Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ХЗБХ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжлээ

2019 оны 12 сарын 12

Arslan.mnУлсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн (2019.12.11) хуралдаан 16 цаг 05 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. 

Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах шаардлагагүй хэмээн шийдвэрлэв.

Эхлээд Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хуралдаанд танилцуулав. 

Өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг дээшлүүлэх, өмгөөллийн үйл ажиллагааны чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх, иргэний “өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах” үндсэн эрхийг хангах зорилт бүхий Өмгөөллийн тухай хуулийн ололттой зарим үзэл санаа, зохицуулалтыг дэмжиж байгаа боловч 2012 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар чиг үүрэг нь Монголын Хуульчдын холбоонд бүрэн шилжсэн “Өмгөөлөгчдийн холбоо” гэдэг байгууллагыг давхардмал чиг үүрэгтэйгээр дахин байгуулахыг дэмжих боломжгүй байна гэжээ. 

Шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуулийн зөвлөх, төр, захиргааны байгууллагад ажилладаг хуульч зэрэг тухайн салбарын нийт мэргэжилтнүүдийг нэгтгэсэн, онцлог бүхий, манай Хуульчдын холбооных шиг тогтолцоо хэдийгээр түгээмэл биш боловч шүүмжлэн буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Монголын Хуульчдын холбооны урилгаар манай улсад айлчилсан гадаадын зарим улс орны зочид төлөөлөгчдийг миний бие хүлээн авч уулзаж байсан. Энэ үеэр манай Хуульчдын холбооны тогтолцоог бусад улс орнууд ихэд үнэлж, өөрийн улсдаа нэвтрүүлэх сайн туршлага хэмээн үзэж байсныг онцлон тэмдэглэсэн юм. 

Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх хүсэж буй хуульчид тодорхой болзол шалгуур тогтоох, шалгалт авах, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь түдгэлзүүлэх, хүчингүй болгох болон иргэдэд үйлчлэх нөхцөл, журмыг нь боловсронгуй болгох зэрэг хэрэгцээ шаардлага бий.

Гэхдээ энэ бүхнийг Монголын Хуульчдын холбооноос тусдаа боловч чиг үүрэг нь давхардмал, хуульчдад татвар, үйлчилгээний болон захиргааны дарамт нэмэх бас нэг холбоо байгуулж, түүгээр гүйцэтгүүлэх ямар хэрэгцээ, шаардлага байгаа нь нэн ойлгомжгүй байна гэжээ.

Нэн шаардлагатай гэж үзвэл Өмгөөллийн тухай хуульд заасан Өмгөөлөгчдийн холбоо гэдэг байгууллагын чиг үүргийг Монголын Хуульчдын холбооны бүтцэд одоо ч ажиллаж байгаа Өмгөөлөгчдийн хороонд хариуцуулах замаар хуульчдад татвар, үйлчилгээний болон захиргааны дарамт нэмэхгүйгээр, мөн түүнчлэн шинээр баталсан Өмгөөллийн тухай хуулийнхаа суурь бүтцийг эвдэхгүйгээр шийдвэрлэх бүрэн боломжтой бөгөөд үүний тулд Өмгөөллийн тухай хуулийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нийцүүлэн уялдуулж, хэрэгжиж байгаа болон шинэ зохицуулалтуудын давхардал, хийдлийг арилгах арга хэмжээг авч, зохих засвар, өөрчлөлтийг хийхэд болохоор байна хэмээн хоригийн танилцуулгад дурдсан. 

Улсын Их Хурлаар хэлэлцэгдэн батлагдаж буй аливаа хууль нь Хууль тогтоомжийн тухай хуулиар тогтоосон шаардлагад бүрнээ нийцсэн байх учиртай. 

Гэтэл Өмгөөллийн тухай хуулийн зарим бүлэг, зүйл, хэсэг, заалт нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтын “Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцсэн, бусад хууль, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай уялдсан байх”, мөн зүйлийн 29.1.7 дахь заалтын “бусад хуулийн заалтыг давхардуулан заахгүйгээр шаардлагатай бол түүнийг эш татах, энэ тохиолдолд эшлэлийг тодорхой хийж, хуулийн нэр болон хэвлэн нийтэлсэн албан ёсны эх сурвалжийг бүрэн гүйцэд заасан байх”, 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтын “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томьёог хэрэглэх” гэсэн шаардлагуудыг хангаагүй байх бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэнд нийцэхгүй, зөрчилдөж байна гэв. 

Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд “шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн хуульчдын бүртгэлийг Улсын дээд шүүхээс Өмгөөлөгчдийн холбоонд шилжүүлэх, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Өмгөөлөгчдийн холбооны Их Хурлыг зохион байгуулах, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо төрийн бус байгууллагын хөрөнгийг нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох Өмгөөлөгчдийн холбоонд шилжүүлэх” зэрэг зохицуулалтыг тусгасан нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн “Хуульч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсны дараа шүүхэд төлөөлөх эрх нээлгэхээр Улсын дээд шүүхэд бүртгүүлж, энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасан өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдэнэ”, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтын “төрийн бус байгууллага” гэж иргэд, төрийн байгууллага /хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага/-аас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг;”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Төрийн бус байгууллага нь төрөөс хараат бус байна”, 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Татан буугдах төрийн бус байгууллагын зохих төлбөрийг хийсний дараа үлдсэн эд хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий төрийн бус байгууллагад шилжүүлэх, хэрэв тийм төрийн бус байгууллага байхгүй бол зорилгод нь нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна” гэсэнд нийцэхгүй, тус тус зөрчилдөж байна.

Өмгөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй аль нэг саналтай огт холбогдолгүй бөгөөд Улсын Их Хуралд өргөн мэдүүлээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг Улсын Их Хурлаас хэлэлцэн баталсан нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн “Хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл /цаашид “төсөл” гэх/-ийг дараах үе шаттайгаар хэлэлцэнэ:”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт “Төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно” гэснийг тус тус зөрчсөн байна. 

Иймд Монголын Хуульчдын холбооны эрх зүйн байдлыг дордуулах, хуульчдад татвар, үйлчилгээний болон захиргааны дарамт нэмэх, давхардмал чиг үүрэгтэй Өмгөөлөгчдийн холбоог хуулиар дахин байгуулах шаардлагагүй хэмээн үзэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Өмгөөллийн тухай хуулийн Өмгөөлөгчдийн холбоо байгуулахтай холбогдсон 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар зүйл, 14 дүгээр зүйлийн 14.1.14, 14.1.15 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэг, 17, 18, 19 дүгээр зүйл, 24 дүгээр зүйл, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.4 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэг, 32, 33, 34, 35, 36, 37 дугаар зүйл, Зургадугаар бүлэг, Долдугаар бүлэгт хэсэгчлэн, Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд тус тус бүхэлд нь хориг тавьжээ. 

Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Ц.Нямдорж нар асуулт асууж, хариулт авав. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Өмгөөллийн тухай хуулийн дээрх хэсгшшдэд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ХЭСЭГЧЛЭН ТАВЬСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭН АВАХЫГ ДЭМЖЛЭЭ

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн юм. 

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлээс 174,2 тэрбум орчим төгрөг төвлөрүүлэхээр тусгасныг эрс эсэргүүцэж буй иргэдийн шаардлагыг Улсын Их Хурал хүлээн авч амлалт, хөтөлбөртөө нийцсэн хүнлэг, оновчтой бодлогоор нэн тэргүүнд залруулах шаардлагатай гэжээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8 дахь хэсэгт “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн баталж болно” гэж заасан бөгөөд Улсын Их Хурал энэхүү хоригийг хүлээн авсан тохиолдолд дурдсан зохицуулалтын дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн холбогдох хуульд зохих өөрчлөлтийг оруулж, ард иргэдийн амьдралд дарамт болж байгаа буруу бодлогоо засах бүрэн боломжтой бүрдэнэ хэмээн үзэж буйг З.Энхболд дарга танилцуулгадаа дурдав. 

Нийгмийн даатгалын шимтгэл нь иргэд, даатгуулагчдын ирээдүйд зориулсан хөрөнгө гэдгийг анхаарч, хариуцлагагүй байдлын уршгаар Капитал банканд өгч алдсан нийгмийн даатгал, эрүүл мэндийн сангийн 240 тэрбум төгрөгийг олж авах, татвар төлөгчдийн мөнгийг завшсан этгээдүүдээр нь буцаан төлүүлэх асуудалд Улсын Их Хурал “хуулийн биелэлтийг хянан шалгах” онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд анхаарал хандуулж, холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгөн эрчимтэй, шуурхай ажиллуулах шаардлагатай гэлээ. 

Монгол Улсын 2020 оны төсвийн нийт зарлага 13.87 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 11.79 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.07 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувьтай тэнцэхээр батлагдсан. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай, хуулийн зарим заалтыг зөрчиж байгаа хэмээн үзэж буйг танилцуулгад дурдав.  

Улсын Их Хурал төсвийн зардлаа эргэн нягталж, үр ашиггүй, үрэлгэн зардлуудыг танах, үүний дотор 2020 оноос эхэлж, 2021-2022 оныг хүртэл хугацаанд дамжин хэрэгжих барилга, арга хэмжээний зардлуудыг төсвөөс бүрэн хасах шаардлагатай хэмээн үзсэн байна. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийг дагалдуулж Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг бүхэлд нь хэрэгжих бололцоогүй болгосон хэмээн тайлбарлав. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн хориг тавьжээ. 

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав асуулт асууж, хариулт авав. Тэрбээр төсвийн санхүүжилтээр баригдаж буй барилга байгууламжуудад нэгдсэн стандарт мөрдөх, ирэх оны төсөвт их хэмжээний үр ашиггүй, ач холбогдолгүй хөрөнгө оруулалт байгааг шүүмжлэн хоригийг хэсэгчлэн хүлээн авах боломжтой хэмээн үзэж буйгаа хэлсэн юм. 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай 31 дүгээр зүйлийн 31.6-д “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь хоригийг хүлээж аваагүй бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр хүчин төгөлдөр үлдэнэ” хэмээн заасан байдаг. Ингээд санал хураалт явуулахад Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн гишүүд үзлээ.

Мөн Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн гишүүдийн олонх дэмжсэгүй.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Харин Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг гишүүдийн олонх дэмжсэн юм. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ. 

ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд танилцуулсан юм. 

Тус ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Х.Нямбаатар, Л.Энхболд, С.Эрдэнэ нар ажилласан байна.

Энэ удаагийн хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийн зорилго нь хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилготой хэдий ч сүүлийн үед иргэд, олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтуудыг оновчтой, тодорхой болгох, түүнчлэн биеэ үнэлэх, мөрийтэй тоглоом зохион байгуулах, илт худал мэдээллийг тараах зэрэг асуудалд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байхаар өөрчлөлтийг оруулжээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах, гэмт хэргийн зохион байгуулалттай бүлэглэл үйлдсэн бол 12-20 жил хүртэл, эсвэл бүх насаар нь шийтгэдэг байх өөрчлөлтийг тусгажээ. 

Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд Улсын Их Хурлаас баталсан зарим хуульд зөрчлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх тодорхой зохицуулалтгүй байсныг шийдвэрлэх, зөрчлийн зарим хариуцлагыг тодорхой болгох саналыг оруулсан байна. Ажлын хэсэг төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй 88 саналын томъёолол, найруулгын шинжтэй багцалсан 7 санал, дагалдах бусад хуулийн төслүүдийн талаарх 11 саналыг бэлтгэсэн байна. 

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-оргил, Ж.Батзандан, Ц.Гарамжав нар асуулт асууж, зарим асуудлаар ажлын дэд хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авсан юм.

Хуралдаанаар үргэлжлүүлэн ажлын хэсгээс бэлтгэн томъёолсон зарчмын зөрүүтэй саналын 8 томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд байнгын хорооны өнөөдрийн хуралдааныг өндөрлүүлж, маргааш үргэлжлүүлэн хуралдахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611495
0 эможи

Зочин
2019-12-12 11:48
Зочин
2019-12-12 11:37
keyboard_arrow_up