Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Керосиныг онцгой татвартай болгох хуулийн төслийг ХЭН “дарчихсан” бэ?

2020 оны 1 сарын 28

Arslan.mn

Монголчууд бид сүүлийн хэдэн жилийн турш хуурамч шатахуун гээчийн тухай ярьж байна. Тийм газарт, ингэж хийж байна гээд барим тавим мэдээлэл зөндөө л ил болсон. Нэгэнт нүдэн дээр ил дайсагнаагүй зүйлийг тоодоггүй хэнэггүй монгол зангаараа хандсаар ирсэн. Тэр завсарт тэрхүү хуурамч хэмээх шатахуун үйлдвэрлэгдэж, борлуулагдсаар өнөөг хүрлээ. Монгол Улсын МNC:2017 216 217 гэсэн стандартаар импортын авто бензин, дизелийн түлшинд ямар нэг нэмэлт бодис хольж борлуулах нь хориотой. Гэтэл гадаадад хаяг данстай нэр бүхий компани Монголын нутаг дэвсгэр дээр ийм төрлийн үйл ажиллагаа явуулж, зарим албан тушаалтнууд түү­нээс олсон ашгаа оффшор бүсэд гаргасан хэрэг хууль хяналтын бай­гууллагад шалгагдаж байгаа ноцтой мэдээлэл бий.

Хамгийн гол нь тэрхүү хуурамч хэмээх шатахуун нь хувь хүнд, аж ахуйн нэгжүүдэд, ер нь Монгол Улсад түүнээс үүдсэн хохирол хэр их учирч байгааг нарийн тооцвол маш том дүн гарна гэдгийг эх сурвалж хэлсээр байна.

Онцгой албан татвар бага тогтоосон болон олон жил шатахууны үнийг хүчээр барих гэж оролдсоны сөрөг үр дагавар нь “хуурамч шатахуун” болсон гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагуудаас хийжээ.

АМГТГ-ын дарга Б.Хэрлэн 2018 оны аравдугаар сард Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр “…Дотоодод хуурамч шатахуун үйлдвэрлэж байгаа эсэх асуудлаар тусгай ажлын хэсэг байгуулан ажилласан. Шалгалтаар дагалдах бүтээгдэхүүнүүдийг оруулж ирээд, энд холилт хийх замаар шатахуун хийсэн асуудал гарсан. Дээж авч шинжлэхэд стандартын бус байдал илэрсэн нь үнэн. Бид ажлын хэсгийн дүгнэлтээ УУХҮЯ-нд хүргүүлсэн” гэж мэдэгдсэн.

Ерөөс уг үндсийг нь тасалж байж аливаа мууг зогсоодог. Тиймээс Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл хуурамч шатахуун хэмээгчийн гол түүхий эд болох керосин, нафта зэрэг нефть-химийн завсрын бүтээгдэхүүнд онцгой албан татвар тогтоох санаачлагыг дахин гаргаад байгаа юм. Дахин гэсний учир нь одоогоос бараг гурван жилийн өмнө Монголын төр, салбарын яам нь санаачлаад явж байсан.

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж импортын дээрх нефтийн бүтээгдэхүүнд онцгой албан татвар тогтоох хуулийн төслийг УУХҮЯ-наас боловсруулж 2017 оны арванхоёрдугаар сард Сангийн яам руу хүргүүлжээ. УУХҮЯ-наас ингэж мэдээлдэг.

Дараа нь Онцгой албан татварын хэмжээг газрын тосны бүтээгдэхүүний чанар, стандарт, импортолж буй боомттой уялдуулан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлаар хуулийн төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг 2018 оны аравдугаар сарын 18-ны өдрийн 18/03-1 тогтоолоор холбогдох сайд нарт даалгасан байдаг. Тэгэхээр УУХҮЯ-ны санаачлан боловсруулсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хаана очоод дарагдчихсан нь тодорхойгүй болчихоод байгаа хэрэг. Эндээс харахаар Сангийн яамнаас цааашаа яваагүй болж таараад байна. Гэтэл Засгийн газар ийм хуулийг холбогдох яамдаас нэхсэнээс хойш жил хагас болчихсон байна.

Өнөөдөр Засгийн газар ч, холбогдох яамд ч энэ талаар ам ангайхаа больжээ. Энэ л анхаарал татаж байгаа юм.

Тэгэхээр Онцгой албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлсэн 2016 оноос хойш импортын хэмжээ нь онцгой нэмэгдээд байгаа ийм төрлийн татваргүй нефьт-химийн бүтээгдэхүүнд татвар ногдуулах зайлшгүй шаардлага бий болоод байна.

Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийн дахин хөндөж гаргаж ирсэн энэ асуудлаар УИХ-ын нэр бүхий гишүүд хууль санаачлах талаараа бидэнд мэдэгдсэн. Харин бидэнд хуурамч шатахуун ямар арга замаар, яаж бий болдог, хэн энэ бизнесийг дэмждэг, үүнээс үүдсэн нийгмийн болоод эдийн засгийн ямар шаардлага бий болоод байгаа талаар сурвалжлан мэдээлэх үүрэг оногдоод байгаа юм.

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613033
0 эможи

Зочин
2020-01-28 13:34
Иргэн
2020-01-28 11:07
Зөв шүү хайж олох хэрэгтэй чанар муу хуурамч шатахуунаас гарч байгаа хорт хий ард түмэнийг маш их хордуулж байна
keyboard_arrow_up