Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Б.Баттөмөр гишүүн авах ёстой юмаа аваагүй гэж уурлаад олон хүн уриалаад төвөгтэй байна”

2020 оны 4 сарын 28

Arslan.mn

ЖДҮ-гийн хэрэг бол “зүгээр нэг зээл” биш. УИХ-ын гишүүд 2016-2020 онд төр түшилцэх явцдаа төрийн бодлогыг нурааж, ЖДҮ эрхлэгчдийн боломжийг хулгайлсан явдал юм.

Өдөр тутмын сони­нуудын “Эрэн сурвалж­лагч” нэгдэл энэ удаад дахин нэг түшээгийн таагүй явдлыг танд хүргэх гэж байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Мондем” ХХК-ийн төслийг дэмжүүлэхээр ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хандаж байжээ. Гэхдээ энэ талаар ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг тодорхой зүйл ярьдаггүй байна. Харин дараах баримт факт, үйл явдлуудаас УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ЖДҮ-чин мөн, бишийг уншигч та ойлгох биз ээ.

Монголын төрөөс ХХААХҮЯ-ны ЖДҮХС-гаар дамжуулан олгосон 2018 оны хаврын сонгон шалгаруулалтын дараахан УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн бие төлөөлөгч гэх 60 шахаж яваа эр ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийн албан өрөөнд очиж уулзжээ.

Тэр хүн маш ноцтой зүйлийг хэлсэн нь “Нэг гишүүнд ЖДҮХС-гаас ойролцоогоор нэг тэрбум орчим төгрөг оногдож байгаа. Энэ нэг тэрбум төгрөгөөр Б.Баттөмөр гишүүний тойргийн хороодод сонгон шалгаруулалт явуулж, хэд хэдэн төсөл шалгаруулсан” гээд жагсаалт үзүүлжээ. Ингэхэд нь ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг “Манай үйл ажиллагааг гишүүнийхээ тойрог дээр хэрэгжүүлж, ЖДҮХС-гийн салбар шиг ажилласан байна” гэхэд “Та хуваарь мөнгийг нь эрх шилжүүлээд өгчих. Бид өөрсдөө хуваарилалтаа хийе” гэсэн байна.

Тэгэхэд нь ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг “Танд ЖДҮХС-гийн төсөл сонгон шалгаруулах талаар ямар ч ойлголт алга” гээд тус сангийн үйл ажиллагаа, төсөл шалгаруулах журмын талаар танилцуулж өгсөн байна. Улмаар түүнийг ЖДҮХС-гийн Хэлтсийн дарга Ж.Баасандоржтой уулзуулж, сангийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаар шаардлагатай бол заавар, зөвлөгөө авах боломжтой гэдгийг хэлж өгчээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн бие төлөөлөгч ЖДҮХС-гийн хэлтсийн дарга Ж.Баасандоржтой хэд хэдэн удаа уулзсан байна. Гэтэл эрхэм гишүүний бие төлөөлөгчийн жагсаалтаар үзүүлж байсан компаниуд нь ЖДҮХС-гийн 2018 оны хаврын сонгон шалгаруулалтад багтаагүй аж. Тэдгээр компанийн нэрийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр албан бичгээр тус санд ирүүлсэн байжээ. Гэвч ЖДҮХС-гийн төсөл шалгаруулдаг журам, дүрмийг эрхэм гишүүн “анзааралгүй” албан бичиг явуулсан л бол шалгарч, төслийн санхүүжилтэд багтана гэж үзсэн бололтой.

Учир нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тэр шалгаруулалтын дараа Төрийн ордонд явж байсан Жижиг, дунд үйлдвэрийн хоршооны бодлогын хэрэгжилтийн газрын дарга Я.Эрдэнэсайхантай таараад загнаж гарсан байна. Энэ талаар Я.Эрдэнэсайхан ЖДҮХС-гийн захирал С.Төгс­билэгт “Чамаас болж Б.Баттөмөр гишүүнд загнуул­чихаад ирлээ” гэж хэлжээ.

Харин намрын сонгон шалгаруулалтын өмнө ХХАХҮ-ийн сайд Б.Батзориг Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг нарыг өрөөндөө дуудаж цаасан дээр “УИХ-ын гишүүн Б.Баттөмөр” гэж бичүүлээд “Компанийнх нь нэрийг араас нь жагсаалтаар өгнө” гэжээ. Мөн тэрээр “Б.Баттөмөр гишүүний компанийн төслийг анхнаас нь сайн харж, заавал шалгаруулна шүү” гэж анхааруулжээ. Түүнчлэн сайд Б.Батзориг ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгт “2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А-88 тоот тушаалд Б.Баттөмөр гишүүний компани багтаагүй, авах ёстой юмаа авч чадаагүй гээд ууртай байгаа. Энэ байдлаасаа болоод олон хүн уриалаад төвөгтэй байдал үүсгээд байна. Заавал санхүүжилтэд багтаана шүү” гэж хэд хэдэн удаа сануулсан байгаа юм.

Дараа нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн хамаарал бүхий гэж “Мондем” ХХК-ийн нэр тэдэнд ирж, сайдаас “заавал шалгаруулах” чиглэлтэй учир санхүүжилтэд багтжээ. Мөн 2018 оны наймдугаар сарын 14-нд ХХАХҮ-ийн сайдын “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай” А-141 тоот тушаал гарч санхүүжилт авах компаниудын нэрс батлагдсаны дараа ком­паниудтай гэрээ байгуулах ажил үргэлжилж байх үед ЖДҮХС-гийн Тамгын хэлтсийн мэргэжилтэн Ө.Жамийлаа тус сангийн захирал С.Төгсбилэгээр хэд хэдэн материалд гарын үсэг зуруулахаар өрөөнд нь орсон байна. Тэгэхдээ “... “Мондем” ХХК-ийн захирал гэх залуу орж ирж уурлаж уурлаж гарлаа. Намайг хэний хүүхэд гэдгийг мэдэж байна уу. Та нар хурдан ажлаа хий гээд байсан” гэжээ. Тэр залуу УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн хүүхэд байсан бөгөөд ЖДҮХС-гаас тавьдаг шаардлага, үйл ажиллагааны процесст нэлээд бухимдсан талаар Тамгын хэлтсийн мэргэжилтэн нь захиралдаа хэлсэн байна.

Үүний дараа ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг Хэлтсийн дарга Ж.Баасандорждоо “Ажлаа хийж байгаа хүмүүс рүү яагаад компанийн захирлууд уурлаад уцаарлаад байдаг юм бэ. “Мондем” ХХК-ийн захирал гэх залуутай уулзаж энэ талаар ойлгуулж хэл” гэсэн чиглэл өгчээ. Энэ дагуу Хэлтсийн дарга Ж.Баасандорж “Мондем” ХХК-ийн захиралтай уулзаж “ЖДҮХС-гаас тавьж байгаа шаардлагыг та хүндэтгэн хүлээн авч, хэрэгжүүл. Та Б.Баттөмөр гишүүний хүүхэд юм бол аавынхаа нэрийг бодох хэрэгтэй” гэсэн агуулгаар ярилцаж ойлгуулжээ. Ингэхэд нь “Мондем” ХХК-ийн захирал залуу “Би Б.Баттөмөр гишүүний хүүхэд биш хүргэн нь” гээд ЖДҮХС-гийн ажилтнуудаас уучлалт гуйгаад гарсан байна. Уучлалт гуйсан байдлыг нь тус сангийнхан инээдэм болгоод ярьж байжээ. Учир нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн хүргэн гэх “Мондем” ХХК-ийн захирал тэдний өрөөний үүдээр шагайгаад “Хөөе, уучлаарай за юу” гэчихээд явсан байна.

ЖДҮХС-гийн Төрийн банк дахь 100900037019 тоот данснаас 2018 оны аравдугаар сарын 17-ны өдөр “Мондем” ХХК руу “Зээл олгов” гээд 300 сая төгрөгийг шилжүүлжээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нь “Мондем” ХХК-ийн 80 хувийг эзэмшдэг гэдгээ АТГ-т мэдүүлсэн байна.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
616580
4 эможи
keyboard_arrow_up