Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Үндсэн хуулийн өөрчлөлтөөс хэн хожих вэ?

2019 оны 8 сарын 19

Arslan.mn

“ТВ-9” телевиз “Үндсэн хуулийг өнгөцхөн засах уу, үндсээр нь өөрчлөх үү?” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. Ээлжит хэлэлцүүлэгт Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамъян, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, доктор Д.Дуламсүрэн, Олон улсын тойм Ш.Гантулга, Ард түмний олонхийн засаглал намын дарга Ц.Нарангэрэл нароролцож, “Үндсэн хуулийн өөрчлөлтөөс хэн хожих, албан тушаалтнууд уу, ард түмэн үү” сэдвийн хүрээнд ярилцав. Зочдын ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамъян: ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨС АРД ТҮМЭН ЮУ Ч ХОЖИХГҮЙ

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөс ард түмэн хумсны толионы чинээ ч хожихгүй.  Монголыг 30-аад жил тонож дээрэмдсэн МАНАН-гийн бүлэглэл гадныхантай нийлж л хожино.  Тиймээс би энэ өөрчлөлтийг эхнээс нь эсэргүүцэж байсан.

             *              *             *

-Ард түмний 70-80 хувь нь  эсэргүүцэж байна.  МАНАН-гийн амь тасрах хамгийн сүүлчийн арга нь энэ өөрчлөлтийн төсөл юм.  Үнэн сэтгэлээсээ жигшиж байна.

              *              *             *

-Хамгийн цаад санаа нь холимог тогтолцоо гэдгийг оруулах гээд байна. 108 хүн УИХ-д сонгоод түүний 54-ийг нь намын жагсаалтаар сонгох гэнэ.   Ийм системээр явбал парламентад одоогийнхоос илүү гэмт хэрэгтнүүд орж ирнэ.

             *              *             *

-Төсөл өргөн баригчид, энэ хоёр намынхан ямар зальтай юм бэ. 108 гэж  яриад байна.  Эрхиний тоогоор нь явуулчихвал энэ бүдүүлэг ард түмэн сонгочихно гэж тооцсон байна.  Уг нь энэ тооноос өөр олон тоо байдаг биз дээ.

             *              *             *

-Ерөөсөө л хүмүүсийн тархи угааж байна.  Хамгийн энгийн жишээ гэхэд 108 гэсэн тоог сонгож авсанд байгаа юм.  Ард түмэн харанхуй бүдүүлэг биш шүү.  Үүний цаана юу яваад байгааг ойлгоод эсэргүүцэж байна.

             *              *             *

-Энэ 76-г тэжээх гэж ядаж байгаа хүмүүс 108-г хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв 108 гэж батлаад таван жил болговол, холимог тогтолцоог оруулбал Монголын ард түмэн эсэргүүцнэ.  Тэр эсэргүүцэл юунд ч хүргэж болно.  Үүний хариуцлагыг  төсөл өргөн барьж байгаа хүмүүс нь хариуцаарай.

             *              *             *

– 50 мянгаас доошгүй хүнтэй байж нам байгуулна гэдэг заалт нэмэх гээд байгаа, мөн ийм төсөл боловсруулсан хүмүүс ичих хэрэгтэй. Энэ нь МАН, АН хоёрыг л улстөрд байлгая бусдыг нь арчья гэсэн бодлого юм. Энэ бол Монгол төрийн бодлогод харшилсан зүйл шүү.

             *              *             *

-Би эхнээсээ л Үндсэн хуулийг өөрчлөхгүй гэдэг дээр санал нэг байгаа юм. Нэгдүгээрт өөрчлөх цаг нь болоогүй байна. Хоёрдугаарт өөрчлөх нөхцөл бүрдээгүй байна. Гуравдугаарт өөрчлөлт хийх хүмүүс нь эдгээр хүмүүс яав ч биш.

             *              *             *

-УИХ-ын 40-өөд гишүүд нь ард түмнийхээ хөрөнгийг хулгай хийгээд идчихсэн, гэмт хэрэгтнүүд байгаа. Ийм хүмүүс Үндсэн хуулийг өөрчилдөггүй юм. Тухайлбал , З.Энхболд, Д.Эрдэнэбат гэх мэт хүмүүс өөрчлөх гээд байгаад ард түмэн эсэргүүцээд байгаа юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: ЯМАР Ч ГОЁ ТОГТОЛЦОО БАЙСАН УЛСТӨРЧИД НЬ ЁСЗҮЙГҮЙ БОЛ НЭМЭРГҮЙ

-Үндсэн хууль гэдэг тухайн улс орны тусгаар тогтнолыг баталгаажуулдаг чухал баримт бичиг.  Тийм ч учраас бусад улс орнууд энэ баримт бичигтээ дураараа гар дүрээд байдаггүй.  Нэг үг, үсэг, өгүүлбэрийн өөрчлөлт нь хэдэн жил шаардана. Гэтэл бид бүх буруугаа Үндсэн хууль руугаа чихээд олуулаа байгаа дээрээ батална гээд зүтгээд эхэлсэн нь буруу. Үндсэн хуульд иймэрхүү байдлаар гар хүрэхийг зөвшөөрөхгүй.

           *              *             *

-Одоогийн Үндсэн хуулийн төслийг харахад  гарц шийдэл ерөөсөө харагдахгүй байна.  Ний нуугүй хэлэхэд холимог систем гэж яригдаж байна.  Үүний цаана хоёр санаа яваад байна. Үүнийгээ ч их нууцалж байна.  Нэг хэсэг хүний тар нь танигдаад одоо ард түмний өмнө улаан нүүрээрээ очих боломжгүй болсон. Тэр хүмүүс намын нэрийн өмнөөс гараад авъя гэж бодоод байна.

           *              *             *

-Нөгөө талаар шинэ нам байгуулаад намын даргаа парламентад суулгаад Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ өрсөлдүүлэх санаа  ч яваад байна.  Тиймээс ард түмний өмнө тулгамдаж байгаа асуудал Үндсэн хуулийн төсөл дээр зүгээр л малгай хэлбэрээр явж байна.  Ямар ч асуудал шийдэхгүй.

           *              *             *

-1990-ээд оноос хойш бид төргүй явж байна.  Энэ буруугаа Үндсэн хууль руу шидээд байдаг.  Гэтэл одоо гишүүдийн тоо нэмээд ард түмний амьдрал дээшилнэ гэж байхгүй.  Харин бүрэн эрхийг хугацааг таван жил гэж яриад байгаа нь үндэслэлтэй байж болох юм.

           *              *             *

-Ер нь аливаа асуудал улстөрчийн ёс зүйд  л байгаад байна.  Ямар ч гоё тогтолцоо, хууль байгаад хүн нь ёс зүйгүй бол нэмэргүй.

           *              *             *

-Тухайлбал, одоогийн өөрчлөлтөөр Засгийн газраа хүчтэй болгоё гэж яриад байна. Одоо ч гэсэн хүчтэй шүү дээ. Улам хүчтэй болгохоор аймар их эрх мэдэлтэй, огцорч өгдөггүй болчихвол яах юм.

           *              *             *

-Бидэнд сэтгэл байвал ямар ч тогтолцоонд байсан юм хийгээд л байдаг.  Улстөрчид нь хамгийн нэгдүгээрт амласан амлалтаа биелүүлдэг болчих хэрэгтэй.  Энэ нь л асуудал юм.

           *              *             *

-Ард түмний дэмжлэгээр төрд гарчихаад, одоо ард түмний сонгох эрхийг нь булааж авна гэдэг бол нүгэл, байж боломгүй зүйл.

          *              *             *

-Зөв хүмүүсээ урдаа гаргаж чадаж байгаа 90-ээд оны үед байсан шиг намын төлөвшлөөр явах ёстой.

Доктор Д.Дуламсүрэн: Байгалийн баялгаа тэгш хуваарилсан тохиолдолд хямралууд шийдэгдэнэ

-Үндсэн хууль бол нийгмийн гэрээ юм.  Гэтэл өнөөдөр ганцхан төр  Монголын ард түмний өмнөөс бүхнийг шийдэж байна.   Энэ тогтолцоогоо халах цаг болсон.  Томилогддог тогтолцооноос сонгогддог тогтолцоо руу шилжих хэрэгтэй.  Үүнийг бид Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийх нь чухал.

          *              *             *

-Өнөөдрийн өргөн барьсан Үндсэн хуулийн төслийг харахад ард түмний төлөө, улс орны эдийн засгийг сайжруулах гэсэн нэг ч заалт алга.  Харин эрх мэдэлтнүүд эрх мэдлээ хэрхэн үргэлжлүүлэх, яаж удаан хугацаанд хадгалах талаар л байна.

           *              *             *

-Уг нь өнөөдөр бид амьдрал ярих ёстой юм л даа.  Ард түмний амьдрал үнэхээр муудсан байна. Тэсрэхэд бэлэн байна. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сайхан юм яриад л байна.  Тэд сайхан юм ярьж байгаад муухай юм хийчихдэг.  Ард түмэн үүнийг мэддэг болчихсон.

            *              *             *

-Энэ Үндсэн хуулиар тогтолцооны өөрчлөлтийг хиймээр байна. Гүйцэтгэх засаглалийнхаа эрх хэмжээг хязгаарлая. Шүүгчээ томилдог биш  сонгодог болгоё.  Байгалийн баялагаа ард түмний дундын өмч болгоё.  Энэ хэдхэн өөрчлөлтийг хийгээд өгөөч ээ.  Энэ өөрчлөлийг хийж чадвал ард түмэн хожино.

            *              *             *

-Энгийн үгээр хэлбэл сонгуульд ялсан намын дарга бараг төрийг хувьчилж авах хэмжээний эрх мэдэлтэй болж байна.

            *              *             *

-МАН-ын 62 гишүүнээс энэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар тавхан гишүүн л ярьж байна. Бусад нь үнэхээр л ард түмнээс сонгогдсон элч юм бол яагаад гарч ирж ярихгүй байгаа юм. Яг л Оюутолгой төслийг хэрэгжүүлсэн тэр загвараараа явах гээд байна. Бүгдийг нь хуваарилчихсан. Чи энэ заалтыг нь өргөн барь, чи энийг нь дэмж гээд бүлэглэчихсэн байгаа юм.

            *              *             *

-Үндсэн хуулийн дөрвөн төсөл эхлээд яригдсан. 62 гишүүний өргөн барьсан төсөл дээр анализ хийхэд 64 өөрчлөлт байна. Эдгээр заалтууд ард түмний амьдралд эерэг өөрчлөлт оруулахаар нэг ч заалт байхгүй.

           *              *             *

-Хамгийн харамсалтай нь давхар дээлээ хэдэн хүнд өмсгөх вэ, өөрсдийнхөө бүрэн эрхийн хугацааг яаж уртасгах вэ гэх мэт өндөр албан тушаалтнуудад зориулсан заалтууд байна.

 

          *              *             *

-Байгалийн баялгаа ард түмний дундын өмч болгоно гэдэг дээр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан төрийн өмч болгоё гээд тоглоом шоглоом шиг зүйл яриад явж байна. Ийм байж болохгүй. Эхлээд байгалийн баялгын асуудлаа шийдэж байж энэ олон хямралууд шийдэгдэнэ.

Олон улсын тойм Ш.Гантулга: ГИШҮҮДИЙН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААГ ХОЁР ЖИЛ БОЛГОЁ

-Олон улсад гэмт хэрэгтнүүд хэзээ ч хуулийг өөрчилдөггүй. Хууль нь гэмт хэрэгтнүүдийн дээр байдаг.  Гэтэл манайд одоо Үндсэн хуулийг өөрчлөлтийг зүтгүүлээд байгаа хүмүүс нь өөрсдөө гэмт хэрэгтэн байж байна.

            *              *             *-Тэгэхээр энэ хуулийн өөрчлөлтийг гэмт хэрэгтнүүдэд даатгана гэдэг өөрөө асуудалтай зүйл.  Тэд өөрсдийн хийсэн гэмт хэргийг л цайруулах гэж оролдож, цаашаа явах замаа засч байгаа төдий юм. Хууль гэдэг шударга ёс дээр тогтдог зүйл.

            *              *             *

-Үндсэн хууль гэдэг бүхэн бүтэн нэг систем байдаг.  Гэтэл түүний жаахан хэсгийг нь өөрчлөхөөр амьд хүний гарыг нь тасдаж аваад өөр хүний гарыг залгаж байгаатай ялгаагүй. Системийн өөрчлөлтийг системээр нь л хийх хэрэгтэй.

            *              *             *

-УИХ-ын гишүүдийг таван жилийн хугацаатай сонгож болохгүй. Аль болох маш цөөхөн жилийн хугацаатай болгох хэрэгтэй. Бүрэн эрхийнх нь хугацааг нэмэхийн оронд хоёр жил болгох нь зүйтэй юм.

            *              *             *

-Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд гэж заасан байдаг. Хамгийн гол заалт болох энэхүү заалтыг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Гэдэгт анхаарлаа хандуулмаар байгаа юм.

            *              *             *

-Намуудыг гишүүдийнх нь тоогоор ялгаварлан гадуурхана гэдэг нь Үндсэн хуулиа зөрчиж буй хэрэг болж байгаа юм. 50 мянгаас дээш хүнтэй намыг зөвхөн олигарх, баячууд л зохион байгуулж чадна. Энэ бол башир арга юм.

            *              *             *

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд ард иргэд рүү чиглэсэн заалт байхгүй. Хамгийн гол нь хуулийг өөрчлөх боломжийг гэмт хэрэгтнүүдэд олгож хэрхэвч болохгүй.

            *              *             *

-Сонгуульд зөвхөн баян хүмүүс л нэр дэвшээд байгаа болохоор ард түмэнд сонголт алга. Шударга боловч ядуу хүн нэр дэвших боломж алга.

            *              *             *

-Ямарваа нэгэн өөрчлөлт хийхэд заавал баруун Европын жишээн дээр үндэслэх хэрэггүй. Одоо байгаа хуульд Чингис хааны их засаг хуульд байсан нэг зүйл дутагдаж байна. Энэ нь цаазаар авах ялыг сэргээх ёстой. Төрд гарсан увайгүй луйварчдыг олны өмнө цаазлах хэрэгтэй.

            *              *             *

-Ард түмнээс сонгогдсон, ядуу дундаж гаралтай, олигархуудтай ямар нэгэн холбоогүй хүмүүсийг сонгож чадвал Монгол Улсад ардчилал хөгжинө.

            *              *             *

-Олигарх, баячуудаас ард түмний хөрөнгийг буцааж авах хэрэгтэй. Үүний тулд бид цус урсгахаас айх хэрэг огт байхгүй. Монголын ард түмний чин зориг, шийдэмгий байдалд итгэж байна.

Ард түмний олонхийн засаглал намын дарга Ц.Нарангэрэл: ГИШҮҮДЭД ЭРХ МЭДЭЛ НЬ БАГАДААГҮЙ

-Аливаа хуулийн амин сүнс нь шударга ёс байдаг.  Гэтэл Үндсэн хуулийн төсөл нь анхнаасаа хууль зөрчсөн асуудлууд байна.  Гэмт хэрэгнүүдээс бүрдсэн парламент өөрөө энэ хуулийг өөрчлөх гэж байгаа нь ч өөрөө гэмт хэрэг юм.

            *              *             *

-Хүн төрөлхтөн хөлс, цусаа урсган байж  парламент ёс, Үндсэн хууль зэргийг бүтээсэн.  Олон улсад итгэл даасан парламентаар Үндсэн хуульдаа гар хүргэдэг. Эсвэл тусгайлан байгуулагдсан газраар Үндсэн хуулиа өөрчилдөг.

            *              *             *

-Үндсэн хуульт ёсны зарчим нь гурван үндсэн зарчим дээр тулгуурлаж байна.  Эрх мэдлийг хязгаарладаг. Нийгмийн баялгийг тэгш хуваарилдаг, төр засаг буюу улстөрчид нь хариуцлага хүлээдэг зарчимтай.

            *              *             *

-76 гишүүний тоо бол багадаагүй. Харин хариуцлага тооцох механизм багадаад байна.  Тэдэнд хяналт алга. Ард түмний төлөөлөл, зарц гэдгээ умартаад тэдний эзэн юм шиг аливаа асуудалд хандаад байна.

            *              *             *

-Тэгэхээр парламентын гурван зарчмаа хэрэгжүүлээд яваад байна.  Хууль тогтоох, хяналт тавих, төлөөлөх энэ үүргээ биелүүлэх хэрэгтэй.

            *              *             *

– 1992 оны Үндсэн хууль дээр ердөө гурван зүйлийг дутуу хийж өгсөн. Хоёр танхимтай парламентыг бий болгох байсан. УИХ-ын халдашгүй дархан эрх гэдэгт анхаарах байв.   Эрх мэдэл огт багадаагүй шүү дээ.

            *              *             *

-Эрх баригчид ард түмний төлөө юу ч хийхгүй.  Холимог тогтолцоо нэрээр 54 хулгайч, луйварчин гэмт хэрэгтнээ парламентад оруулж ирэх гэж л улайрч байна.

            *              *             *

-1990 оноос хойш бид шинэ нийгэм байгуулах гэж оролдлоо.гэхдээ чадсангүй. Буруу тогтолцоог бий болголоо. Үүний үр дүнд нь манай улсын 30 хувь нь ядуу төвшинд амьдарч байна.

            *              *             *

-Хүний эрх, эрх чөлөөний ололт амжилтуудаа энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр устгах гэж байна. Хоёр намын дарангуйлал тогтох гэж байна. МУ-ын хоёр сая гаруй сонгогчдыг бүгдийг нь намын харьяат болгож, хагалан бутаргах  үйл ажиллагаа явагдаж байна.

            *              *             *

-Энэ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа МАНАН мафийн дэглэмийг эхлээд нурааж хаях ёстой.

            *              *             *

-Ардчилсан нийгмийн Ерөнхийлөгч нэг намд 50 мянгаас доошгүй гишүүн байх ёстой гэж хуульчлах нь ардчиллынхаа эсрэг хийж буй гутамшигтай үйлдэл юм.

Т.БАТСАЙХАН, Б.НАМУУНТАМИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606935
0 эможи

keyboard_arrow_up