Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ард нийтийн санал асуулга явуулах эсэх асуудлыг хоёр дахь хэлэлцүүлгийн дараа шийднэ

2019 оны 8 сарын 29

Arslan.mn

УИХ-ын гишүүдийн ихэнх нь улс орон, ард нийтийн эрх ашгийн үүднээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар эцэслэн шийдвэрлэх байр суурьтай байгаагаа өчигдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр хэлж байв.

Энэ талаар Байнгын хорооны дарга С.Бямбацогт "Сүүлийн 20-иод жил Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал яригдаж ирсэн, гишүүдэд ч тодорхой үүрэг даалгавар өгөгдөж байсан байдаг.

Энэ хүрээнд яригдаж байсан асуудлуудыг багцалж Улсын Их Хурлын 62 гишүүн төсөл өргөн мэдүүлсэн.

Дараа нь Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд төсөл, саналаа өргөн мэдүүлсэн, АН-ын зөвлөлөөс ч тодорхой асуудлыг санал болгож тавьсан.

Энэ үндсэн дээр зөвшилцөл явагдаж, харилцан ойлголцолд хүрсэн заалтуудыг Байнгын хороо хэлэлцэж дэмжсэн. Одоо эдгээр заалтыг дэмжээд явбал харьцангуй боломжийн түвшинд томьёологдсон зохицуулалт болно гэж үзэж байгаа" гэлээ.

Харин Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар батлах эсэхийг хуулийн дагуу хоёр дахь хэлэлцүүлгийн дараа шийдвэрлэнэ гэдгийг тэрбээр тодотгосон юм.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал төслийг энэ хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар хэлэлцээд тухайн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар тогтвол Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16 дахь заалт, Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоол гаргана” гэж заажээ. Мөн зүйлийн 17.2 дахь хэсэгт “Ард нийтийн санал асуулгад оруулах төслийг Үндсэн хууль, энэ хуульд заасан бүхий л зарчим, шаардлага, журмыг баримтлан боловсруулж чуулганы нэг, хоёр дахь хэлэлцүүлгээр хянан хэлэлцэнэ”, 17.3 дахь хэсэгт “Хоёр дахь хэлэлцүүлгээр зүйл, хэсэг, заалт бүрээр санал хурааж шийдвэрлэсэн төслийг ард нийтийн санал асуулгад оруулах эх болгон баталж уг эхээр ард нийтийн санал асуулга явуулах тухай Улсын Их Хурлын тогтоол гаргана” гэж тус тус заасан байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулсан асуулт, хариулт дуусаж, чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөсөн юм.

Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан  өнөөдөр 10 цагаас үргэлжилж, Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын Байнгын хороод, гишүүдээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607402
0 эможи

Зочин
2019-08-29 13:39
keyboard_arrow_up