Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын шинэ Стратеги төлөвлөгөөг хэлэлцэхийг дэмжлээ

2019 оны 12 сарын 11

Arslan.mn

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.12.10) хуралдаан 15 цаг 06 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.

Хуулийн төсөлд Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ нь радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ, олон суваг дамжуулах үйлчилгээ, олон нийтийн радио, телевизийн үйлчилгээ, арилжааны радио, телевизийн үйлчилгээ гэсэн төрөлтэй байхаар тусгаж, түүний үйл ажиллагааны онцлог зохицуулалт болох хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх, эзэмшлийн ил тод байдлыг хангах, үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн зохицуулалт, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид, радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ эрхлэгчид, хөтөлбөрт тавигдах ерөнхий шаардлага болон зар сурталчилгаа, архив, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага зэрэг зохицуулалтуудыг тусгаад байгаа юм.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусгасны зэрэгцээ төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулгын зарим засвар оруулсан. Мөн хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй 5, найруулгын 2 санал гаргасныг санал хурааж шийдвэрлэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн танилцуулав.

Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжлээ. Тухайлбал, төслийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гадаадын хөрөнгө оруулагч этгээдэд радио, телевизийн газрын сүлжээний болон өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг хориглох” гэсэн агуулгатай 7.4.6 дахь заалтыг нэмэхээр болов. Мөн төслийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг “Хуулийн этгээд нь өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ; олон суваг дамжуулах үйлчилгээ; өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээний төрлийн тусгай зөвшөөрлийг нэгээс илүүг болон давхар эзэмшихийг хориглоно” гэсэн агуулгаар өөрчлөн найруулах, түүнчлэн төслийн 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх заалтыг “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангаас радио, телевизэд хөрөнгө хуваарилах шалгуур үзүүлэлтэд үндэсний бүтээлийн хувь хэмжээний шаардлага хангасан болон олон нийтэд хүртээмжтэй байдлыг харгалзан” гэж өөрчлөн найруулахаар тогтлоо.

Үргэлжлүүлэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгахаар уг тогтоолын төсөлд тусгажээ. Учир нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үед Зөрчлийн тухай хууль батлагдаж гараагүй байсан учраас Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороо санаачилж хэлэлцүүлэх боломжгүй гэж ажлын хэсэг үзсэн байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ.

Улсын Их Хурал шинэ Стратеги төлөвлөгөөтэй болно

Дараа нь Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны “Стратегийн төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ. Уг тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 11 гишүүн санаачлан боловсруулж, энэ сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн дэд ахлагч Д.Лүндээжанцан танилцуулав.

Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөг анх 2002 онд баталсан бөгөөд уг төлөвлөгөөнд 5 стратегийн зорилтын хүрээнд 54 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тэдгээрээс нэг арга хэмжээ бүрэн хэрэгжиж, 51 арга хэмжээ хэрэгжилтийн шатанд, үүнээс 11 арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна.

Монгол Улсын Их Хурлын стратеги зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлээгүйгээс стратеги зорилтуудын хүрэх түвшин, үр дүн тодорхойгүй; үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтүүд оновчтой бус; хэрэгжүүлэх цаг хугацаа ойлгомжгүй; хэн хариуцаж, хэрэгжүүлэх нь тодорхой бус; стратеги төлвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн нөөцийг тооцоогүй; түүнчлэн биелэлтийг тухай бүр тооцож, үнэлж байгаагүйгээс хэрэгжилт удааширсан зэрэг эрсдэл үүссэн тул Стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ.

Стратеги төлөвлөгөөг батлан хэрэгжүүлснээс хойш 17 жилийн хугацаа өнгөрсөн тул орчны өөрчлөлттэй уялдуулан уг төлөвлөгөөг шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэн байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр төрийн албаны шинэчлэлийн нэгэн үе эхэлж байгаа тул төрийн тогтолцоог бүрдүүлэгч субъектүүд стратегиа шинэчлэн тодорхойлох хэрэгтэй болсон. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль 2015 онд батлагдаж, бодлогын баримт бичгийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үе шат, хөгжлийн бодлого төлөвлөлтөд баримтлах зарчим, оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, нэгдсэн тогтолцоо бүрдэх эх үндэс тавигдсан. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, парламентын засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн шинэ зохицуулалтууд тусгагдсан зэрэг нь Улсын Их Хурлын Стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах нөхцөл, шаардлага болжээ.

Улсын Их Хурлын шинэчилсэн Стратеги төлөвлөгөөнд Монгол Улсын Их Хурлын Алсын хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйлсийг тодорхойлсон байна. Уг стратеги төлөвлөгөө нь 6 зорилго, 11 зорилт, 68 арга хэмжээнээс бүрджээ.

Улсын Их Хурлын Стратеги төлөвлөгөөний төсөлд "Монгол Улсын Их Хурлын Алсын хараа “Монгол Улсын Үндсэн хууль, ардчилсан ёс, хүний эрх, нийтлэг үнэт зүйлс, үндэснийхээ эрх ашгийг дээдэлж, тогтвортой хөгжлийг дэмжин, ард түмний засаглах эрхийг хангасан парламентыг төлөвшүүлнэ”. Харин Монгол Улсын Их Хурлын Эрхэм зорилгыг “Улсын Их Хурал нь хууль тогтоох, хянан шалгах үндсэн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлдэг, ард түмний төлөөллийг хангаж, итгэлийг хүлээсэн хариуцлагатай парламент байна” хэмээн томьёолжээ. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын үнэт зүйлсийг:

  • Нээлттэй, ил тод байх.
  • Тэгш байдлыг хангах.
  • Хариуцлагатай байх.
  • Ёс зүйтэй байх.
  • Үр нөлөөтэй байх.
  • Чадавхтай байх.
  • Иргэдийн оролцоог хангах.
  • Хамтын шийдвэрээ хүндэтгэх хэмээн томъёолжээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь “Улсын Их Хурлын 2019-2024 оны Стратеги төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.

Байнгын хорооны энэ удаагийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 7 гишүүний санаачлан боловсруулж, энэ сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл -ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч төсөл санаачлагч гишүүд томилолтоор орон нутагт ажиллаж байгаа учраас төслийн хэлэлцүүлгийг түр хойшлууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611463
0 эможи

Зочин
2019-12-11 23:43
keyboard_arrow_up