Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Ганбаатар: Жижиг, дунд үйлдвэрлэгчид бизнесийн салбарын эрх ашгийг хамгаалахын төлөө үргэлжлүүлэн ажиллана

2020 оны 6 сарын 30

Arslan.mn

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатартай ярилцлаа.

-Хоёр дахь удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, ялалт байгууллаа. Энэ хоёр сонгуулийг харьцуулахад иргэд, сонгогчдын уур амьсгал, сонгуулийн үйл явц зэрэгт хэр их өөрчлөлт гарсан байна вэ. Та юу гэж ажиглав?

-Энэ удаагийн гол онцлог нь Монгол Улсын хамгийн том тойрогт өрсөлдсөн явдал байлаа. Баянгол дүүргийн МАН-ын дарга учраас би багаа удирдаж орсон. Бүх зүйл эрс, тэс өөр байлаа. Ирж байгаа ачаалал, хүмүүсийн хүлээж авч байгаа байдлын хувьд ч тэр. Судалгаагаар миний танигдалт 70-аас дээш хувьтай байсан бол 2016 онд маш бага буюу 40 хүрэхгүй хувьтай байлаа. 2016 онд би голцуу өөрийгөө хэн бэ, юу хийж байсан бэ гэдгээ ярьсан бол энэ удаад ирээдүйд юу хийх талаараа ярилаа. Баянголынхон ч надаас үүнийг хүлээсэн.

-Баянгол дүүргийнхэн таныг юуг өөрчлөөсэй гэж хүсч байна вэ?

-Нэгдүгээрт, нийгмийн шудрага ёсыг хүсч байна. Энэ нь хүмүүсийг барьж, хорьж шоронд хийхийг хэлж байгаа юм биш. Өглөөнөөс орой хүртэл борви бохисхийлгүй ажиллаж байхад амьдрал нь дээшилсэн ч юмгүй өрнөөс, өрний хооронд байгаа хүн бий. Нөгөө талд ажил гэж хийсэн юмгүй ч хүний арга эвийг олж илүү амьдраад байгаа нэгэн байдаг. Энэ бол энгийн хүний хувьд шудрага бус байдал. Улстөрчдийн тухайд томоохон залилан, луйвар хийсэн ч торгуулж, 14 хоног шоронд суусан болоод өнгөрдөг. Энэ мэт шудрага бус асуудалд цэг тавих ёстой. Энэ бол байж болшгүй зүйл.

Хоёрдугаарт, иргэд ипотекийн зээл, зээлийн хүүгийн дарамтад орсон. Би өөрөө эдийн засагч мэргэжилтэй, бизнесийн салбарт ажилласан туршлагатай хүн. Мөн Эдийн засгийн байнгын хорооны дарга. Тэр ч утгаараа надад ирж байгаа санал хүсэлтийн дийлэнхийг ипотекийн зээлийн хүүг буулгах асуудал эзэлж байна. Үүнээс гадна зам харгуй засах, хүүхдийн тоглоомын талбайтай болгох, орон сууцны дулаалга хийх хүсэлтүүдийг тавьсан. Эдгээрт чиглэж ажиллах ёстойгоо сайн ойлгож байна.

-МАН мөрийн хөтөлбөртөө ипотекийн зээлийн хүүг бууруулна гэж тусгасан. Ажил хэрэг болж чадах болов уу?

-Амласан, хийх ёстой. Та бүхнийг ч мөрийн хөтөлбөрийн биелэлтийг шахаж ажиллаасай гэж хүсэх байна. Ипотекийн зээлийн хүүгийн тухайд буурах боломжтой гэж үздэг хүний нэг нь би. Энэ талаараа ч олонтаа ярьж байсныг та бүхэн мэдэх байх. Энэ асуудалтай холбоод хэлэхэд манай улсад эдийн засгийн хөгжлийг хариуцсан яам дутагдалтай байгаа. Ард түмний амьжиргааг дээшлүүлэхэд анхаардаг, бизнесүүдийг дэмждэг төрийн захиргааны төв байгууллагатай байх хэрэгтэй юм. Үндсэн хуульдьдаа ч энэ талаар тусгаж, Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яамтай болохоор болсныг зөв зүйтэй гэж харж байгаа.

-Та өнгөрсөн дөрвөн жилд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн асуудлыг ихээр хөндсөн. Энэ удаад ч тэдний эрх ашигт нийцсэн зүйлсүүдийг ярьж, хэлж явах уу. Цаашдаа энэ салбарт ямар өөрчлөлтүүд бий болох ёстой гэж харж байгаа вэ?

-Жижиг, дунд үйлдвэрийн талаар ярьдаг хүн олон болж. Сая сонгуулиар бараг бүгд л энэ салбарыг ярьж байгаа харагдана. Зөвхөн уул, уурхай, гадаад харилцаа, геополитик ярьдаг хүмүүс хүртэл энэ салбарыг ярилаа. Үүнээс жижиг, дунд үйлдвэрлэл гэдэг Монголын ард түмнийг авч явж байгаа салбар мөн гэдэг нь харагдаж байгаа юм. Жижиг, дунд үйлдвэрлэл Монгол Улсын ирээдүйн хөгжлийн тулах цэг мөн. Энэ цэг байхгүй бол 800 мянган ажилгүй болно. Уул, уурхай газар тариалан, төрийн байгууллагын аль нь ч тэр 800 мянган хүнийг ажлаар хангаж чадахгүй. Энэ хүмүүсийн ажил тогтвортой байж гэмээнэ Монгол Улсын аж амьдрал тогтвортой байна. Тиймээс энэ салбарыг бодлогоор дэмжиж, зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах хэрэгтэй. Бүр болохгүй бол захиргаадалтын арга хэмжээ авах ёстой. Үүнийг ч би өмнө нь хэдэнтэй ярьж байсан. Тэгэхгүй бол бизнес эрхлэгчид жижиг, дунд бизнес эрхэлж байгаа нэртэй ч олсон бүхнээ зээлийн хүүд өгөөд дуусч байгаа. Тэд энэ бүхнээс дүгнэлт хийгээд компанид орж ажил хийсэн нь эсвэл “цүнх барьсан” нь дээр юм байна гэж боддог. Ингэж хүмүүсийн сэтгэлийг мохоож байгаа нь өөрөө Монголын ирээдүйг үгүй хийж байна.

Мэдээж би ирэх дөрвөн жилд жижиг, дунд үйлдвэрлэгчид, бизнесийн салбарын эрх ашгийг хамгаалахын төлөө үргэлжлүүлэн ажиллана. Хүчтэй дуу хоолой нь байна. Би асуудлыг попорсон маягаар ярихгүй, хүнд таалагдах байдлаар явахгүй. Гагцхүү шийдэх боломжийн тухай л ярина. Зааланд дэмжигдэж, төрийн бодлогод сууж, ард иргэдэд нийцэх ёстой гэх зарчмыг л барина.

-Хэрэв сайд болох санал ирвэл та хэрхэх вэ?

-Хэлж мэдэхгүй байна. Нэгдүгээрт, намын бодлого шийднэ. Хоёрдугаарт, УИХ дотороос дөрвөн сайд л сонгогдох боломжтой. Гэхдээ энэ асуудлуудыг ярихад арай эрт байна.

-Анхдугаар чуулган тун удахгүй хуралдаж, Засгийн газраа бүрдүүлж, УИХ-ын даргаа сонгоно. Байнгын хороодын дарга нарыг ч томилно. Одоогоор ямар таамгууд хөвөрч байна вэ?

- Манайх дотороо олон фракцтай нам биш шүү дээ. Хуваагдлаа ч нэг зангилаан дотороо амархан орчихдог. Үе дамжиж ирсэн хүмүүжил, эв нэгдэлтэй нам юм. Яахав дотороо янз бүрийн таамгууд байх шиг л байна. Одоохондоо энэ буруу, энэ зөв гэж ярих нь утгагүй.

-Энэ удаагийн сонгуулийн үр дүнтэй нэр дэвшсэн бие даагч, нам, эвсэлүүд шудрага бус болсон гэж буй. Та үүнд юу хэлэх вэ?

-Хар машин зөв тоолдог гэдгийг бүгд мэдэж байсан байх. Нэг хүн гурван хүн дугуйлаад санал нь гурав болно гэдгийг ч бүгд мэдэж байсан болов уу. Тэрийг мэдэхгүй хүн байдаг гэдэгт би итгэхгүй байна. Хүмүүсийг попрох дуртай байна л гэж би харж байгаа. Шулуухан хэлэхэд зүгээр ч нэг буугаад өгчихмөөргүй байх шиг. Гэхдээ ийм үйлдлүүд хол явахгүй л дээ. Монголын ард түмэн үүнийг ялгаж салгахтайгаа гэж бодож байна. Монголын ард түмэн ухаантай гэж хэлсэн нь оргүй хоосон үг биш. Тэд хэн биднийг төлөөлж чадах вэ, хэн ажил хийх вэ гэдгийг харж чаддаг болчихсон. Худал цуурхалд автдаг цаг ард хоцорсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс ч тэр олон гоё мэдээлэл өгч байгааг нь гэхээсээ илүү баттай үнэн зүйлийг ярьж байгааг нь хардаг, сонсдог болчихсон. Хэн ч эргэлзээтэй, худал мэдээллийг харж цагаа бармааргүй байна шүү дээ.

-Дэлхийн цөөхөн улс оронд хэрэглэгддэг сонгуулийг тогтолцоог ашигласнаар нийт ард түмний 30 хувийн санал авсан МАН төрийн эрхийг авлаа гэж шүүмжилж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?

-Дэлхийд байдаг л тогтолцоо шүү дээ. Өөр ямар ч тогтолцоогоор гарч ирсэн байлаа биднийг шүүмжлэх нь тодорхой. Шүүмжлэхгүй байна гэж огт байхгүй. Жишээ нь, пропорцианаль системээр сонгууль явуулсан бол бүр хүлээн зөвшөөрөхгүй. Намын нэрээр дулдуйдаж хулгайч, луйварчид нь гарч ирлээ гээд ёстой босоод ирэх байх шүү. Энэ тогтолцоо үнэхээр л тийм. Тиймдээ ч би пропорцианаль тогтолцоонд дуртай биш. Мажоратори тогтолцоог ч мөн төсвийг мөнгийг олон жижиг тойрогт хувааж, улсын орны хөгжилд чөдөр тушаа болдог гэх зэргээр ч шүүмжилдэг. Энэ сонгуулийн тогтолцоо харин ч дундын хувилбар. Харин ч ард түмэн дүнгээ тавьлаа. Надтай санал нийлэх, нийлэхгүй хүн байгаа л байх. Гэхдээ “Ардчилал гэдэг хамгийн муу юм. Гэхдээ бидэнд одоогоор өөр сайн хувилбар алга байна” гэдэг дээ.

Ер нь сонгууль гэдэг дайн тулаан биш. Ялсан нь уруй дорой царайлж ялсан нэгнийгээ элдэвлээд байх шаардлага байхгүй. Ялсан нэг нь дайснаа дарчихсан мэт баярлаж гүйгээд байх ч шаардлагагүй, амлалтаа биелүүлж, намынхаа бодлогыг хэрэгжүүлээд л явах ёстой.

О.Ариунцэцэг

Эх сурвалж: "Өдрийн сонин"

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618285
0 эможи

b
2020-06-30 23:41
ymarch vnen vg heldiiin ard tvmeneee toriiin ner zvvvsen luiwarchdaaas hamgaaalaasaidaaaa
Зочин
2020-06-30 19:32
Зочин
2020-06-30 17:54
эрх мэдлээрээ зээл авсан өмнөх ИХ-н ЯЛТАНГУУДАА шоронд явуулаач. мөнгийн бүрэн төлүүлж хүүг нь 40%-р буцааж авах ёстой
keyboard_arrow_up