Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Н.Номтойбаярын нэр холбогдсон хэргүүд ба тайлбар

2019 оны 12 сарын 13

Arslan.mn

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр холбоотой байж болзошгүй гэх хоёр ч асуудал нийгэмд яригдаж байна.  Өнгөрсөн хугацаанд түүнийг байцаасан, мэдүүлэг авсан, яллагдагчаар татсан, тэр ч байтугай гишүүнээс эгүүлэн татна гэх яриа ч гарав.  Тэгвэл өчигдөр Н.Номтойбаяр гишүүн эдгээр асуудалд тайлбар өглөө.

Эхнийх нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гишүүдэд дөрвөн тэрбумын зээл өгсөн гэх асуудал юм. Засгийн газрын 2016 оны тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас  жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам баталж, дэмжлэгийн хэмжээг нэг төсөлд таван сая хүртэл төгрөг байх” хэмээн заажээ.   УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 2016-2017 онд ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа удирдамж баталж, ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа даргын тушаалаар төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулсан. Гэвч тухайн ажлын хэсгээс нэг ч удаа хуралдалгүйгээр нэр бүхий 27 аж ахуйн нэгжид хүүгүй зээлийг  олгосон байна.  Тодруулбал, ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал нар иргэн, аж ахуйн нэгжүүдэд 200 сая төгрөгийн зээл буюу нийт нийт дөрвөн тэрбум төгрөг олгосон болох нь нотлогдож буйг хуулийн байгууллагаас мэдэгдээд байгаа.

Хэрэгт шалгагдаж байгаа Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нар ч мэдүүлэгтээ “Тухайн үед Н.Номтойбаяр сайдын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, хууль зөрчиж зээл олгосон. Энэ асуудалд Н.Номтойбаяр холбоотой” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн гэх мэдээлэл бий.  Улмаар Б.Нямдаваа, Б.Шижиржаргал нарыг ажлаас нь түдгэлзүүлж, яллагдагчаар татаад байна.

Тайлбар: УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Намайг ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн удирдлагуудтай бүлэглэн найман иргэн 21 хуулийн этгээдэд давуу байдал олгосон гэж байгаа. Мөн нэр бүхий УИХ-ын гишүүн, сайд нарт зээл олгуулсан мэтээр гүтгэж байна. Бүр сүүлдээ өөрөө зээл авсан гээд байгаа. АТГ яаж ажиллаад байна вэ. Ажиллаж байгаа байдал нь туйлын харамсалтай байна. Би энэ асуудлаар АТГ-т тайлбар өгөхөөр сүүлийн дөрвөн хоног хүлээсэн. Намайг хүлээж авч уулзаагүй.  Мөн үүн дээр үндэслээд миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэж дуулсан. Ийм утга  бүхий тогтоолын төслийг  тус газраас гаргаад хөөцөлдөж явна гэсэн.  АТГ-ын дарга З.Дашдаваа энэ мэдээллийг харж үзэж байгаа байх. Намайг хүлээж авч уулз. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед батлагдсан тогтоолоор нэг иргэнд таван сая хүртэл төгрөгийн зээл олгохоор тусгасан байсан. Орон нутгийн шинж чанартай төсөл хөтөлбөрт санхүүжилт олгодог юм. Хоёр жилийн хугацаатай  эргэн төлөгдөх зохицуулалттайгаар уг зээлийг олгоно гэж Засгийн газрыг тогтоолд тусгасан.  Энэ тогтоолын дагуу  гэрээ байгуулаад зээл олгосон. Гэтэл төслийг шалгаруулах хуралдаанууд болоогүй, хуурамч хурлын тэмдэглэл бичиж шийдвэр гаргасан, эргэн төлөхгүй нөхцөлөөр хэрэгжүүлэх тогтоол гаргаж, улсад 3.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж яллагдагчаар татахдаа буруутгасан байна. Нэр дурдаад байгаа гишүүдийн зүгээс ямар нэг албан бичиг юм уу, зохион байгуулалттай зүйл хийгээгүй. Тэгэхээр АТГ-ын яллагдагчаар татсан тогтоолд дурдсан бүх мэдээлэл ор үндэслэлгүйгээр намайг гүтгэсэн. Бүгд нотлох баримттай байна, хуулийн байгууллага дутуу судалсан байна” гэлээ.

Дараагийнх нь  түүнийг Г.Батхүү агсны хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх асуудал юм. АН-ын дэд дарга агсан Г.Батхүү өнгөрсөн тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд болсон ажлын хэсгийн хуралдаанд оролцож явах үеэрээ Засгийн газрын хуралдааны танхимын үүдэнд байх “гол гонхон”-ноос унаж амиа алдсан байдалтай олдсон харамсалтай хэрэг гарсан. Түүний амиа алдсан хэрэг явдлыг АН болон ар гэрийнх нь  зүгээс “гадны нөлөөтэй байж болзошгүй” гэж тухайн үедээ мэдэгдсэн юм.  Харин талийгаач Г.Батхүү хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын өрөөгөөр орсон байж болзошгүй байдаг. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийсэн. Тэрээр “Тавдугаар сарын 17-ны орой талийгаач бид хоёр хамтдаа алхаад явж байсан. Бид хоёр хоёулаа авто спорт сонирхдог. Тэгээд дүүгийн өрөө аль вэ хэмээн надаас асууж, манай өрөөгөөр орж хэдэн минут саатсан. Миний ѳрѳѳнд уулзалт болсон. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Ѳдрийн хоолон дээр жаахан архи задалсан нь үнэн” хэмээн мэдэгдэж байв.

Тайлбар: Харин Н.Номтойбаяр гишүүн өчигдөр дахин тайлбар өглөө. Тэрээр “Г.Батхүү агсны хэрэг дээр намайг яллагдагчаар татаагүй. Энэ хэрэг гарснаас хойш 22 мэдээллийн хэрэгслээр, 195 IP хаягнаас 400-500 удаагийн давтамжтайгаар над руу дайрсан. Тэр хүний нас барсан хэрэгт намайг хууль хяналтын байгууллагаас шалгасан зүйл байхгүй. Энэ асуудлаар сэжигтэн, яллагдагчаар татагдсан зүйл байна уу, үгүй юу гэдгийг энэ хэргийг хянаж байгаа прокурортой уулзахдаа асуусан. Тийм зүйл байхгүй гэсэн. Би гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн. Намайг худал мэдүүлэг өгсөн гээд байгаа. Цагдаагийн байгууллагаас “Талийгаач танай өрөөнд орсон. Танай өрөөнд архи уусан байхад уугаагүй гэдэг мэдүүлэг өгсөн” гээд байгаа. Манай өрөөнд орж ирэхээсээ өмнө архи уусан байсан үгүйг би яаж мэдэх юм бэ.  Талийгаачийн ходоодноос архи илэрсэн гэсэн. Тэгвэл манай өрөөнд байсан архийг хураагаад аваад явсан. Шинжилгээгээр тэр архины дээж таарч байгаа эсэхийг тогтоох ёстой.  Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тархины цус харвалт гэж гарсан. Дараа нь дахин ар гэрийнхэнийх нь хүсэлтээр задлан шинжилгээ хийхэд өмнөхтэйгөө адилхан хариу гарсан. Энэ хариу нь арваннэгдүгээр сарын 8-нд  гарсан юм билээ” гэсэн тайлбар өглөө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.12.13  БААСАН  №247  (6214)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611535
0 эможи

Зочин
2019-12-13 15:07
keyboard_arrow_up