Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Долоо дахь ПАРЛАМЕНТЫН долоо дахь ЧУУЛГАНЫ онцлохууд

2019 оны 10 сарын 02

Arslan.mn

Долоо дахь парламентын долоо дахь чуулган өчигдөр нээлтээ хийлээ.

Сонгуулийн өмнөх жилийн отгон гэдгээрээ онцлогтой энэ удаагийн чуулганаар улс төрийн хүрээнд анхаарал татах олон хуулийн төсөл хэлэлцэхээр баталжээ.

Тодруулбал, 2020 оны улсын төсөв, гурван шатны сонгуулийн хууль, хөдөлмөрийн хуулийн шинэчлэлт, нийслэлийн эрх зүйн байдал, хот тосгоны эрх зүйн шинэчлэлт гээд олны анхаарал татахуйц төслүүдийг нэрлэж болно. Ингээд намрын чуулганаар хэлэлцэх онцлох хуулийн төслүүдийн мэдээллийг хүргэе.

СОНГУУЛИЙН ЖИЛИЙН ТӨСӨВ ЯМАР БАЙХ ВЭ

Жил бүрийн намрын чуулганы гол ажил нь улсын төсөв батлах гэхэд хилсдэхгүй. 2020 оны төсвийн төслийг Засгийн газар өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан. 2020 оны төсөв нь сонгуулийн жилийнх гэдгээрээ ихээхэн онцлогтойн дээр бүтээн байгуулалт руу чиглэсэн зарлага ихтэйг хэвлэлүүд онцолж буй.

Хийсэн ажил, хэлсэн амлалтынхаа дүнг тавиулах дөхөж буй төрийн түшээд өөрсдийн тойрогт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хуваарилахаар ханцуй шамлах нь мэдээжийн хэрэг. Тиймдээ ч энэ удаагийн төсвийн төслийн хэлэлцүүлгээр нэлээд хэл ам гарах магадлалтай. Ямартай ч ирэх оны төсвийг энэ жилийнхээс орлого, зарлага нь их, өөдрөгөөр төсөөлж боловсруулсан гэдгийг салбарынхан хэлж байна.

Нэгдсэн төсвийн төсөлд нийт орлого 12.9 их наяд бөгөөд тэнцвэржүүлсэн орлого 11.7 их наяд, нийт зарлага 13.8 их наяд төгрөг байхаар тооцоолсон.

Бүр нарийвчилбал, 12.9 их наяд төгрөгийн орлогын 82.6 хувийг татвар, 7.7 хувийг татварын бус, 1.2 хувийг тусламжийн орлого, нэг хувийг тогтворжуулалтын сан, 7.6 хувийг Ирээдүйн өв сангаас олохоор төсөөлсөн байна. Тэгвэл 13.8 их наяд төгрөгийн зарлагын 56.2 хувийг цалин, тэтгэвэр, тэтгэмж татаас, зээлийн хүүгийн төлбөрт, 26.5 хувийг хөрөнгө оруулалтад, 15.4 хувийг бараа, үйлчилгээний бусад зардалд, 1.8 хувийг эргэж төлөгдөх зээлд зарцуулахаар төлөвлөжээ.

26 ГИШҮҮНИЙГ ЖАГСААЛТААР, 50-ИЙГ НЬ МАЖОРИТАРААР СОНГОХ НЬ

Өмнөх парламентын үед гурван шатны сонгуулийн хуулийг нэгтгэсэн нь сонгууль явуулахад хүндрэлтэй, учир дутагдалтай байсныг одоогийн эрх баригчид хэлж буй. Үүний жишээ нь нөхөн сонгуульд нэр дэвших хүсэлтэй төрийн албан хаагчдын ажлаа өгөх хугацааг тусгаагүй нь Хэнтийн нөхөн сонгуульд нэг тушаа болж байв.

Тиймээс УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн сонгуулийн хуулийг Ерөнхийлөгч, УИХ, ИТХ гэж гурав салган төсөл боловсруулснаа мэдэгдсэн. Ингэхдээ улс нэг тойргоор мажоритар тогтолцоогоор сонгууль явуулахаар санал нэгдсэн гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж байв.

Харин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгч сонгуулийн холимог тогтолцоог эцэг хуульд тусгуулахаар санал оруулсан нь нэлээд маргаан дагуулсан юм. Улмаар МАН, АН, Ерөнхийлөгчийн гурван тал зөвшилцөж эцэстээ Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог заахгүй, харин сонгуулиа холимог тогтолцоогоор явуулахаар шийдэлд хүрсэн.

Ингэхдээ 76 гишүүний 26-г жагсаалтаар, 50-ийг нь мажоритар системээр сонгоно гэсэн хувилбарыг ярьж эхэлсэн байна. Пропорциональ болон улс нэг тойргоор мажоритар системээр сонгууль явуулах нь олонд танигдсан улстөрчдөд ээлтэй, парламентад анх удаа сонгогдсон шинэ залуу улстөрчдөд халгаатай учраас МАН-ын залуу гишүүд эсэргүүцсэн гэдэг.

Хагас жил гаруйнхны дараа сунгаанд орох гэж буй хүмүүсийн хувьд өөртөө хамгийн ашигтай хувилбарыг дэмжих нь мэдээжийн хэрэг. Тиймдээ ч ямар нэгэн тойрогт нэр дэвшихгүй, амар хялбар аргаар парламентад суух боломжтой учраас МАН-ын ахмад гишүүд болоод сөрөг хүчнийхэн жагсаалтыг дэмжих нь аргагүй.

Тэгвэл хоёр талын дундын хувилбар буюу холимог тогтолцоог ирэх оны сонгуульд хэрэглэх өндөр магадлалтай юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРХ ЗҮЙГ ШИНЭЧИЛЖ ЧАДАХ УУ

Чуулганаар хэлэлцэхээр баталсан онцлох хуулийн төслүүдийн нэг нь яалт ч үгүй Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга. Хүн амын тэн хагас нь оршин суудаг нийслэлийн эрх зүйг шинэчлэх шаардлагатайг сүүлийн жилүүдэд нийслэлийн удирдлагууд идэвхийлэн ярьж буй.

Гэсэн ч нийслэл санхүүгийн хувьд бие даасан байх, хэд хэдэн дагуул хоттой болох агуулга бүхий хуулийн төслийг хэлэлцэхгүй дөрвөн чуулганыг үдлээ. Уг нь хуулийн төсөлд нийслэл санхүүгийн хувьд бие даасан байхаас гадна дүүргийг эдийн засаг, нийгмийн хувьд аймагтай адилтган тусгасан. Мөн дэд төв, дагуул хотуудыг хөгжүүлэхэд татварын бодлогоор дэмжих тодорхой зохицуулалттай.

Тухайлбал, дагуул хот, дэд төвүүдэд шинээр барьж ашиглалтад оруулсан барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас 10 жилийн хугацаагаар чөлөөлнө. Үүнээс гадна дагуул хот, дэд төвүүдэд шилжин байршиж, тогтмол үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг орлогын албан татвараас 10-20 жилийн хугацаанд 50 хувь хөнгөлөх зохицуулалт оруулсан.

Энэ мэт зохицуулалтаар хотын төвлөрлийг сааруулж, хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг хуульчилсан байдаг. Гэхдээ төсөлд нарийн төлөвлөөгүй олон зүйл байгаа нь нийслэлээс сонгогдсон зарим гишүүний шүүмжлэлийг хүртэж байлаа.

Түүнчлэн хэсэг гишүүн нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч гэсэн хоёр албыг салгах, хүн ам ихтэй дүүргүүдийг хот болгох саналыг гаргасан. Энэ саналуудыг хэрхэн тусгаж, өөрчилж, шинэчлэх нь УИХ-ын хэлэлцүүлгээс хамаарна. Харин улсын нийслэлийн эрх зүйг шинэчлэхэд нэлээд цаг хугацаа шаардагдах нь мэдээжийн асуудал учраас энэ намрын чуулганаар хэлэлцэж амжих эсэх нь эргэлзээтэй билээ.

МАРГААН ДАГУУЛСАН ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ

Үзэл баримтлалыг нь хэлэлцэх үеэс маргаан дагуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг намрын чуулганаар хэлэлцэхээр баталжээ. Хөдөлмөрийн хуулийг шинэчлэхдээ албадан хөдөлмөр, ажил, мэргэжлээр ялгаварлан гадуурхах болон хүүхдийн хөдөлмөрийг хориглох зохицуулалт тусгасан байна.

Мөн цалин хөлс, ажлын цаг, ээлжийн амралт зэргийг уян хатан зохицуулах, хөдөлмөрийн маргааныг аль болох богино хугацаанд шийдвэрлэх, нийгмийн түншлэлийн тогтолцоог оновчтой болгох зэрэг олон асуудлыг төсөлд тусгасан гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж буй.

Хэдийгээр ажилтан, хөдөлмөр эрхлэгчдэд ээлтэй зохицуулалтуудыг тусгасан ч ажил олгогчдоо дэмжээгүй гэсэн шүүмжлэлийг бизнес эрхлэгч гишүүдээс хүртсэн.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608744
0 эможи

Зочин
2019-10-02 12:57
keyboard_arrow_up