ЧУУЛГАН: Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэнэ
Энэ долоо хоногт УИХ дахь намын бүлгүүд, байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг баталжээ. Уламжлал ёсоор даваа гарагт намын бүлгүүд хуралдах бол мягмар гарагт Төсвийн байнгын хорооны гишүүд Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газарт ажиллахаар төлөвлөж байна. Лхагва гарагт Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх нь” сэдэвт Нийгмийн бодлогын байнгын хорооны хэлэлцүүлэг “Их Эзэн Чингис хаан” танхимд болох юм.
Энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хэлэлцүүлэг үргэлжилнэ. Үүнээс гадна Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга,Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.