Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТББХ: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжив

2019 оны 8 сарын 27

Arslan.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо /ТББХ/-ны өчигдөрийн хуралдаанаар, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлэхийг дэмжив. 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг ТББХ өнгөрсөн баасан гарагт үргэлжлүүлж, ажлын баг болон гишүүдээс гарсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж, шийдвэрлэсэн. Харин хэлэлцүүлгийн явцад Ажлын баг болон гишүүдээс гарсан зарчмын зөрүүтэй зарим саналыг УИХ дахь МАН-ын бүлгээр дахин ярилцаж нягтлах, зөвшилцөх шаардлагатай болсон тул Байнгын хорооны хуралдааныг түр завсарлуулсан. 

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр үдээс өмнө хуралдаж, тэдгээр саналыг ярилцаж тодорхой шийдэлд хүрсэн байна. Энэ үндсэн дээр ТББХ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх зарим зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “төрийн өмч” гэснийг “төрийн нийтийн өмч” гэж өөрчлөхөөр болов. Энэ санал дэмжигдсэнээр Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч байхаар томьёологдож байгаа юм.

Байнгын хороо өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх явцад Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийг “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгоно; нэгийг Засгийн газар, хоёрыг УИХ-ын  холбогдох Байнгын хороо, хоёрыг мэргэжлийн холбооноос нээлттэйгээр нэр дэвшүүлж, УИХ томилгооны сонсгол хийн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилно. Тэдгээр нь зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, сонгох, томилох журмыг хуулиар тогтооно” гэж бүхэлд нь өөрчлөн найруулах саналын томьёоллыг ярилцаад  Зөвшилцлийн ажлын баг болон УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэж, нэгдсэн ойлголцолд хүрэх хүртэл түр хойшлуулаад байсан.

Энэ саналыг намын бүлгээр ярилцаж, зөвшилцсөнний үндсэн дээр Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийг “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэж өөрчлөн найруулахаар Ажлын багаас гаргасан саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжив.

Мөн Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16 дахь заалтад “Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд ийм зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно” гэсэн агуулгатай 2 дахь өгүүлбэрийг нэмэхээр тогтов. Түүнчлэн төрийн албаны зарчим, үйл ажиллагаатай холбоотой төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд хараат бусаар ажиллана. Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно” гэж өөрчлөн найруулахаар боллоо.

Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дууссантай холбогдуулан УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Д.Хаянхярваа нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Дараа нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 12 гишүүний 10 нь буюу 83.3 хувь нь дэмжив.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хэлэлцэж дуусгахаар УИХ-ын шинэ долоо хоногийн ажлын хуваарьт тусгасан тухай УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын дэд багийн ахлагч, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, УИХ-ын гишүүн, УБХ-ын гишүүн асан Ц.Товуусүрэн, АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн асан Р.Хатанбаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, профессор О.Мөнхсайхан, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Түвшинжаргал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор А.Бямбажаргал, Үндсэн хууль судлаач О.Машбат нарын бүрэлдэхүүнтэй ажлын баг оролцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607276
0 эможи

Зочин
2019-08-27 10:57
keyboard_arrow_up