Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ТББХ: Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хугацаа 22 хоног байсныг 15 болгожээ

2020 оны 1 сарын 22

Arslan.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Л.Энх-Амгалан нарын гурван гишүүнээс  2019 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хийв. Улсын Их Хурлын даргын 2020 оны 01 дүгээр тоот захирамжийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Л.Болд, Д.Мурат, Н.Амарзаяа, Ц.Цогзолмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр Ажлын хэсгийг байгуулсан. Тус Ажлын хэсэгт Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Үндэсний аудитын газар, Харилцаа, холбооны зохицуулах хорооноос төлөөлөл орж ажиллажээ. Ажлын хэсгээс хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 94, төслийн үг хэллэг, нэр томьёо, дугаарлалтыг жигдэлсэн 5 багц найруулгын санал бэлтгэсэн гэж байлаа. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, М.Энхболд нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс сонгуулийн сурталчилгааны хугацааг багасгахыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ сонгуульд нэр дэвшигч төрийн албанаас чөлөөлөгдөх хугацаа, хандивын талаар илүүтэй лавлаж,  ухуулагчийн тоог багасгах талаар байр сууриа илэрхийлсэн.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хариултдаа, Хуулийн төсөлд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн ээлжит сонгуулийн жилийн Тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна гэж тусгасныг наймдугаар сарын 01-ээс гэж өөрчлөхөөр болсон. Мөн  хуулийн төсөлд сонгуулийн сурталчилгааны хугацаа 22 хоног байсныг 15 хоног болгосон гэж байлаа. 

Сонгуулийн өмнөх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, дараах өдрөөс сэргээнэ гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 15-наас зогсоогоод аравдугаар сарын 15-наас нээнэ хэмээн Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар нэмж хариулав.

Ингээд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн талаарх Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. 

Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлд “3.1.8.“цахим хуудас” гэж бүх төрлийн контентийг интернетийн домэйн нэр болон цахим орчин дахь олон нийтийн сүлжээг ашиглан хэрэглэгчид хүргэдэг программ хангамжийг; 3.1.9.“ял эдэлж байгаа” гэж Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ялыг эдэлж дуусаагүй, эсхүл торгох ялыг биелүүлээгүй байхыг.” гэсэн  агуулгатай заалт, мөн төслийн 7 дугаар зүйлд “7.6.Сонгогч саналаа нууцаар гаргах ба хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж, саналаа өгөх боломжоор хангагдсан байна.” гэсэн агуулгатай хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

Мөн төслийн 10 дугаар зүйлд “10.11.Санал хураалт дууссанаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 10.1-т заасан зардлын зарцуулалт, гүйцэтгэлийн тайланг аймаг, нийслэлийн сонгуулийн хороо гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо тайлангт нэгтгэж 60 хоногийн дотор Төрийн аудитын дээд байгуулагад хүргүүлнэ., 10.12.Аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн хороод тайландаа тухайн орон нутаг дахь төрийн аудитын салбар байгууллагаар дүгнэлт гаргуулсан байна” гэсэн хэсэг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

Түүнчлэн төслийн  33 дугаар зүйлд “33.1.9.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, ийм агуулга бүхий мэдээллийг хэвлэмэл материалын хэлбэрээр, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараасан болох нь шүүхийн шийдвэрээр тогоогдсон.” гэсэн агуулгатай хэсэг, төслийн 29 дугаар зүйлд “29.8. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв. 

Мөн төслийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3 дахь хэсгийн нэгтгэн, “56.2 Хандив өгөхийг хориглосон этгээд болон эрх зүйн байдал нь тодорхойгүй этгээд сонгуулийн хандив өгсөн бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд буцаан шилжүүлнэ”  гэж, төслийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэг, 63.2.1, 63.2.2 дахь заалтыг “63.2 Эрүүл мэндийн байдлын улмаас зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогч нь өөрийн эрүүл мэндийн талаарх харьяа өрхийн эмчийн магадлагааг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд хүргүүлнэ” гэж бүхэлд нь өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Харин төслийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсгийн “5 дугаар сарын 1-ний” гэснийг “08 дугаар сарын 01-ний” гэж өөрчлөх, төслийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг, 65 дугаар зүйлийн 65.15 дахь хэсгийн “22:00” гэснийг “20:00” гэж өөрчлөхийг  хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. 

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Эрдэнэбат нар  хуулийн төсөлд “сонгуулийн ирцийг 50+1 хувь байх” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612869
0 эможи

Зочин
2020-01-23 02:29
keyboard_arrow_up