Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Хаан эцэг хуульд хатан ухаан хэрэгтэй”

2019 оны 9 сарын 05

Arslan.mn

“ТВ-9” телевиз “Үндсэн хуулийг өнгөцхөн засах уу, үндсээр нь өөрчлөх үү?” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. Ээлжит хэлэлцүүлэгт  Үндсэн хууль судлаач В.Удвал, Төрийн удирдлагын шинжлэх ухааны доктор Б.Хэрлэн, Хөгжлийн хөтөлбөр намын дарга О.Заяа, МАХН-ын Бага чуулганы гишүүн Ш.Булган нар оролцож “Хаан эцэг хуульд хатан ухаан хэрэгтэй” сэдвээр  байр сууриа илэрхийллээ. Зочдын ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

Үндсэн хууль судлаач В.Удвал: ОРГАНИК ХУУЛИАР ЗОХИЦУУЛАГДАХ АСУУДЛЫГ ҮНДСЭН ХУУЛЬ РУУГАА ЧИХЭЭД БАЙНА

– Хуулиуд хоорондоо зөрчилтэй байна. Үндсэн хуулийг хэлэлцэх журам болон санал хураалт явуулах журам гэж байгаа. Нөхдүүд хоорондоо энэ хоёр журмыг яриад мэтгэлцээд байгаа юм.

-Өнөөдрийн Монгол Улсад хуулиа эргэн хардаггүй, хуульд байгаа зарчмуудаа сахидаггүй байдал харагдаж байна. Иймээс цаашид бид хуулийг сахидаг, хэрэгжүүлдэг байх ёстой.

-1992 оны Үндсэн хуулийн гол зарчим бол хууль дээдлэх ёс. Хууль дээдлэх ёс гэдэг бол бичээд өнгөрдөг зарчим биш. Дагаж сахин биелүүлдэг байхын бол тодорхой шалгуур зарчмуудынхаа дагуу хуулиа өөрчилдөг зарчмын дагуу явах байсан.

-Нэмэлт өөрчлөлтийн тухай хуулиар зохицуулж, түүгээрээ явах  ёстой гэж бодож байна.

-Үндсэн хууль үеэ өнгөрөөсөн, үүргээ биелүүлээгүй гэж яриад байгаа юм. Гэхдээ үүргээ биелүүлэх боломж байгаагүй. Ойлгож, уншвал энэ Үндсэн хууль бол 100 жилийн дараахийг харсан хууль юм.

-100 жилийн дараахийг харж зохицуулсаар байтал өнөөдөр 28 жилийн дараа өөрчлөнө гэдэг бол маш буруу зүйл гэж судлаач хүний хувиас үзэж байна. Бид Үндсэн хуульд байгаа зарчим, баримтлалуудыг ойлгохгүй байна.

-Үндсэн хууль өөрчилж байгаа Үндсэн хуулийн суурь зарчим, үзэл баримтлалыг  өөрчлөхгүй байгаа гэж ярьж байгаа. Үндсэн хууль чинь 100-200 жилээр хэмжигддэг. Юун 25-28 жилээр хэмжигдэх.

-1992 оны Үндсэн хуулиа унш,  судлаач ээ гэж хүмүүст хэлмээр байна. Тэгж байж өөрчлөх ёстой.

-Үндсэн хууль өөрөө төр, ард түмний хоорондын харилцааг зохицуулдаг хууль. Тэгэхээр энэ харилцааг зохицуулахад хүний эрх, эрх чөлөө чухал. Өөрөөр хэлбэл баталгаатай байх явдал. Баталгаатай байлгахын тулд төрийн эрх мэдлийг хуваарилаад байгаа юм.

– Хянан шалгах түр хороотой байна гэх заалт оруулахаар ярьж байна. Үндсэн хуулийн концесстой хэрхэн тохирч байгааг судлах хэрэгтэй.

-1992 оны Үндсэн хуулийг хөндөхгүй гэсэн бол тэр дотор нь үүнийг яаж оруулах вэ гэвэл маш зөв өөрчлөх хэрэгтэй.

-УИХ хууль батлах дээд байгууллага гэдгийг хамгийн түрүү өөрчлөх хэрэгтэй.

-Гишүүдийн тооноос болж муу хууль гарахгүй.

-Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчдийг томилдог болбол эрх мэдлийн хуваарилалтаар чанар хэрхэн өөрчлөх нь чухал.

-Органик хуулиар зохицуулагдах асуудлыг Үндсэн хуульруугаа чихээд байна.

-УИХ дахь эмэгтэйчүүдийн тоог нэмэх хэрэгтэй.

Төрийн удирдлагын шинжлэх ухааны доктор Б.Хэрлэн: МОНГОЛД ХЯНАН ШАЛГАДАГ ГАЗАР ДУТААГҮЙ

-Үндсэн хууль бол нийгмийн харилцааны хэм хэмжүүрийг тогтоож байдаг суурь баримт бичиг. Үүнд нийцэхгүй бол зайлшгүй өөрчлөх шаардлагатай болдог.

-Цаг хугацаа гэхээс илүү Үндсэн хуулийн хэм хэмжээ өнөөгийн амьдралтай нийцэхгүй болоод ирэхээр өөрчлөх шаардлагатай болж эхэлж байна

-Эрх баригч нам боловсруулж, Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл санаанууд бидний амьдралыг зохицуулж байгаа хэм хэмжээг хэрхэн өөрчилж, улс орны хөгжлийг хааш нь хөтөлж байгааг харахыг хичээсэн ч олж харахгүй байна. Хөгжлийн бодлого, хандлагыг хааш нь хөтөлж байгаа нь ойлгомжгүй.

-Үндсэн хуулийг өөрчлөх бүрт нийгмийн харилцааг зохицуулж байгаа бүхэн өөр өнгө аястай болж байна.

-Хянан шалгах түр хороог УИХ-ын дэргэд байгуулна гэж ойлгосон. Гэтэл МХЕГ, АТГ гээд хянан шалгах үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн байгууллага бий. Дээр нь хууль хяналтынхан гээд  Монголд хянан шалгадаг газар дутсан уу гэвэл, үгүй.

-Хянан шалгах түр хороог байгуулснаар дан ганц УИХ-ын хариуцлагыг дээшлүүлэх биш хууль бус зүйл хийсэн гишүүдийг эгүүлэн татах зэрэг өөр механизмуудыг хослуулсан бол илүү оновчтой.

-Ерөнхий сайд Засгийн газрын  бүрэлдэхүүнийг томилох нь зөв.

-Яавал шүүгч хөндлөнгийн нөлөөнд орохгүйгээр өөрийнхөө итгэл үнэмшлээр ажиллах, тийм зөв хүнийг хэрхэн Шүүхийн ерөнхий зөвлөлд сонгож оруулах вэ гэдэг чухал. Сонгон шалгаруулалтыг нууцаар санал өгдөг байдлаар хийвэл оновчтой.

-Түүнээс Ерөнхийлөгч шүүгчдийн томилгоонд оролцдог байвал одоогийн түүх давтагдана.

-Монголчууд нууцаар, илээр шүүгчдийг сонгож ирсэн түүхтэй. Гэтэл яагаад шүүгчдийг ард түмэн  сонгодог байж болохгүй гэж.

-Намуудын гишүүдийн тоог хязгаарлаж зааж өгч байгаа нь иргэдийн үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх үндсэн зарчимтай харшиж байна. Мөн намыг шүтэх, намаараа талцах байдлыг улам гааруулна.

-Сонгуулийн мажоратор тогтолцоо хүмүүсийг талцах, намчирхах байдал руу улам түлхэж байна. Намын гишүүнчлэлд ч тэр тоо зааж байгааг дэмжмээргүй байна.

-Баялгийг төрийн, нийтийн өмч гэж өөрчилж байна. Гэтэл энэ өөрчлөлтөөр цөөн хэдэн овсгоотой, эрх мэдэлтэй хүмүүс байгалийн баялгийг лиценз нэрээр хувьдаа авах хаалгыг нээж өгч байна.

-Байгалийн баялгаас олсон орлогыг хүртээмжтэй хэрэглэж чадаж байгаа эсэх нь чухал. Төрийн, нийтийн гэсэн нэр томьёогоор асуудлыг шийдэж чадахгүй. Үүнээс хамаарахгүй.

Хөгжлийн хөтөлбөр намын дарга О.Заяа: ШҮҮГЧИЙГ АРД ТҮМЭН СОНГОВОЛ ШУДАРГА АЖИЛЛАНА

-1992 оны Үндсэн хуулийг баталж байхад төр, ард түмнийг нэг гэж үзэж зорилго чиглэл хамт байсан. Гэтэл сүүлийн хэдэн жил ард түмэн бус цөөн хүмүүсийн эрх ашгаар өөрчлөх гэдэг боллоо.

-Одоогийн Үндсэн хуулийн өөрчлөлт сүүлээсээ эхэлж явж байна. Хамгийн эхлээд Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв үү. Хэрэв өөрчлөхөөр бол аль хэсгээс нь эхлэх вэ гэж ард түмнээс асуух ёстой байсан. Ард түмний саналыг боловсруулж, улс төрийн намуудтай зөвшилцөх ёстой.

-Одоо бол судлаач нэртэй цөөн хүн Үндсэн хуулийн өөрчлөлтийг боловсруулаад түүнийгээ  тулган хүлээлгэж байгаа нь ард түмнийг дорд үзэж байгаа хэрэг.

-Ард түмнээс асуусан бол Монгол хүний амь нас, ахуй амьдрал аятай тухтай байх нь төрийн хамгаалалтад байх ёстой гэж оруулах байсан.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг цөөн хүн зорилготойгоор хийж байна. Зорилгоо биелүүлэхэд Хянан шалгах түр хороо зэрэг хяналтын аппараттай хэрэгтэй гэж үзсэн байх.

-Эрх мэдлээ хэрхэн хуваарилж, дараагийн сонгуульд ялагдахгүй гэсэн зорилгын цаана Хянан шалгах түр хороо гэдгийг оруулж ирж байна. Ард түмэн юу гэж яриад ч нэмэр алга.

-Ард түмэн ядуу байж, өвчинд идэгдэж, байнга мөнгөний гачигдалд байснаасаа болж хурдан мартаж мөнгөнд хууртдаг болсон. Энэ хариуцлагагүй байдал бол улс орны аюулгүй байдалд ноцтой нөлөөлж байгааг ухаарах цаг болсон.

-Эрх мэдлээ буруугаар ашиглаж байгаа өндөр албан тушаалтнуудад Хянан шалгах түр хороо нь байна уу ямар ч хэрэг алга. Өөрсдийгөө хянан шалгаж чадахгүй.

-Шүүгч нарт Монголд байхгүй өндөр цалин өгөөд ч улам авлига, эрх мэдэлд автаж байна. Эцэст нь ямар байдалд хүргэв гэдгийг ард түмэн мэдэж байгаа.

-Шударга үнэний цензур болсон шүүгч нарыг ард түмнээр сонгодог болж байж хараат бус ажиллана. Ил, далд ямар ч байдлаар байсан ард түмэн сонгох хэрэгтэй. Харин шүүгчийг хянадаг байгууллага нь дотроос байсан нь зөв.

-Шүүгч шударга бус ажиллавал буцаагаад болиулах эрх нь ард түмэнд байж болно. Хөгжилтэй орнууд сонгодог тогтолцоотой байдаг.

-Ардчилсан Үндсэн хуулийн суурь зарчим зөрчигдөж байгааг томоохон асуудал нь намын гишүүнчлэлд тоо заах. Олон намын тогтолцоотой байх ардчиллаас ухарч байна.

-Намын гишүүнчлэлийг СЕХ бүртгэж, намын даргыг хар машинаар шийднэ гэж заасан нь ноцтой. Нэг ёсондоо хоёр намын дарангуйллыг бий болгох гэсэн улстөрчдийн увайгүй бодлого.

МАХН-ын бага чуулганы гишүүн Ш.Булган: ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ ИРГЭНД ХАНДСАН БАЙХ ХЭРЭГТЭЙ

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар Монголчууд мэдэхгүй байгаа болохоор дуугүй байгаад байна.

-Үндсэн хуулиар бид Монголын ирээдүй болон Монгол хүн ямар төвшинд амьдрах ёстойгоо тодорхойлох ёстой байдаг.

-Дэлхий нийтийн жишгээр хүн нь хөгжсөн улсыг хөгжсөн орон. Харин хүнээ хөгжүүлж буй орныг хөгжиж буй орон гэдэг. Монгол хүн өнөөдөр нутагтаа баталгаатай амьдарч чадахгүй байна. Тэр нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн заалтуудаар зөвхөн эрх баригчид өөрсдийн ажиллах хугацаа, эрх мэдлийн хүрээнд яриад байна.

-Хөгжлийг тодорхойлж буй монгол хүн эрүүл мэнд, боловсролын хувьд ямар байх ёстой юм гэдгийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгаагүй байна.

-Хянан шалгах түр хороо гэж байгуулагдаад тэдгээр маань өөрсдийгөө хянан шалгаж чадах болов уу гэдэг эргэлзээтэй. Цаасан дээр бууж байгаа нь гоё ганган боловч төөрөгдүүлэлд оруулж байна.

-Эрх баригч намын дарга У.Хүрэлсүх саяхан хэлсэн. Манай намд ЖДҮчид, луйварчид, гэмт хэрэгтнүүд байна гээд түүнийгээ хүлээн зөвшөөрчихөөд одоо болтол хариуцлага тооцож чадахгүй байна.

-Нэмэлт өөрчлөлт нэрийн доор эрх баригчид өөрсдөдөө зориулсан хуйвалдаан хийж байна.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг харахаар тоо хэлбэрийн асуудал хөөсөн зүйл их байна. Одоо байгаа 76 ажлаа хийж чадахгүй байгаа гэдгээ хэлээд байгаа юм шиг. Хүч нэмж байж цааш ажиллана гээд.

-Олон улсын жишиг дээр харахаар сонгогчдынхоо тооноос хамааран гишүүдийн тоо нь гардаг байна. Тэгвэл манай улс 45-55 УИХ гишүүнтэй байхад болно гэж үздэг байна.

-Манайх бол 108, 99 гээд байгаа нь өөрсдийгөө үзмэрч, зурхайч байдлаар тайлбарлаад байгаа юм. Харин үүнийгээ шинжлэх ухааны үүднээс тайлбарлах нь зүйтэй.

– Одоогийн 76 ихэсгэх биш цөөрүүлснээрээ илүү амжилтад хүрнэ.

– Эмэгтэйчүүдийн хувьд эрчүүдтэй барьцаад байгаа юм биш. Эрчүүдтэйгээ хамт төр төвшитгөж чадах хүмүүс юмаа гэдгээ зарлаад байгаа юм.

-Эмэгтэйчүүд гүйцэтгэх байгууллагад хангалттай байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлт хүн нэг бүрд хандсан байх хэрэгтэй.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нэрээр ард түмнээр тохуурхаж байгаа юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжихгүй.

С.УЯНГА, Б.БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607658
0 эможи

keyboard_arrow_up