Улаанбаатарт гацсан орон нутгийн иргэдийг 12-р сарын 1-н гэхэд хотоос гаргана
Бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбогдуулан орон нутгаас Улаанбаатар хотод ирээд хөл хорионд орсон иргэдийг 12 дугаар сарын 1 гэхэр орон нутаг руу нь буцаана гэж Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар хэллээ.
Тэрбээр “Улаанбаатар хотод хөл хорионд орсон хөдөө орон нутгийн иргэдийн асуудлаар судалгаа хийсэн. Орон нутгийн иргэдийг 119.mn апплэйкшнээр бүртгээд тодорхой асуумж авч, шинжилгээнд хамруулаад буцаана. Улаанбаатарт гацсан орон нутгийн иргэдийг 12 дугаар сарын 1 гэхэд хотоос гаргана.
21 аймгаас 7497 хүн самранд явсан байна. Нэр усаараа цагдаагийн байгууллагад бүртгэлтэй байна. Өнөөдрийн байдлаар 1600 орчим иргэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт бууж ирсэн байна. Хүдэр сумын нутаг 682 иргэн бууж ирсэн байна. Нэг бүрчлэн бүртгээд тоо гарсан. Өнөөдөр түргэвчилсэн шинжилгээ хийгээд орон нутгууд руу явуулж байгаа. Өнөөдөр Улаанбаатарт 600 гаруй хүнийг галт тэргээр татаж байгаа. Дархан, Сэлэнгийн иргэдийг мөн нутаг буцаана. Энэ хүмүүсийг тодорхой газар тусгаарлана" гэлээ.