Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЭЗБХ: Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2020 оны 4 сарын 29

Arslan.mn

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.29) хуралдаан 14 цаг 24 минутад гишүүдийн 57,9 хувийн ирцтэй эхэлж, “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын зургаан гишүүнээс 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, С.Чинзориг нар асуулт асууж, хариулт авсны дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир, Б.Жавхлан, Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, А.Сүхбат, Л.Энх-Амгалан нараас тогтоолын төсөлд 3 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ. Уг заалтад Малчдын орлогыг нэмэгдүүлэх, ноолуурын салбарын дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай. 

Нэгдүгээрт:ноолуурын түүхий эдийн нөөц бүрдүүлэх, ноолууран бүтээгдэхүүнийг экспортлохтой холбогдуулан ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчид хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагааг яаралтай зохион байгуулах;

Хоёрдугаарт:ноолуурын экспортыг дэмжих чиглэлээр ноолуурыг бүх хилийн боомтоор саадгүй нэвтрүүлэх, холбогдох хураамжуудын хэмжээг тэглэх асуудлыг шийдвэрлэх;

Гуравдугаарт: малчдын орлого болон үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор ноолуурын килограммын суурь үнэ дээр нэг килограмм тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг малчин бүрт олгох;

Дөрөвдүгээрт:ноолуурын зах зээлд өрсөлдөөнийг бий болгох, бодит үнэ тогтоох зорилгоор гадаад улсын худалдан авагч нарыг ноолуур бэлтгэх үйл ажиллагаанд татан оролцуулах ажлыг шуурхай зохион байгуулах хэмээн тусгасан байлаа. 

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатын төслийн 2 дугаар зүйлийн 6 дахь заалтыг “төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад зориулсан ипотекийн зээлийн шинэ бүтээгдэхүүн гаргах хүрээнд түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны тусгай хөтөлбөр гаргаж, хэрэгжүүлэх, орон сууцны ипотекийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх” гэж өөрчлөн найруулах,  мөн "Улсын Ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар банкны эрх авагч нартай хамтарсан ажлын хэсэг байгуулж, татан буугдсан банкны чанаргүй активыг шуурхайг барагдуулах, төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгө болон улсын орлогод хураагдсан эд хөрөнгөөс олсон орлогыг эдийн засгийн эргэлтэд оруулж, эмнэлэг, сургууль улсын хэрэгцээнд ашиглах” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр энэ саналд "шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжиж ирсэн эд хөрөнгө " гэж нэмж, өөрчлөн найруулах санал гаргасан.

Харин Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын зүгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

“Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616659
0 эможи

keyboard_arrow_up