Ч.Хүрэлбаатар: Бусдаас урьтаж, богино хугацаанд коронавирусийн эсрэг вакцин авах гээд бүх бололцоогоо дайчилж байна
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж "Он гарахад дэлхийн бүх улс орон коронавирусийн эсрэг вакцинаа хийлгэчихсэн, Монгол ганцаараа үлдчихсэн байх вий. Монгол иргэдийг авах орон олдохгүй.
Томуугийн вакцинд 30 тэрбум төгрөг тавьчихаад өөрөөр яриад байх юм. Айдас дунд иргэд хашигдчихсан энэ үед дархлаажуулалтын ажлыг хурдан хийх ёстой байхад хэдэн хөрөнгө оруулалтаа хамгаалаад сууж байгаад харамсаж байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Энэ жилийн төсөвт 31 тэрбум төгрөг, ирэх жил 24 тэрбум төгрөг вакцинд тусгасан байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангийн Эрсдэлийн сан гэж байгаа. Вакцины хувьд ийм хоёр эх үүсвэр бий. Дээрээс нь Дэлхийн банканд хандаж байна. Вакцины хүрээнд тусалж байсан газруудаа харлуулмааргүй байна.
Коронавирусийн эсрэг вакциныг баян орнууд түрүүлээд захиалга өгөөд авчих боломжтой. Тэгэхээр энэ захиалгаас хоцрохгүй байхын тулд Дэлхийн банканд хандсан.
Дэлхийн банк санаачлагчийн нэг учраас тус банкнаас мөнгө авбал худалдан авалт дотор Монгол ороод вакцин авчих боломж бүрдэж байгаа юм. Хоёр, гурван сарын өмнө бусдаас урьтаж, богино хугацаанд коронавирусийн эсрэг вакцин авах гээд бүх бололцоогоо дайчилж байна." хэмээлээ.