айлуудаа халаалт, цэвэр, бохир устай болгохоор ажиллаж байгаа ажээ. Энэ мэтчилэн бусдын сайн туршлагаас суралцаж, хөгжих боломж Өлзийт суманд бүрэн байгааг  ч тэрбээр хэлж, сумаа шинэчлэх аяныг эхлүүлэхийг уриалав.

 Ингэхийн тулд сумын иргэд нийтээрээ оролцож, саналаа нэгтгэсний дараагаар дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэх шаардлагатай ч онцоллоо. Хоорондоо сайтар хэлэлцэж, зорилгоо тодорхой болгож чадвал хандлага өөрчлөгдөнө. Аливаа зүйлийг хийнэ гэдэг нэг хэрэг. Хийснээ арчилж, авч явна гэдэг чухал гэдгийг ч Дундговь аймгийн Гурвансайхан сумын Нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэн хэлж байлаа.

Хот суурин газраас сум орон нутагт шилжиж ирэх хөдөлгөөн нэмэгдсэн. Малчдын амьдрал нэг үеэ бодвол сайжирч, мөнгөн хадгаламжийн хэмжээ нэмэгдэх, сум болон аймгийн төвд орон сууцтай болох нь ихэссэн зэрэг эерэг нөлөө гарч эхэлжээ. Өнгөрсөн онд тус сум 4,2 сая мал тоолуулснаас энэ онд 1,8 сая төл хүлээн авсан байна. Малчид тооноос илүү чанарт анхаарч байгаа ч бэлчээрийн асуудал тулгарсан хэвээр байгаа. Сум орон нутгийн удирдлагууд залуу малчдыг дэмжиж малжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байна. Гэхдээ малчдын бүтээгдэхүүн зах зээлд үнэ цэнэ багатай байдгийн дээр хог дээр хаягдах түүхий эд олон байгааг сануулж, энэ чиглэлд төрийн зохицуулалт шаардлагатай байгааг хэлж байлаа. 

 “Зуслангийн өдөрлөг” арга хэмжээний үеэр залуу хойч үедээ үндэсний өв соёлыг өвлүүлэн үлдээх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн үндэсний шагайн харваа, өсвөрийн үндэсний бөхийн тэмцээн, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсан юм.

Мөн Улаанбаатар хотоос ирсэн нарийн мэргэжлийн эмч нарын баг Өлзийт сумын иргэдэд эхо оношилгоо, гэмтэл, шүд, урологи, эмэгтэйчүүд, хүүхдийн чиглэлээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэв.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Баянхонгор аймгийн Жинст суманд ажиллана гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606307
0 эможи

Битгий худлаа хуцаад бай
2019-08-01 17:00
УИХ гишүүд нь өөрсдөө ч ҮХ -н өөрчлөлтийн төслөө ойлгоогүй явж байхад суманд амьдарч байгаа иргэд ойлгоогүй, ойлгоогүй учраас худлаа дэмжинэ. Хүний ам дагана. Энэ аюултай
Зочин
2019-08-01 11:51
сонирхолтой
keyboard_arrow_up