Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа

2020 оны 1 сарын 16

Arslan.mnУИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалан явуулж, “Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцуулсан.

Хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын чуулганы хуралдааны холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны тогтоолоор байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, гишүүдэд УИХ-ын гишүүн Д.Мурат, Б.Саранчимэг, Г.Тэмүүлэн, Д.Тэрбишдагва нар ажиллажээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна.

Хэлэлцүүлгийн үед ажлын хэсгийн танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан бөгөөд уг саналуудыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Гишүүд гадагшаа урсан гарч буй голын усыг нөөцлөн ашиглах ямар боломж байгааг, Оюутолгой зэрэг уул уурхайн компаниуд гүний усыг ямар нөхцөлөөр ашиглаж байгаа, хөнгөлөлт эдэлж буй эсэхийг тодруулж байлаа. Мөн Улаанбаатар хотын усны нөөц цаашид өсөн нэмэгдэж буй хүн амыг хангаж хүрэлцэх үү хэмээн лавласан. Түүнчлэн гадаргын усан сан байгуулах чиглэлээр ямар ажил хийхээр төлөвлөөд байгааг тодруулж байлаа.

Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, манай орны ихэнх голууд гадагшаа урсан гардаг бөгөөд үүнтэй холбоотой асуудлыг Хилийн усны гэрээ хэлэлцээрээр зохицуулж байдаг аж. Сэлэнгэ мөрөнөөр нэг секундэд 339 метр куб, Хэрлэн голоор 19 метр куб ус урсан гарч байдаг бөгөөд олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд нийт урсацын 10-15 хувийг нөөцлөн авч ашиглах боломжтой юм байна.

1970-1980-аад онд хуучнаар ЗХУ-ын эрдэмтэн судлаачид Улаанбаатар хотын ундны усны нөөцийг тогтоож байжээ. Тэрхүү судалгааг үргэлжлүүлэн Туул гол дагуу Алтан тэвшийн хөндий дэх Улаанбаатар хотын долоон эх үүсвэрийн усны нөөцийг 2005, 2015 онд хянан баталгаажуулсан байна. Улаанбаатар хотын долоон эх үүсвэрээс жилдээ нийтдээ 220 мянган метр куб усыг ашиглах боломжтой байгаа. Мөн ДЦС-ууд, бусад үйлдвэр аж ахуйн газрууд жилдээ 330 мянган метр куб усыг ашиглах боломжтой гэж Ажлын хэсгийн гишүүд хариулсан.

Судалгаагаар Улаанбаатар хотын хүн ам, үйлдвэр аж ахуйн газрууд одоогийнхтой адил хурдаар өсөн нэмэгдвэл 2028-2030 онд батлагдсан нөөцийн хэмжээ эрэлт, хэрэгцээ хоёр тэнцэхээр байна гэж гарчээ. Цаашдаа гэр хорооллыг барилгажуулах. ажил хийгдсэнээр усны эрэлт хэрэгцээ нэмэгдэх учир Мянганы сорилын сангийн хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын баруун эх үүсвэр буюу Шувуу фабрик, Био комбинат орчимд жилдээ 50 сая метр куб ус ашиглах хоёр усны эх үүсвэрийг нээж, өнгөрсөн оны 12 дугаар сард усны нөөцийг баталгаажуулсан гэлээ.

1980-аад оны сүүлээр хуучнаар ЗХУ-ын мэргэжилтнүүд Гачууртын хар усан тохой орчим Туул усан цогцолборыг барихаар төлөвлөсөн ч зах зээлийн нийгэмд шилжээд энэ ажил орхигдсон аж. Усны мэргэжилтнүүд судалгаа хийж Туул Тэрэлжийн бэлчрээс дээшээ Босгын гүүр орчимд усан цогцолбор байгуулах боломж байна гэж үзсэн байна. 2014-2015 онд энэхүү цогцолборын ТЭЗҮ, судалгааг хийж, Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран Туул усан цогцолборын үйл ажиллагааг эхлүүлэхээр ажиллаж байгааг Ажлын хэсгийнхэн дуулгасан.

Үргэлжлүүлэн Байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Хууль зүйн байнгын хороо 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасны дагуу холбогдох зарчмийн зөрүүтэй саналуудыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав. Түүнчлэн төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн болохыг дуулгасан.

Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд Байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулсны эцэст хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулиудыг эцэслэн баталлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612662
0 эможи

Зочин
2020-01-16 23:58
Зочин
2020-01-16 17:58
keyboard_arrow_up