Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын дарга АНУ-д хийх айлчлалаа хойшлуулжээ

2020 оны 3 сарын 09

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 10-11-ний хооронд АНУ-д айлчлахаар төлөвлөөд байсан билээ. Уг айлчлалыг хойшлуулах болсон тухайгаа УИХ-ын дарга Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкд Клеческиг хүлээн авч уулзах үеэрээ мэдэгджээ.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Шинэ корона вирусийн дэгдэлтийн улмаас дэлхийн олон улс оронд аялал жуулчлалыг хязгаарлаж, хорио цээрийн дэглэм тогтоож байна. Манай улс өндөр эрсдэлтэй орны нэг учир Улсын онцгой комиссоос холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллаж байгаа.

Үүний нэг нь төрийн албан хаагчдын гадаад томилолтыг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл түр зогсоосон шийдвэр юм.

Түүнчлэн НҮБ болон Олон улсын парламентын холбооноос ч олон улсын арга хэмжээ, бага хурлуудаа цуцалж байгаа талаараа бидэнд мэдэгдсэн. Улсын онцгой комиссоос Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийг ч гадагшаа албан томилолтоор явахгүй байхыг анхааруулсан шийдвэрийг саяхан гаргасан. Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтээр дагах учиртай. Тиймээс АНУ-д хийх айлчлалын хугацааг дахин товлох шаардлага үүсэж байна. Айлчлал бидний болон хоёр улсын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг тэмдэглэж хэлье” гэжээ.

Харин үүний хариуд ноён Элчин сайд Майкл Клечески Монгол Улсад үүссэн нөхцөл байдлыг ойлгож байгаагаа илэрхийлээд холбогдох байгууллагуудтай хамтран, айлчлалын хугацааг дахин товлох асуудлыг шийдвэрлэхээ илэрхийлсэн байна.

УИХ-ын дарга айлчлалынхаа хүрээнд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Спикер хатагтай Н.Пелоситой албан ёсны уулзалт хийж, Конгрессын төлөөлөгчдийн танхимын Байнгын хороодын удирдлагууд, Сенатын гишүүд, Конгресс дахь АНУ-Монголын бүлгийн удирдлага болон албаны бусад хүмүүстэй уулзаж, хоёр улсын улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцахаар төлөвлөж байгаа юм.

Мөн хоёр орны Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийг АНУ-ын Конгрессоор батлуулах үйл явцыг урагшлуулах, ФАТФ-ын саарал жагсаалтаас ойрын хугацаанд гарахад хамтран ажиллах талаар АНУ-ын Сангийн яамны удирдлагуудтай уулзалт хийхээр төлөвлөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614551
0 эможи

Зочин
2020-03-09 16:19
keyboard_arrow_up